Ч.ГАНТУЛГА
Дөнгөж үүр гэгээрч, нарны хурц туяа харанхуйг зүсч, алтан шаргал цацрагаараа нүд гялбан төөнөхөд бид хэдийнэ аян замдаа гарчихсан байлаа. Хязгаар нь харагдахгүй дардан замаар нууцхан хүслээ сэтгэлдээ тээгээд, тэртээ алсыг харж явах сайхан. Хажуугаар нь хамт олноороо хөгжилдөж, хэн нэгнийгээ цаашлуулж, цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй, дуутай хууртай аяны замд олуулаа явж байгаад сэтгэл бас хөөрөх.
Хажуугаар өнгөрөх машин, салхины сэрчигнэх чимээг ч сонсох завдалгүй, зөвхөн бодол сэтгэл, хүсэл мөрөөдөл, зорилгоо төвлөрүүлэн амьд бурхан Итгэлт хамбын нутгийг зорьж яваа минь энэ.
“Зууны мэдээ сонин”-ы хамт олон Монголын аялал жуулчлалын томоохон төлөөлөгч “Нью жуулчин турс” компанийн хамт олонтой ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу хоёр шөнө, гурван өдрийн аялалд гарлаа. Аялал Улаанбаатар хотын төв цэгээс өглөөний 06:00 цагт эхэлсэн.
Байгаль дэлхий биднийг ивээж, цаг агаар хүртэл тогтуухан. Замын туршид биднийг “Нью жуулчин турс” компанийн аяллын хөтчийн сонирхолтой яриа хөтөлж байв. Тэрээр бидэнд замын турш сонирхолтой түүх хүүрнэх нь мэдлэгт бас нэмэр болох аж. Тухайлбал, Дархан хот нь хүн амын суурьшлаараа хоёрт жагсдаг юм байна. Дарханд алдарт “дүүжин гүүр”, “Бурхантай хөшөө” гээд үзэх юм их бий гэдгийг онцлоод, эндээс хамгийн их Хүннүгийн үеийн булш олдсон тухай ярьж байна. Дарханчуудын өөр нэг бахархал нь сүлд дуу нь гэж тэрээр тайлбарлав.
“...Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд
Үүрийн цагаан цолмон гялбааж
Үйлдвэр уурхайн яндан хүжлэх
Үлгэрийн сайхан хот байдаг юм...” гээд л. Энэ дууны үгийг Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж зохиосон бол аялгууг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав бичжээ. Монголын урлагийн хоёр багана болсон эрхэмийн зүрх сэтгэлээс ундарсан учир энэ дуу дарханчуудын сэтгэлд ихэд үнэ цэнэтэй байдаг аж. Өдгөө “Залуусын хот” гэж нэрлэдэг энэ хотод хүн амынх нь 70 гаруй хувийг залуус эзэлдэг. Сэлэнгэ аймгийн нутаг руу ороход андашгүй ажээ. Алсад дөтлөх замын хажуугаар өндөр ургасан нарс мод сүндэрлэнэ. Хэдийгээр алтан шаргал навчсаа гээсэн ч үнэр нь хэвээрээ. Моддын анхилам үнэр цонхоор сэнгэнэх нь сэтгэлд нэг л таатай. Энэ үед “Сэлэнгийн буудай” дуу санаанд орж, аяланхан явав. Цэнгэг агаар, моддын үнэрээс цээж дүүрэн амьсгалаад зүрхнийхээ чанадад хадгалчихмаар ч юм шиг содон мэдрэмж төрөх аж.
Монголдоо газар тариалангаар тэргүүлдэг нутаг бол Сэлэнгэ аймаг. Сэлэнгэ мөрний хөвөөгөөр нүүдэллэн оршиж байсан эртний сурвалжит Монгол туургатан, овог аймгуудын буурал түүхээс улбаатай тус аймгийн үүсэл хөгжил, үзэсгэлэнт газруудын тухай урьд өмнө үзэж хараагүй, сонсож дуулаагүй хүн ховор биз. Тухайлбал, Төв Азид тэр дундаа Сэлэнгэ мөрний ай савд анхны хүний амьдрал эхэлснийг түүхийн шинжлэх ухаан нотолсон байдаг.
Орхон Сэлэнгийн савд эртний хүмүүс амьдарч байсны ул мөр эдүгээ ч бидэнд олдсоор байгаа юм. Жишээ нь, 1974 онд Шаамар сумын нутгаас олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд, одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх хүний яс мөн гэж тогтоосон байдаг. Мөн Сэлэнгэ, Хүдэр, Цөх, Бугантын голуудын сав газруудад балар эрт цагт хүмүүс амьдарч байсан буурь бууц, агуй олноор тохиолддог. Түүнчлэн 1920-1925, 1960-1964 онд явуулсан археологийн судалгаагаар Сэлэнгэ нутаг лав 8-10 мянган жилийн тэртээгээс газар тариалан эрхэлж байсныг нотолдог. Монголын ой моддын 40 гаруй хувь нь зөвхөн Сэлэнгэд ургадаг гээд тоочвол сонин хачин их. Байгалийн үзэсгэлэнт газруудыг зорьж ирдэг жуулчид ч цөөнгүй. Амарбаясгалант хийд, Сайханы хөтөлөөр нь аялагчид Сэлэнгийн тухай олон сайхан дурсамж, дурдатгал бичиж нийтэлсэн байдаг.
Буриадын нутаг руу ойртох тусам сэтгэл өөрийн эрхгүй догдлоно. Хамт олноороо хилийн дээс алхаж, ажил, амьдрал, үр хүүхэд, гэр бүл, аав ээжийнхээ ажил үйлс, эрүүл энх, саруул сайхныг даатгахаар зорьж яваа бид Алтан булаг боомтын бараанаар өөрийн эрхгүй өндөлзөж байв. Аян замдаа алжаалж ядраагүй учир сэтгэл нэг л өөдрөг. Хилд ойртох тусам Буриадын нутаг харагдана. Хилийн зурвасын цаанаас захаараа битүү ой нүдний өмнө туссан. Нүүдэлчин ард түмний нутаглаж ирсэн энэ газарт нь Чингис хааны үед Монголын эзэнт гүрний нэгэн хэсэг байсан гэдгийг та бид сайн мэдэх билээ. Тиймээс энэ нутгийн байгаль, эндэхийн хүмүүсийг олж харахсан гэх хүсэл сэтгэл дотор цухалзана. Дөнгөж ОХУ-ын хилээр орж ирэнгүүт, алтадсан суварган оройтой хоёр байшин харагдав. Эртний Оросын хийц, загвар бүхий тус байшинд юу байдаг бол гэсэн бодол сэтгэлд хөвөрч, илүү ихийг мэдэж авахсан гэж бодно.
Буриад бол дэлхийд эртний уламжлалаа авч үлдсэн цөөхөн орны нэг. Эртнээс нүүдэлчин Монголын газар нутаг байсан ч Оросууд 1648 онд анхны шивээгээ барьснаас хойш улам лавширсаар Буриад Монголыг эзэлжээ. Анх цэргийн хүчнийхэн болон худалдаачид амьдардаг байсан бол одоо Бүгд найрамдах улс болсон. Буриад улс анх Үд голын хөвөөнд 1666 онд үүсгэн байгуулагдсан. Үд гол нь Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар Байгаль нуурт цутгадаг. Харин хүн амын хувьд голдуу Орос, Буриад, Украйнчууд амьдардаг ажээ. Бидэнд ийн тайлбарласан хөтчийн яриаг сонсоод, эх орныхоо өөр нэгэн зурвас хэсэгт хөл тавьж байгаа юм шиг дотно мэдрэмж төрөв. Энэ өдөр Монголын хил дээр харьцангуй хүн багатай байсан юм. Ачаа тээшээ шалгуулчихаад бид цааш дөтлөв. Оросын хилээр ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн зөөж буй том машины цуваа тасрахгүй хөвөрнө.
САЙН БАЙНА УУ БУРИАД ЗОН МИНЬ
Хил гараад хэсэг явсны дараа өнөөх харах юмсан гэж бодсон суварга хэлбэртэй байшин үзэгдэнэ. Хил хавиар амьдрах айлууд ихэвчлэн байшинд амьдардаг юм байна. Тэдгээр байшингийн дунд танан цагаан өнгөөр гоёсон өнөөх байшин байв. Айлын орон сууц бололтой. Хашаанд нь суудлын тэрэг, хүүхдийн тоглоомын жижигхэн талбай харагдсан юм. Хэдийгээр байшингууд нь манай гэр хорооллыг санагдуулах ч хашаа бүрт мод тарьсан байв. Буриадууд экологийн байдалдаа ихээхэн санаа тавьдаг нь ажиглагдсан. Айл бүр хашаандаа хүнсний ногоо тарьж, онгон тансаг байгалиа хэвээр нь авч үлдэхээр хичээдэг юм байна. Мөн эртний хийцтэй, орос хэв маягийг илэрхийлсэн дүнзэн байшин хаа сайгүй харагдах нь орчин цагт моодонд орж буй “эко байшин” байх аж.
Буриад улс 21 аймагтай бөгөөд хиам, цөцгийгөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин байшин бүр нь дороо зоорьтой гэнэ. Аялах зам урт учраас бид цааш хөдлөв. Улаан-Үд хот хүртэл 200 гаруй километр үлджээ. Энэ хооронд өргөн цэлгэр зам, ойн төглөөр аялал маань үргэлжилсэн. Улаан-Үд хүрэх зам харьцангуй бартаа багатай, саруулхан байлаа. Зарим хэсэгтээ замын хоёр талаар битүү нарсан ой нөмөрнө. Мод бүхэн нь эгц дээшээ ургасан байв. Харин тэдний ёроолд цагаахан цасан ширхэг хунгарласан нь үзэсгэлэнтэй харагдуулж байна. Зөвхөн өндөр ургасан моддоос гадна ард иргэдийнх нь тарьсан зулзган модны жижигхэн мөчир нь цагаан цас, нарны туяанд гялбах нь хөөрхөн. Ийн орчноо ажиглах зуур хөтөч бидэнд Буриадын сонирхолтой түүх, содон зүйлүүдийн тухай ярьж өглөө.
Тус нутагт “Чимээгүй тосгон” гэж бий. Суурин газарт хэдхэн айл байна. Нам гүмхэн чимээгүй амьдрах тэд гэрээсээ зөвхөн хашаа хороо, байгаль орчноо цэвэрлэхээр гарч ирдэг ажээ. Бид тэр тосгоны хажуугаар өнгөрсөн. Үнэхээр нэрэндээ тохирсон чимээгүй хот юм. Дэлхийд чононоос айдаггүй ганцхан төрлийн нохой байдаг нь Буриадад бий. Бүр Итгэлт хамбын дацанд хүртэл нэг байдаг гэнэ. Монголоос уламжлан үлдсэн ан гөрөө хийхэд тус нохойг ашигладаг юм байна. Улаан-Үд ойртоход хамгийн их сонирхол татсан зүйл нь “лада” машин байв. Манай оронд явахаа болиод удаж байгаа, хаа нэг айлын хашаанд хүүхдүүд тоглоом болгон ашигладаг тус машин Буриадад замын хөдөлгөөнд оролцож, үйлчилгээнд явдаг ажээ. Мөн нийтийн тээвэрт нь трамвай үйлчилдэг юм байна.
УЛААН-ҮД ХОТОД ИРЛЭЭ
Урт холын аялал минь улам ч сонирхолтой болсоор бид Буриадын нийслэл Улаан-Үд хотын хамгийн том буудал болох “Бурятия”-д буусан юм. Хэдийгээр хол замыг туулж ирсэн ч нэг ч хүн ядраагүй, Улаан-Үд хоттой танилцахаар яарч байлаа. Хотын төв нь харьцангуй сийрэг, хөл хөдөлгөөн багатай юм. Гудамжаар нь ихэвчлэн орос гэхээс илүү оросоор ярьсан монгол хүмүүс явж байгаа юм шиг санагдлаа. Бидний удам угсаа нэг болоод ч тэр үү төдийлөн ялгараад байх зүйл алга. Харин хэл соёлын хувьд ихэнх нь Оростоо уусчээ. Өөр хоорондоо ихэвчлэн оросоор ярилцах аж. Буудлын өмнө “Сибирь” худалдааны төв байв. Мөн жижигхэн уушийн газар, хүнсний дэлгүүр, зоогийн газар харагдана. Харин дэлгүүрт нь орос үндэсний хувцас болон бэлэг дурсгалын зүйл байна. Энэ дэлгүүрээр ихэвчлэн жуулчид үйлчлүүлдэг аж.
Буриадын хамгийн алдартай газрын нэг бол Арбатын гудамж. Хамгийн эртний соёл, түүх уламжлалаа авч үлдсэн тус гудамжинд жуулчид очдог уламжлалтай. Арбат гэдэг нь Аравтын гэсэн монгол үгнээс гаралтай юм байна. Энэ гудамжинд бэлэг дурсгалын зүйл худалдаж авахаас гадна хөрөг зургаа зуруулж, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Гадаа сэрүү орсон болоод ч тэрүү биднийг очиход харьцангуй хүн багатай байсан юм. Хаа нэг модон сандал дээр залуучууд суучихсан хөгжилдөж харагдана. Харин намуухан хөгжмийн аялгуу ерөөсөө тасрахгүй юм. Хүмүүс эвэлсэн загасны хөшөөний хажууд зургаа татуулна. Хоёр талаараа бөмбөлөг хэлбэртэй гэрлэн чимэглэлтэй учир энд харанхуй болно гэж байхгүй. “Сэсэг” гэсэн худалдааны төвөөр орж сонирхлоо. Энэ долоо хоногт гутал 40 хувиар хямдарсан гэж худалдагч нь бидэнд хэлж байсан. Биднийг гарахад гудамжинд нэг өвөө суучихсан тоглоом тоглуулж байсан. Дээрээс нь давхарласан шилнүүдийг юмаар шидэж унагаах ёстой гэнэ. Хэдэн залуус тоглож харагдана лээ. Харин тэд монголчуудыг их л танимхайран “Монголиа нааш ир, нааш ир” хэмээн дуудах нь хөгжилтэй. Орост очсон хүн бүр үндэсний бэлгэдэл болсон матрёшка тоглоомыг авдаг уламжлалтай. Тиймээс Арбатын гудамжнаас жижигхэн улаан матрушка авлаа. Дэлхийд байхгүй хамгийн том толгой хэлбэрийн хөшөө Буриадад бий. Буриадын төв талбайд Ленин багшийн хөшөө байна. Ард нь тус улсын засаг захиргааны байр байрладаг юм байна. Төрийн далбаагаа бэлгэдэж, улаан, цагаан, хөх өнгийн гэрлээр чимэглэжээ. Талбай дээр нь нэг ч хог, чихрийн цаас байхгүй нь Буриад зон олныг ямар цэвэрч, нямбай хүмүүс болохыг илтгэж байв. Захиргааны байрны мэдээллийн самбарт энэ долоо хоногт болох үйл явдлын жагсаалтыг гаргажээ. Төв талбайн эсрэг талд театр байв. Харин түүний орой дээр цаг байрлуулжээ. Тэр цаг нэг цаг өнгөрөх бүрийд дуугарах юм. Биднийг очиход есөн цагийн харанга дэлдэж байлаа. Тиймээс маргаашийнхаа мөргөлд бэлдэхээр буудлынхаа зүг явав.
Үргэлжлэл бий.