Б.БАРС

Ромын пап IV Иннокентийн даалгавраар Гүег хаанд бараалхан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд хөл тавьсан анхны европ хүн Жованни Плано Карпини 764 жилийн тэртээ, 1252 оны наймдугаар сарын 1-нд 72 насандаа гэртээ учир битүүлгээр нас баржээ.

Тэрээр Ромын папаас Антиварийн хамбаар томилогдоод орчин үеийн Монтенегро улсын газар нутагт нөлөөгөө тогтоохын төлөө Рагузын хамбатай заргалдсан бөгөөд шашны дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнөхөн өрсөл­дөгч талынхан түүний дар­санд хор хийж хо­роо­сон гэх таамаг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн аж.

Монголын цэрэг Польшийн Легницийн ойролцоо Европын цэргийг бут цохин христийн ертөнцийг тэр чигт нь эзлэх аюул нүүрлэсэн 1241 онд Плано Карпини католик шашны нөлөө бүхий санваартан байжээ. Тэрээр Легницийн ту­лал­даанаас дөрвөн жилийн дараа Ромын пап IV Иннокентийн энхийг хүссэн захидлыг Монголын эзэнт гүрний хаанд хүргэх тусгай элчээр томилогдон улаан өндөгний баяраар буюу 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лион хотоос алс холын аян замд морджээ.

Плано Карпини дагалдагчдынхаа хамт 1246 оны хавар Ижил мөрний хөвөөн дэх өргөөнд нь хүрэлцэн ирэхэд Бат хан түүнийг их хааны өргөөнд хүргэх тушаал буулгасан байдаг. Ромын папын элч мөн оны долдугаар сарын 22-нд Хархорумын ойролцоох Шар ордод хүрэлцэн ирээд наймдугаар сарын 24-нд Монголын эзэнт гүрний Ази, Европын өнцөг булан бүрээс чуул­сан дөрвөн мянга гаруй төлөөлөгчдийн хамт Гүег хааныг хаан ширээнд өр­гөмжлөх ёслолд оролцжээ

Гүег хаан Ромын папын захидлын хариуд Европын удирдагчдыг биечлэн ирж түүнд үнэнч байх тангараг өргөх шаардлагыг монгол, перс, латин хэлээр үйлдэн Плано Карпинид гардуулсан байдаг. Плано Карпини 1247 онд Ромын папыг Лионд байхад Гүег хааны захидлыг гардуулж өгчээ. Тэрээр аяллынхаа тэмдэглэлийг эмхтгэн есөн бүлэг бүхий “Historia Mongalorum” (“Монголчуудын түүх”) ном бичиж хэвлүүлсэн нь Европт Монголын тухай тодорхой мэдээллийг анх удаа түгээсэн билээ

  301 ОН

Арменид христийн шашныг анх удаа албан ёсны төрийн шашин хэмээн тунхаглажээ.

  902 ОН

Тунисийн лалын шашинт цэргүүд Византийн гүрний эзэмшил болох Сицилийн арлыг эзлэн авав.

  1291 ОН

Швейцарийн Швиц, Ури, Унтервалден гэх гурван муж дайснуудтайгаа хамтран тулалдах өнө мөнхийн гэрээ байгуулжээ. Энэ үйл явдлыг Швейцарт улс тунхагласны баяр хэмээн тэмдэглэдэг байна.

  1664 ОН

Герман, Францын хамтарсан цэрэг Европын гүн рүү давшилж байсан Османы Туркийн армийг Унгарт бут цохин зогсоож чаджээ.

  1744 ОН

Ч.Дарвины нотолсон хувьслын онолыг анх боловсруулсан бөгөөд шинжлэх ухаанд Г.Тревинарусын хамтбиологигэх нэр томъёог оруулсан Францын эрдэмтэн Ж.Ламарк төржээ.

  1927 ОН

Хятадын Нанчан хотноо Гоминданы үндэсний армийн коммунистуудын удирдсан анги нэгтгэлүүд  бослого гаргажээ. Гоминданы давуу хүчний дайралтыг таван хоногийн турш няцаасан Жоу Энлай, Жу Дэ, Е Тин нарын удирдсан 30 мянга гаруй цэрэг, офицерууд ажилчдын бүлгэмүүд болон тариачдын өөрийгөө хамгаалах отрядуудын хамт арга буюу хотыг орхин Мао Зедуны нэгдүгээр дивизтэй нэгджээ. БНХАУ-д өдгөө наймдугаар сарын 1-ийг Хятадын ардын чөлөөлөх армиийг үүсгэн байгуулсан өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг юм.

  1936 ОН

Нацист Германы удирдагч А.Гитлер Берлин хотноо 11 дэх зуны олимпийн наадмыг нээжээ.

  1981 ОН

“MTV” хөгжмийн суваг цацагдаж эхлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин