Б.БАРС

Нацист Герман болон түүний холбоотнуудын эсрэг нэгдсэн “Их гурвал” буюу АНУ, ЗХУ, Их Британийн төрийн тэргүүн Ф.Рузвелт, И.Сталин, В.Черчилл нарын анхны түүхэн уулзалт 1943 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Ираны нийслэл Тегеран хотноо эхэлжээ. Уулзалтаар АНУ, Их Британи нацист Германы эсрэг хоёрдугаар фронтыг Францад нээх хугацаа, Германыг бут цохисны дараа ЗХУ Японы эсрэг дайн зарлах тал дээр эцэслэн тохиролцжээ. “Их гурвал” түүнчлэн дайны дараах дэлхийн хэв журам, НҮБ-ыг үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэж чадсан гэдэг. Тегераны уулзалтаар гурван гүрэн Германы эсрэг хүч хавсрах бо­лон дайны дараа хамт­ран ажиллах тухай тун­хаглалыг баталсан юм.

Уулзалт болох газрыг эхнээс нь чандлан нууцалж байсан ч Германы тагнуулын алба энэ тухай мэдэж, оберштурмбанфюрер О.Скорценийн удирдлага дор гурван гүрний удирдагчдыг устгах “Алсын харайлт” нэртэй нууц ажиллагаа боловсруулсан байдаг. Гэвч гурван гүрний зохих албад хамтран уулзалт болсон гурван өдрийн турш Тегеранд хөл хорин танк, явган цэрэг бүхий гурван түвшний хамгаалалтаар бүчсэнээс гадна Германы 400 гаруй тагнуулчийг саатуулсан ажээ.

1660 ОН

“Шинжлэх ухааныг шимтэн сонирхогчид” нэртэй Лондоны дугуйлангийн 12 эрхэм гишүүн “Nullius in vеrba” буюу “Баримтгүй үгэнд итгэхгүй” уриан дор “Физик математикийн мэдлэгийг хөгжүүлэх зөвлөл” гээчийг үүсгэн байгуулжээ. Тус зөвлөл Хожим Эзэн хааны Лондоны нийгэмлэг болсон тус зөвлөлийг анхны шинжлэх ухааны академи гэж үздэг юм байна.

1880 ОН

Оросын яруу найргийн “мөнгөн үе”-ийн төлөөлөгч, 1917 оны Октябрийн хувьсгалыг анхнаас нь дэмжсэн алдарт уран бүтээлч А.Блок мэндэлжээ.

1881 ОН

Австрийн нэрт зохиолч Стефан Цвейг төржээ.

1990 ОН

Төмөр хатагтай хэмээн алдаршсан Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд М.Тэтчер огцорчээ. Тэрээр 1979 оноос эхлэн 11 жилийн турш Их Британийг тасралтгүй удирдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин