Б.БАРС

Хуучин ЗХУ-ын агаараас хамгаалах хүчний пуужингийн цохилтоос сэргийлэхСерпухов-15” удирдлагын төвд 1983 оны есдүгээр сарын 26-ны шөнийн шуурхай жижүүрийн ээлжийн ахлагчаар дэд хурандаа С.Петров гарч байжээ. Гэтэл удирдлагын төвийн автомат систем АНУ-аас ЗХУ-руу тус бүр нь арван цөмийн толгой бүхий тив хоорондын таванМинитменбаллистик пуужин харвасан хэмээн түгшүүр зарлажээ.

Эгзэгтэй тэр мөчид С.Петров цөмийн дайнд эхний цохилтоор таван пуужин харвана гэдэг дэндүү бага тоо гэж үзээд түгшүүрийг хуурамч хэмээн толгой мэдэн эрсдэлтэй шийдвэр гаргасан аж. Түүний шийдвэр зөв байсан нь төдөлгүй батлагдаж, пуужингийн цохилтоос сэргийлэх автомат системд алдаа гарсан нь тогтоогджээ. Хэрэв С.Петров түгшүүрийг хуурамч гэж үзээгүй бол ЗХУ-аас АНУ руу хариу цохилт өгөн пуужингуудаа харвах байсан нь тодорхой.

Иймээс ч 2006 оны нэгдүгээр сард “Дэлхийн иргэдийн холбоо” олон улсын байгууллага хурандаа цолтой чөлөөнд гарсан түүнд дэлхийг тэр чигт нь устгах өргөн хэмжээний цөмийн дайнаас аварсан хэмээн “Дэлхийн бөмбөрцгийг хамгаалагч гар” шагналаа гардуулсан юм. Сэтгүүлчид С.Петровоос гаргасан шийдвэрийнхээ дараа шагнал, шийтгэлийн алиныг хүртсэн тухай сонирхоход тэрээр, “Тэгэхэд намайг шагнаагүй ч, бас шийтгээгүй. Эхэндээ төрийн өндөр шагналд нэр дэвшүүлнэ гэдэг байлаа. Дараа нь болсон явдлыг шалгасан улсын комисс миний үйлдлүүдийн зарим нь буруу байсан гэж тогтоосон. Учир нь тэр комиссийн бүрэлдэхүүнд системд алдаа гарсанд буруутай зарим хүн орсон юм билээ” гэжээ.

1371 он

Серб зэрэг Балканы хойгийн ард түмнүүдийн хамгийн эмгэнэлт үйл явдлы нэг болж, Черномен гэдэг газар болсон тулалдаанд Сербийн хаан Вукашины удирдсан 70 мянган серб, болгар, хорват, валах, унгар цэргүүд Туркийн армид бутцохигджээ. Үүнээс хойш Турк Балканы хойгийг түрэмгийлсээр тэр чигт нь эзлэн авч дарангуйлан захирсан билээ.

1889 он

Германы нэрт экзистенциалист философич Мартин Хайдеггер төржээ.

1916 он

Оросын халимаг гаралтай генерал Лавр Корнилов дэлхийн I дайны үед хөл гарандаа хүнд шархдан олзлогдоод Австрийн шоронд жил хагас хоригдсоныхоо дараа оргожээ. 1917 оны  долдугаар сард Оросын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсон тэрээр Октябрийн хувьсгалын дараа цагаантны хөдөлгөөнийг удирдан 1918 оны дөрөвдүгээр сард Екатеринодар хотыг довтлох үеэр амь үрэгдсэн билээ.

1957 он

Нью-Йоркийн “Winter Garden” театрт А.Лоренцийн жүжгээс сэдэвлэсэн найруулагч Л.Бернстайны алдартВестсайдын түүхмюзикл нээлтээ хийжээ. Тус жүжгийг 732 удаа тоглосон нь одоо ч гэсэн гайхамшигтай үзүүлэлт бөгөөд 1961 онд Холливудад кино болон гарчээ. “Вестсайдын түүхкиноОскар”-ын 10 шагнал гардан дэлхийн бүх цаг үеийн шилдэг мюзикл киноны нэг гэгддэг байна.

1981 он

АНУ-ын нэрт теннисчин эмэгтэй Серена Вильямс Мичиган мужийн Сагино хотод төржээ. Түүн шиг олимпийн наадам болон мэргэжлийн теннисийн Их дуулгын дөрвөн тэмцээнд нэг жилийн дотор дарааралан түрүүлжАлтан дуулгахүртсэн өөр теннисчин эрэгтэйчүүдийн  дунд ч байхгүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин