Б.Барс

Поп хөгжмийн хаан хэмээн амьд сэрүүндээ өргөмжлөгдсөн Америкийн нэрт дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, найруулагч, продюссер, бүжиг дэглээч, жүжигчин, киноны зохиолч төдийгүй бизнесмэн Майкл Жосеф Жексон 1958 оны наймдугаар сарын 29-нд Индиан мужийн Гэри хотод төржээ. Тэрээр 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын найм дахь хүү нь байсан аж.

Майкл Жексон 15 “Гремми” шагнал хүртэж, Гинесийн дээд амжилтын номонд 25 удаа бичигдсэн бөгөөд түүний бичлэгүүд дэлхий даяар нэг тэрбум гаруй ширхэгээр борлогдсон билээ. 2009 онд түүнийг албан ёсоор Америкийн домог хэмээн зарласан байдаг. Тэрээр орчин үеийн поп хөгжим, видеоклип, бүжиг, моодонд ихээр нөлөөлж, тод томруун ул мөр үлдсээн юм.

Өөрийн эцэг Жосеф Жексоны чанд хатуу хүмүүжил дор өсч торнисон Майкл хүү хар багаасаа ах нарынхаа хамт “The Jackson 5” хамтлагт дуулж, бүжиглэж эхэлжээ. 1970-аад оноос “The Jackson 5” Америк даяар алдаршин дөрвөн ч сингл нь “Billboard Hot 100” чаартыг тэргүүлсэн байна. Тус хамтлагийн гоцлол дуучин, өвөрмөц бүжгийн хөдөлгөөнөөрөө үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг Майкл хүү байв.

Майкл Жексон алдарт дуучин Дайана Росстой хамтран “Оз орны шидтэн” үлгэрээр сэдэвлэсэн “Виз” мюзиклд тоглохдоо хөгжмийн продюссер Куинси Жонстой танилцжээ. Чухам К.Жонс ирээдүйн попын хааны хамгийн алдартай цомгуудын продюссерээр ажилласан аж.

Майкл Жексоны анхны бие даасан “Off the Wall” цомог 1979 онд гарангуутаа чаартуудыг тэргүүлсэн бөгөөд хөгжмийн шүүмжлэгчид тус цомгийг дискогийн эриний сүүлийн оргил бүтээл болсон гэж үздэг билээ. Тэгвэл түүний “Thriller” дэлхийн хамгийн ихээр борлогдсон цомгоор тодорсон. Дэлхий даяар тус цомог 109 сая ширхэг зарагдсан гэдэг. Майкл Жексоны Жон Лэндистэй 1984 онд хамтран бүтээсэн 14 минутын “Thriller” кино хөгжмийн видеог чанарын цоо шинэ төвшинд гарган дөнгөж үүссэн “MTV” хөгжмийн телевизийг бэхжихэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.

1985 онд тэрээр Лайонел Ричитэй хамтран “We Are the World”дууг бичин АНУ-ын алдарт дуучидтай хамтран дуулсан бөгөөд үүнээс олсон 61.8 сая ам.долларыг Этиопид өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах үйлсэд зориулсан юм.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд попын хаан байсхийгээд л элдэв дуулианы эзэн болж, насанд хүрээгүйчүүдийг бэлгийн харьцаанд уруу татсан хэрэгт татагдаж байлаа. Майкл Жексон 2009 оны гуравдугаар сарын 5-нд хэвлэлийн бага хурал хийж, тайзан дээр эргэн ирэх болсноо зарлан 10 цуврал “This Is It Tour” концерт хийнэ гэж мэдэгджээ. Цуврал концертын тасалбарын эрэлт хэрэгцээ их байсан тул нэмж 30 тоглолт хийхээр төлөвлөж байжээ.

Гэвч мөн оны зургадугаар сарын 25-нд Майкл Жексон өвчин намдаагч пропофол эмийг хэтрүүлэн хэрэглэснээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Попын хааны үхлийн тухай “Google”, “Facebook”, “Yahoo!”, “Twitter” зэрэг интернэтийн порталуудыг гацахад хүргэсэн билээ.

1825 он

Португалийн хаан VI Жуан Бразилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1831 он

Английн физикч Майкл Фарадей Лондоны Эзэн хааны их сургуульд анхны цахилгааны трансформаторыг амжилттай ажиллуулжээ. Тэрээр трансформаторыг зохион бүтээхэд 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан гэдэг.

1842 он

Их Британи, Чин улс Нанкины гэрээ байгуулснаар 1839 онд эхэлсэн “опиумын” гэх дайн зогсчээ. Гэрээний дагуу Чин улс Их Британид Хонгконгийг өгч, таван боомтоо Их Британийн хөлөг онгоцуудад нээсний дээр дайны нөхөн төлбөрт 23 сая ам.доллар төлсөн аж.

1910 он

Япон улс Солонгосыг өөртөө нэгтгэжээ. Ингэснээр бие даасан Солонгос улс оршин тогтнохоо больж, солонгос хэлээр ном, сонин хэвлэхийг хоригложээ. Японы эзэн хааны зарлигаар Солонгосын анхны амбан захирагчаар Тераучи Масатакег томилсон байна.

1938 он

ЗХУ-д Унгарын хувьсгалын удирдагч Бела Куныг Герман, Английн тагнуулч байсанд буруутган цаазалжээ.

1939 он

Халх голын тулалдаанд ЗХУ, Монголын цэргийг удирдан Японы Квантуны армийг бут цохисон Г.Жуковыг ЗХУ-ын баатар цолоор шагнажээ.

2005 он

АНУ-ын Шинэ Орлеан хот “Катрин” хар шуурганд нэрвэгдэв. Байгалийн гамшгийн үеэр 1836 хүн амь үрэгдэж, 115 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин