Т.БАТСАЙХАН

Сүхбаатар дүүргийн  Нийгмийн даатгалын газрын байцаагч  Н.Хүрэлбаатар тун өвөрмөц хоббитой.  Тэрээр сонин, содон нэр цуглуулдаг байна.  Одоогоор Монголд  40 орчим мянган хүний нэр байдгаас  20 мянгыг нь Н.Хүрэлбаатар цуглуулжээ.  Харин түүнээс 1000 орчим нь содон нэр байна. Тэрээр нийгмийн даатгалын газар 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд содон нэртэй хүн таарвал цуглуулгаа баяжуулдаг. Дундговь аймагт гэхэд Тэрээдээ тэрийг хараач бариад аваач гэдэг нэртэй хүн байдаг тухай ярилаа.  Энэ нэрийг иргэний бичиг баримтад тэмдэглэхэд төвөгтэй байсан учир нэрийг нь Тэрээдээ хэмээн бүртгэсэн байна. Тэрээр “Би анх Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч болоход Томбанди гэдэг нэртэй хүн байдаг болов уу гэсэн бодол төрж судлаад үзтэл Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди гэдэг нэртэй хүн байсан.  Тэр цагаас хойш хүний нэр цуглуулж эхэлсэн дээ” гэж байв. Мөн түүний цуглуулгаас Монголын хамгийн урт нэрийг шүүхэд Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар гэдэг нэр байна. Одоогоор энэ хүн “Яаралтай тусламжийн төв”-д ажилладаг бөгөөд тайлан дээр нэрээ багтааж бичих гээд будилдаг тухай ярьж байв.  Мөн Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав,  Олзмэдэххүүхэнбаатар, Энхтөгөлдөрбаясгалан Найманзуунандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг гэх мэт нэр байна.  Түүнчлэн Үр, Иш, Яа гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр болон ах дүүсээсээ содон нэртэй байх тохиолдол бий гэнэ. Тухайлбал Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан гээд дандаа өнгөний  нэртэй,  Дорноговь аймагт гэхэд  нөхөр нь Ухна, эхнэр нь Ямаа гэсэн нэртэй хүмүүс байгаа нь  содон байлаа. Түүнчлэн Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй гэх мэт овог, нэр нь хоёулаа содон тохиолдол ч цөөнгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин