Ц.БАЯР

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр /09.08/ зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ. Зам тээврийн сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар зам болон тээвэрлэлттэй холбоотой асуудал, замын арчлалт, засварын асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Ургац тээвэрлэлтийн гол чиглэлийн авто зам, гүүрнүүдийн эвдрэлийг шалгасан байна. Үүнд  Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг чиглэлийн 118км зам, Булган аймгийн Түшиг сумын Эгийн голын гүүр, Сэлэнгэ аймгийн Ерөө сум-Хазайн давааны 40 км зам, Хазайндаваа-Хүдэр сум чиглэлийн 50 км зам, Хүдэр сумын төвийн Хүдэр голын доод гүүр зэрэг замууд хамаарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эгийн гүүрийн далангийн шороон дүүргэлтийг хийж гүйцэтгэжээ. Яамны удирдлагууд ургац тээвэрлэлтийн гол замуудад байнгын комисс ажиллуулж зам болон тээврийн хяналтыг тавьж ажиллах үүргийг холбогдох газруудад өглөө. Тэрээр амралтын өдрүүдэд зорчигч тээврийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт Баянзүрх товчооны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсэг байгуулагдаж, товчоог нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа эхлэж, холбогдох албаныхан нэг дор төвлөрөхөөр болж байгаа юм.

Эх сурвалж:www.zms.mn