Б.ЭНХЖИН, А.НАМУУНАА
Аялал жуулчлалын улиралтай холбогдлуулж “Үлэг гүрвэлийн төв музей” үзүүлэнгийн танхимаа тохижуулж, үзмэрүүдээ шинэчлэн дэглэж байна. Энэ талаар сонирхуулахаар “Т.Батаарын ертөнц”-д хэсэгхэн саатаж, өдрийн сурвалжлага бэлтгэлээ.
“Үлэг гүрвэлийн төв музей” өнгөрсөн жил тойрны хугацаанд эзэнгүй мэт нам гүм болсон үе бий. Учир нь музейн захирлыг ажлаас нь хууль бусаар халж, шинэ хүн томилсон нь шүүхийн шатанд маргаантай байв. Н.Жавзмаа захирлаас энэ талаар тодруулахад “Би хууль бусаар ажлаасаа халагдаж, гурван шатны шүүхэд хандан жил тойрсон. Эцэст нь “Ажилд нь буцаан тогтоосугай” гэсэн шүүхийн тогтоол гарснаар өнгөрсөн тавдугаар сарын 9-нд ажилдаа ороод байна. Миний хувьд “Үлэг гүрвэлийн төв музей”-н санаачлагч, бас анхны захирал. Харин музей байгуулах, үзмэрүүд дэглэх бүх ажил Засгийн газар, салбарын яам, тухайн үед сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, холбогдох бусад байгууллагууд гээд олон хүний хүч хөдөлмөрөөс бүтсэн. Хамгийн анх бид Сүхбаатарын талбайд “Т.Батаар гэртээ ирлээ”, дараа нь Дархан хотод “Т.Батаар Дарханд” түүний дараа Улаанбаатарт “Т.Батаар бол сор үзмэр” зэрэг үзэсгэлэнгүүд гаргаж байсан. Сүүлд нь хилээр хууль бусаар гарсан 22 ширхэг үзмэрийг АНУ-аас авчирч “Үлэг гүрвэлийн мөрөөр” нэртэй үзэсгэлэн гаргаж байлаа” хэмээн хуучлав.
Харин тэрээр ажилдаа орсныхоо дараачаас “Цэрдийн галавын гайхамшиг” нэртэй үзэсгэлэн зохион байгуулжээ. Сүүлийн үед “Үлэг гүрвэлийн төв музей”-н байрандаа 2013-2014 онд боловсруулсан төслийн дагуу тогтмол үзмэр үзүүлэнгийн “Гол танхим”-ыг дэглэж, шинэ үзэсгэлэн зохион байгуулсан байна. Түүнд Т.Батаар болон цэрдийн галавын үед амьдарч байсан амьтдын үзүүлэнг тавьжээ. Мөн Зауролофус, Галлилимус, Протоцератопс, Сайхания гээд нэг цаг хугацаанд зэрэгцэн амьдарч байсан амьтдыг тавьсан нь сонирхол татаж байна. Энэ ажилд Палеонтологи, геологийн хүрээлэнгээс ихээхэн хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласныг музейн захирал онцоллоо.
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ҮЗМЭР ЗАУРОЛОФУСИЙН ҮР ХӨВРӨЛ
Манай улс АНУ руу алдагдсан том, жижиг нийлсэн нэлээд хэдэн үлэг гүрвэлийн олдворыг эргүүлж авчрахаар өмнөх Засгийн газрын үед төсөв хөрөнгийг шийдлээ гэсэн мэдээлэл гарч байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл ПАМШ буюу Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн хүрээнд хоёр вагон үзмэр оруулж ирсэн гэнэ. Цаашид манай улсаас хууль бусаар алдагдсан хэд хэдэн динозавр болон эртний амьтад ургамлуудын олдворыг авчрах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ ажил ондоо багтаад хэрэгжих байх гэж музейн ажилтнууд хэллээ. Монголын газар нутгаас олдсон ховор нандин үзмэрүүд энд тавигдсан хэдий ч үзмэр бүр өөр өөрсийн онцлогтой ажээ. Онцлох гол үзмэр нь эрдэм шинжилгээний ажилтнууд болон сэргээн засварлагчдын хамтран гаргасан Зауролофус гэдэг үлэг гүрвэл ажээ. Мөн Шведийн судлаачид геологийн болон палеонтологийн ажилтнуудтай хамтран Зауролофусийн чулуужсан үр хөврөлийн үзмэрийг тавьсан нь үзэгчид болоод аялдагч, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм байна.
НИЙТДЭЭ 800 ГАРУЙ ҮЗМЭРТЭЙ
Одоогоор “Үлэг гүрвэлийн төв музей”-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэж тавьсан болон хадгалж байгаа 800 гаруй үзмэр бий гэнэ.
Түүн дээр Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 21-ны 11 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейд байсан үзмэрүүдийг тус музей рүү шилжүүл гэсэн тогтоол гаргасны дагуу салбарын шинэ сайд арга хэмжээ авч авч өгөх байх гэж Н.Жавзмаа захирал ярилаа.
Түүний хувьд цаашид олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
Хэрэгжүүлэхээр зорьж буй том төсөл, концепцууд ч цөөнгүй гэсэн. Палеонтологийн музейг жинхэнэ утгаар нь байгуулахын тулд тэрхүү концепцоо биелүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгвэл өдгөө гол танхимаа бий болгосон. Цаашлаад “Шим мандал” танхимдаа Кайнозой, Палезой, Мезозой гэх мэт бүх эриний ургамал амьтдын зүй тогтлыг харуулсан тогтмол үзмэр үзүүлэнгүүдийг дэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. “Үлэг гүрвэлийн төв музей”-г бүх талаас төгс болгож хөгжүүлнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа тус музейн хамт олон биднийг очиход нааш, цааш юм зөөж, тун ч завгүй байлаа. Удахгүй шинэ үзэсгэлэнгээр нийслэлчүүдийнхээ нүдийг баясгах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин