Ц.БАЯР
Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр /2016.08.18/ мэдээлэл хийлээ. “Цэцэрлэгт суралцаж байсан хүүхдүүд үргэлжлүүлэн суралцана. Харин энэ жилээс 2014 онд төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэх юм. Нийслэлийн Боловсролын газрын сургалт, аргазүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “хамран сургах тойрогтоо цэцэрлэгүүд хүүхдүүдээ хамруулж байгаа хэдий ч цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ сарын 22-ноос 25-ныг хүртэл шинэ болон хуучин хүүхдүүдийг бүртгээд, 26-ны өдөр элсэлтийн тасалбараар элсэх хүүхдүүдийг зохион байгуулна. Өнгөрсөн жил төрийн өмчийн 44 цэцэрлэгт уг үйл ажиллагааг зохион байгуулсан. Эцэг, эхчүүд завтай цагтаа ирж бүртгүүлээд, нэг өдөр цуглаад хүүхдээ цэцэрлэгт оруулах боломжтой юм” хэмээн танилцууллаа. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн хангамжийг дээшлүүлэхээр нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орон тооны 3990 хүүхэд, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225 буюу нийт 6115 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байна.Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд одоогоор 70 хувьтай байгаа аж. Үүний цаана цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 43 мянга орчим хүүхэд үлдэж байна.
Эх сурвалж:www.zms.mn