С.УЯНГА

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяртай ярилцлаа.

-Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал эмхлэн байгуулагдаад ямар ажил хийв. Ирэх дөрвөн жилдбаримтлах гол бодлого юу байна вэ?

-2016 оны УИХ болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ард түмний сонголтоор МАН олонх болж бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны хуралдаанаа долдугаар сарын 5-нд хийж, ажилдаа орлоо. Аймгийн ИТХ-ын 41 хурлын төлөөлөгчийн 25 нь МАН, 16 төлөөлөгч АН-аас сонгогдон ажиллаж байна. Хороодын бүрэлдэхүүнд бүх төлөөлөгчөө оролцуулж ажиллуулж байна. Аймгийн ИТХ богино хугацаанд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Мөн аймгийн иргэдийн хурлын дэргэдэх хороодыг байгуулж ажилд нь оруулаад байна. Үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд рүү чиглэсэн тэрдундаа иргэдийн амьдралд бодит өөрчлөлт, ахиц дэвшил гаргах зорилгыг баримталсан. Аймгийн ИТХ ээлжит бус хурлыг гурван удаа хуралдуулж 51 асуудлыг хэлэлцэж 49 тогтоол гаргалаа. Аймгийн Засаг даргад хандаж хяналтад авсан 22 тогтоол бий. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас 19 хөтөлбөр, долоон төсөл батлуулж хэрэгжүүлэхээр тусгасан. Шинэ хөдөө, Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, Сурагч бүр сурах бичигтэй, Хос бичигтэн, Элэг бүтэн Баянхонгор, Агаар хөрсний бохирдлыг бууруулах, Ахмадаа ачлая зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Хуримтлалтай хонгорчууд, Нэг уурхай хөтөлбөрийг иргэдийн саналыг нэлээдгүй сонсч судалсны үндсэн дээр ажил хэрэг болгож ажиллахаар батлууллаа.

-Иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит өөрчлөлт оруулж, нөлөөлөх ямар ажил төлөвлөсөн бэ?

-Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийг олноор барьж өрхийн үйлдвэрлэлийг дэмжихээр тусгасан. Баянхонгор аймагт 2012-2016 онд аймгийг хөгжүүлсэн бүтээн байгуулалт цөөнгүй хийгдлээ. Аймаг орон нутгийн өнгө үзэмж сайжирсан байна. Харин иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьдралд тэр бүр анхаарахгүй байшин барилга тал руугаа их ач холбогдол өгсөн юм шиг санагдлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч байна. Мөн бэлчээрийн даац аймгийн хэмжээнд хүндрэлтэй байна. Чанар муутай олон тооны мал биш таваарлаг өндөр ашиг шимтэй цөөн малыг илүүд үзэхийг чухалчилж байна. 100 ямаанаас 20 литр сүү сааснаас сүүний үйлдвэрийн 3-4 үхэр саасан нь цаг завыг хэмнэнэ. Цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа учраас цөөн малыг арчилж хоргодолгүй онд оруулах боломжтой. Мөн малыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч байна. Манай аймаг баруун бүсдээ эрүүл бүсийн тоонд ордог байсан ч саяхан шүлхий өвчин гарснаас болж махыг экспортлох боломж тааруу байна. Хятадын  мужид мах нийлүүлэх гэрээнд манай аймаг гарын үсэг зурсан байсан ч өвчин гарсантай холбогдуулан гэрээ цуцлагдсан. Нөгөөтэйгүүр малчид халдварт өвчин гарсан зүүн бүсээс мал их оруулж ирж байна. Хурдан удмын адуу, үхрийг шинжилгээнд хамруулахгүйгээр оруулж ирж байна. Тиймээс аймгийн хэмжээнд судалгаа гаргаж цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн газартай хамтран ажиллах шаардлагатай байна. Малаа эрүүлжүүлээд, чанаржуулаад явах юм бол хоёр хөрш рүү мах гаргаж малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Малын гаралтай  бүтээгдэхүүнийг төслийн шугамаар борлуулахад дэмжиж дотоодын зах зээлийг хамгаалахад ирэх жилүүдэд бодлого гаргаж дэмжиж ажиллахаар зорьж байна.

-Аймгийн төсөв ямар төсөөлөлтэйгээр батлагдав. Бүтээн байгуулалт бага хийх бол иргэд рүү чиглэсэн ажилднэлээдгүй мөнгө зарцуулах уу?

-ИТХ-ын хуралдаанаар  аймгийн төсвийн тодотголыг баталлаа. Ер нь өнгөрсөн гурван жилийн өрийг дарахад анхаарал хандуулж байна. Өмнөх удирдлагуудын  тавьсан хоёр тэрбум гаруй төгрөгийн өрийн  300 саяыг эхний ээлжинд төлөхөөр боллоо. Тухайлбал, 2014 онд гэрээ нь байгуулагдсан 2.28 тэрбум төгрөгийн  төсөвт өртөгтэй аймгийг тойрсон засмал зам. Өнгөрсөн хоёр жил мөнгө нь батлагдсан мөртлөө энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас 393 сая төгрөг, аж ахуйн нэгж байгууллагуудаас 218 сая төгрөг баталсан. Үлдэгдэл нь 1.6 тэрбум төгрөг байх жишээний. Мөн аймгийн Мазаалай паркад өнгөрсөн хоёр жилд 719 сая төгрөг, энэ онд 890 сая төгрөг баталж тодотголоор оруулсан ч нийт өртөг нь тэрбум гаруй төгрөг. Үлдэгдэл 250 гаруй сая төгрөг. Энэ мэтээр өмнөх үеийн өрийг дарж төсвөө эрүүлжүүлээд явж байгаа нь сайн талтай боловч шинээр ажиллаж байгаа Засаг дарга, ИТХ-ынхан бүтээн байгуулалт зэргээр олон ажил хийхэд сөрөг талтай. Төрийн залгамж халааны үндсэн дээр өмнө хийж байсан сайн ажлуудыг үргэлжлүүлнэ. Хууль зөрчсөн саар зүйлүүдийг засч, арга хэмжээ аваад явна.

Төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хассан. Улс орон нутгийн хөгжлийн санд тодотгол хийж тус сангаас  944.1 тэрбум төгрөг хассан. 4.7 тэрбум төгрөг болж буурсан. Эндээс үүдэж орж ирнэ гэж төлөвлөн хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтыг ААН, компаниуд авч чадахгүй нөхцөл байдалд хүргэж байгаа учраас бид ямар ч байсан 770 гаруй сая төгрөгөөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ шаламтай холбоотой борлуулалтаас орж ирж байгаа орлогоос 400 орчим сая, урьд онуудад жижиг, дунд үйлдвэрлэлд зээлээр олгосон мөнгөний эргэн төлөлтөөс 215 сая төгрөг оруулж байна. Дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас 125 сая төгрөгийн дэмжлэг авч дээрх санд төвлөрүүлсэн. Энэ мөнгөнөөс өмнө үүсээд байсан 300 сая төгрөгийн өрийг дарлаа. Үлдсэн 400 гаруй сая төгрөгөөс өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 100 сая төгрөгийг тодотголоо. Хүн амьдрахад бэрх болсон таван байрны орцыг сонгож нийтдээ 45 сая төгрөгийн хөрөнгө суулгаж засварлуулахаар боллоо. Төрийн албан хаагчдын зургаан давхар 45 дугаар байр гэж бий. Дээврээсээ ус гоождог, доор нь бохир нь хальчихсан байсан учраас оршин суугчдынх нь хүсэлтээр 65 сая төгрөгийн засвар үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Багуудын эмч нар иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй болсон байна. Морь тэмээгээр явж байгаа учраас нэн шаардлагатай байгаа хоёр багийн эмчийн унааг шийдэхэд 18 сая төгрөг шийдвэрлэлээ.

-Хууль зөрчсөн зүйл гэхээр өмнөх дөрвөн жилд хийсэн төслийг шалгана гэсэн үг үү?

-Төсвийн мөнгийг шамшигдуулах зэрэг хууль бус зүйлийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж байна. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн хэд хэдэн төслийг шалгаж байна. Тухайлбал, 700-800 сая төгрөгөөр хийж болох ажлыг 1.8 тэрбум зэргээр хэд нугалсан төсөвтэй паркын төсөл байна. Бодит бүтээн байгуулалт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Төслүүд дээр ажилласан иргэд цалингаа аваагүй, замын бүтээн байгуулалтад ус зайлуулах хоолой, үерийн далан шуудуу татаагүй, зураг төсөл батлагдаагүй зэрэг иргэд санал гомдол мэдүүлж байгаа асуудал цөөнгүй байна.

-Та саяхан хангайн сумдад ажиллаад ирсэн гэсэн. Иргэдийн зүгээс ямар санал хүсэлт тавьж байна вэ.Иргэдийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэв?

-Хангайн бүх сумдад ажилласан. Ажилтай, орлоготой болгож өгөх хүсэлт, малын түүхий эдийн үнийг өсгөх саналыг иргэд хэлж байна. Малчдын ихэнх нь зээлтэй байгаа учраас оюутны сургалтын төлбөрийг төлж чадахгүй байгаа. Мөн сүүлийн үед яригдаад байгаа хүүхдийн мөнгө, малын татвар, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг асуудлыг их асуулаа. Хүүхдийн мөнгийг хэвийн хэмжээнд өгнө, төрийн албан хаагчдын тэтгэмж буурахгүй гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Малчидтай өвөлжилтийн бэлтгэл хангах, малын үржил селекцийн тал дээр санал солилцлоо.

-Аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгийг хэдэн өрх авч байгаа вэ. Мөн Хүүхэд харах үйлчилгээ ирэх оноосзогсох уу. Ямар байр суурьтай ажиллах бол?

-Хүүхэд харах үйлчилгээгээр аймгийн хэм­жээнд нэлээд олон иргэн ажлын байртай бол­сон. Мөн цэцэрлэг хүрэл­цээгүй 200 гаруй хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан. Хүүхэд харах үйлчилгээг үргэлжүүлэх хүсэлтээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад албан бичиг явуулсан. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хангайн сумдад ажиллах үеэрээ хүүхэд харах үйлчилгээтэй танилцаж үргэлжлүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Аймаг орон нутаг ч дэмжиж байгаа. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагуудын ашиглаагүй орон сууцыг тухайн хороо багуудын хүүхдийг өдөр өнжүүлэх зэргээр цэцэрлэгт хамруулах талаар санаачлага гаргаж ажиллаж байна. Үндсэн чиглэлийн төлөвлөгөөгөө батлахдаа төсвөө дахин харж Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах болно.

-Баянхонгор аймаг уул уурхайн компани олонтой. Тэр хэрээрээ асуудал дагуулдаг. Уул уурхай, цаашлааднөхөн сэргээлтийн тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нэг уурхай, нэг үйлдвэр” хөтөлбөр тусгасан. Хариуцлагатай уурхай ажиллуулна. Бичил уурхай эрхлэгчдийг дэмжих Засгийн газрын журам бий. Өнгөрсөн дөрвөн жилд уур уурхайн улмаас эвдэрч сүйдсэн газар аймгийн бараг бүх сумдад аюулын харанга дэлдэж байна. Багийн иргэдийн өвөлжөө бууц эвдсэн, нөхөн сэргээлт нэрээр шинээр газар ухсан асуудал их байна. Үүнд мэргэжлийн байгууллагуудын хэд хэдэн удаагийн шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоох тал дээр ажиллаж байна. Ирэх жилүүдэд эвдэрсэн газаргүй Баянхонгор  төслийг хэрэгжүүлэхээ Ерөнхий сай­дад уламжилсан. Улсын хэмжээний тэргүүн туршлага болж бусад аймгууд туршлага судалж даган дуурайдаг болтол ажиллана гэсэн са­налыг Ерөнхий сайд дэмж­сэн. Эвдэрсэн газруудыг тоолж, сумдын иргэдээр хэлэл­цүүлж журам боловсруулж батлуулна. Нөгөө талаар газрын баялгийг ашиглаж эргэн нөхөн сэргээлт хийх, ашиглалтын лицензтэй компаниудаас орон нутагт  орлого төвлөрүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарна. Германы хамтын  ажиллагааны төсөлтэй хамтарч Галуут суманд уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулж уул уурхайн компаниудтай тухайн сум багийн иргэд хамтарч ажиллах ямар боломж байгааг ярилцсан. Нарийн мэргэжил шаардахгүй ажилд сум багийн иргэдийг авч ажиллуулах, ажлын хувцсыг өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс оёж өгөх, сүү цагаан идээ, махыг иргэдээс худалдан авах чиглэлийн асуудлыг ярилаа. Төмс ногоо тарьж байгаа иргэд ч ургацаа уурхайд нийлүүлэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин