-Н.Энхбаярыг баривчилсан тухай гадаадын хэвлэл, сайтуудад юу бичив?-

Л.ОЮУН-УНДРАЛ

Улстөр сонирхон судлагч

 

(Гадаадын хэвлэл мэдээл­лийн тойм ба үйл явдлаас хийж болох үндсэн дүгнэлт)

Н.Энхбаярыг барив­чил­сан тэр өдрөөс гадаа­дын хэвлэл, мэдээллийн агентлагууд мэдээлж, за­рим нь цагдаа нар гэр рүү нь дайран орж байгаа бичлэгийг нэг биш сайтад  тавьжээ. Мэдээг ОХУ, АНУ, Ази, Европын олон хэвлэлд гаргаж, сайтуудад тавьжээ. Ихэнх нь үйл явдлын өрнөлийг мэдээл­сэн, зарим нь үнэлэлт дүг­нэлт өгөхийг оролдсон байдалтай байна.

Жишээлбэл:

1. Nikkei.com April 14, 2012 shanghai /Dow Jones/ сайт бичихдээ:

Дэлхийн хэмжээнд нэн хурдтай хөгжиж буй эдийн засаг бүхий Монгол оронд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилс­наар улстөрийн тогтворгүй байдлыг бий болгов. Мөн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрсд­лийг нэмэгдүүлэв гэж Улаан­баатарт ажиллаж буй хөрөнгө оруулалтын шинжээчид дүгнэж байна гэжээ.

2. Chinapost.com april 14, 2012-ын мэдээнд:

АТГ-ын мөрдөн шал­гах тасгийн дарга Ч.Амар­батын үгийг, түүнчлэн МАХН-ын гишүүд дэм­жиг­чид экс ерөнхийлөгч Н.Энхбаярын халдашгүй байдал ба улс төрийн зо­рил­гоор баривчилсан ту­хай мэдэгдсэнийг онцолж бичжээ.

3. Улаанбаатарт ажил­лаж байгаа Английн ЭСЯ-ны консулын газар 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд, АНУ-ын ЭСЯ-ны кон­су­лын газар 16-нд Монгол дахь өөрийн улсын иргэд­дээ аюулгүй байдлын үүд­нээс орой үдэш, мөн олон хүн цугласан газар очих­гүй байхыг анхааруулжээ.

4. 2012 оны дөрөвдү­гээр сарын 19-нд 131 орны 600 мянган сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгүүлчдийн Хол­боо­ноос мэдэгдэл гаргаж Монголын экс ерөнхий­лөгч Н.Энхбаярыг баривч­лах үеэр цагдаа нар хэвлэ­лийн эрх чөлөөнд халдса­ныг шалгахыг Монголын цагдаагийн байгууллагаас хүсэв. /scoop.co.nz/

Монголтой холбоотой ажиллаж байгаа хөрөнгө оруулагч компаниудын шин­жээчид үйл явдлыг нэн анхааралтай ажиглаж бие биендээ мэдээлэл өгч Монголын хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр бодит бус мэдээлэл гарч байгаа уч­раас өөрсдөө бодитой мэ­дээ­лэл олж авахыг эрмэл­зэж байна гэжээ. Тэд Н.Энх­­баяр бол Монголын ард түмний дэмжлэгийг хүлээсэн улстөрч гээд эрх баригчид авлигын эсрэг тэмцэхдээ хууль бүү зөр­чөө­сэй гэж хүсэж байна. Jon Springer гэдэг хүн блог­тоо баривчилгаатай холбоотой бүхий л мэдээл­лүүдийг тавьсан ба дор нь 20 гаруй гадаадын хүмүүс сэтгэгдэл үлдээжээ. Сэт­гэгд­лүүдэд хууль бүү зөр­чөө­сэй, Монголын хам­гийн баян 50 хүний нэг Н.Энх­баяр биш харин Ерөн­хий сайд Сү.Батболд тэр­бум­тан болсон байхаа, гэтэл Н.Энхбаярыг ба­ривч­­лав гэх мэтээр бич­жээ.

         

БАРИВЧИЛСАН ЗОРИЛГО НЬ ЮУ БАЙВ?

Н.Энхбаярыг баривчил­сан шалтгааныг УЛС ТӨ­РИЙН ЗОРИЛ­ГООР гэд­гийг дотоод, га­даадын ажиг­­лагч шин­жээ­чид тэм­дэг­лэж байна Жишээлбэл Монголд ажил­­лаж байгаа гадаа­дынх­ны сайтад хорь гаруй хүн Н.Энхбаярын барив­чил­гааны талаар са­нал бод­лоо хуваалцаж сэт­гэг­дэл бичицгээсэн байх бө­гөөд нэг хүн ингэж бичжээ:

I wached it on TV I was shocked at the barbaric, brutal methods used by the police and may be politivans behind them. Politics took a new and ugly turn, bc – Mongolia.org

Монгол Улсын гурав­дахь Ерөнхийлөгч Н.Энх­бая­рыг баривчилсан нь Мон­голын улс төр, эдийн зас­гийн бүлэглэлүүдийн уул уурхайн баялгийг за­хи­ран зарцуулах гэсэн өөр хоорондын улангассан өр­сөл­дөөний үр дүн юм. Энх­баярыг баривчилсны цаана:

1. 2012 оны УИХ-ын сонгуульд оролцуу­л­ахгүй байх

2. 2013 оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд орол­цуу­лахгүй байх УЛС  ТӨ­РИЙН ЗОРИЛГО нууг­даж байна.

3. Н.Энхбаярыг улс тө­рөөс шахан гаргаж, гол нь түү­ний 2005-2009 онд Ерөн­хийлөгчөөр ажиллаж байхдаа, мөн 2009-20012 онд МАХН ба Шударга ёс эвс­лийг үүсгэн байгуулж ажиллахдаа Монголын хөгж­лийн талаарх улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлийн та­лаарх үзэл баримтлалыг нь няцаах, нийгэмд дэлгэ­рүү­лэхгүй байх зорилготой юм.

Учир нь Н.Энхбаяр бо­лон МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн байр суурь, эрх баригч МАНАН-гийн байр суурь өөр хоорондоо эрс ялгаа­тай байна.

Н.Энхбаяр ба шинээр буй болсон улстөрийн хол­боо нь Оюутолгой, Таван­тол­гой ба стратегийн 15 ор­дын 51-ээс доошгүй ху­вийг улсын мэдэлд байл­гах, 2008 оны долдугаар са­рын 1-нд хүний аминд хүр­сэн хэргийг шударгаар шийдэх, сонгуулийн буд­лиа­наас үүсэлтэй энэ хэ­рэгт МАН, АН улстөрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь барим­талж байсан нь өнөөгийн Монголын эрх баригчдын байр суурьтай эрс зөр­чилдсөн юм.

УИХ-аас Оюутолгой ба стратегийн 15 ордын та­лаар Монголын ард түм­ний эрх ашигт нийцсэн шийдвэр тогтоол гарсан боловч тэдгээрийг ил далд эсэргүүцдэг улстөр, эдийн засгийн том бүлэглэл Мон­голд байна. Гаднын ЭСЯ-дад очоод тэдний төлөөлөгчид байр сууриа ний нуугүй ярьдаг ажээ. Жишээлбэл УИХ-ын ги­шүүн Д.Зоригт, С.Оюун нар АНУ-ын элчин сайд­тай уулзахдаа “стратегийн орд” гэдэг ойлголт байх ёсгүй гэж хэлж байсныг Ви­киликсийн сайтуудад тавь­сан материалаас харж болно. Мөн улсад ногдох 51 хувийн асуудлаар ч улс­төрчид өөр өөр байр суурьтай байна. Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж сөрөг намын дарга байхдаа 2008 оны дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Элчин сайд­тай уулзаад “51 хувьд ху­вийн хэвшил ч орно” гэсэн нь хэрэг дээрээ төсвийн хөрөнгөөр хайгуул хийгд­сэн стратегийн ордуудыг хувийн компаниуд хууль зөрчиж эзэмших болсныг зөвтгөсөн хэрэг юм.

Монгол дахь дуулиант баривчилгаанаас өмнөх 2012 сарын эхний 3 сард Монголын нийгэмд доорх хурц асуудлаар тэмцэл зөрчил өрнөж байв.

1. Төмөр замын асуу­дал, өргөн утгаараа Монго­лын уул уурхайн баялгийг ашиглахад төр ба хувийн хэвшлийн оролцоо, гадаад түн­шийн хувь хэмжээ зэрэг

2. 2008 оны долдугаар сарын 1-ний асуудал

3. Нийгмийг хамарсан авлига, шударга бус явдал /цөмийн шаар булах болон банк бус санхүүгийн бай­гуул­лагуудын эд хөрөн­гийг хуулийн байгуул­ла­гын­хан хууль бусаар завш­сан зэрэг олон асуудлаар нийгэмд шүүмжлэл өрнөж байв. Жишээлбэл Японы Japan times weekly  сонинд -Монголд цөмийн шаар булшилсний хөлсөнд 17 тэрбум ам доллар өгнө гэж бичжээ. /globalsearch.ca/

2008-2012 онд МАНАН-гийн эрх баригч­даас явуулсан уул уурхайн салбар дахь бодлогын үр дүнд Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хэмжээний өөрч­лөлтүүд гарлаа.

Монголын ашигт малт­малын ордуудын 75-80 хувь нь Хятадын төрийн ба хувийн өмчит компа­ниу­дын мэдэлд очжээ. Тухайлбал стратегийн ор­дод хамаарч байгаа нүүрс, уран, төмрийн хүдэр, мо­либ­дений ордуудын дий­лэнх нь хятадын компа­ниу­дын мэдэлд орсон бай­на. Ингэхдээ МАНАН-гийн эрх баригчид өөрсдөө, бас ах дүү, хамаатан са­дан, ойр дотны хүмүүс нь хятад ба гадны бусад орны компаниудтай хамтрах болжээ. Монголын уул уурхайн ордуудыг төлөв­лө­гөө­тэйгээр өөрийн бол­гох гэсэн Хятадын бодло­год найр тавих үйл явц бүр 2008 оноос эхэлжээ.

Эрх баригчид ордуудаа найр тавин өгөх бодлогоо 2011 онд эрчимтэй үргэлж­лүүлж, 2011 оны долдугаар сард Ерөнхий сайд Сү.Бат­болд,  Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар Хятадад айлчлахдаа Тавантолгойн ордын нүүрсний  40  ху­вийг Хятадад урьдчилан ху­далдах талаар тохирол­цож, их хэмжээний урьд­чил­гаа мөнгө авсан. Ин­гэс­нээр хэдэн жил ярьсан Тавантолгойг Монголын төрийн мэдэлд байлгаж Өрнөдийн орнуудын опе­ра­тор компаниудыг оруулж олон улсын бирж дээр хөрөнгө босгох ажил тодорхойгүй болсон. ОХУ ба АНУ, Япон, Өмнөд Со­лонгос улстай урьд нь ярилцаж байсан зүйлүүд ч бас тодорхойгүй болжээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд Н. Энхбаярыг хууль зөрчин баривч­ла­хаас өмнөх нэг сард олон нийтийн анхаарлыг сар­ниулж эрх баригчдаас уул уурхайн салбарт хийсэн зүйлүүд бас бий.

2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд ОХУ-тай урьд нь байгуулсан төмөр за­мын дэд бүтцийн компа­нийн эрх мэдлийг хязгаар­лаж “Үндэсний төмөр за­мын суурь бүтэц” компа­нийг шинээр байгуулж Засгийн газраас 518 сая төгрөгийн зээл гарган 399 сая төгрөгийн зээлээр хө­рөнгө оруулалт хийв.

2012 оны гуравдугаар сарын 27-нд ММС буюу Mongolian mining corpo­ra­tion / energy resourse  ба бу­сад компанийн нэгдэл/ нь Хөгжлийн банктай хамт­ран бонд гаргасан /хэв­лэлд Засгийн газрын бонд гээд байгаа боловч үнэн­дээ бол хувийн компа­нийн бонд юм/.

2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд ММС Хята­дын Датанг компанитай хамтран ажиллах 10 жи­лийн гэрээ байгуулав.

2012 оны дөрөвдүгээр сарын 20-нд Чалко Саус Гобийн ордоос хил хүртэл өөр нэг туузан дамжуурга тавих, техник эдийн зас­гийн үндэслэлээ өргөн барив.

 

АНУ, ЕВРОПЫН ХОЛБОО, БНХАУ-ЫН БАЙР СУУРЬ

АНУ, Европын Холбоо Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсныг буруушааж, хүний эрхийг дээд­лэх, шүүх хурлыг ил тод, шударга явуулахыг шаардаж энэ асуудлыг анхааралтай ажиглана гэж мэдэгдэж байна. Тэдний байр суурийг харуулсан зарим дүгнэлт, дипломат алхам, мэдэгдэл, нийт­лэлээс иш татвал:

Н.Энхбаярыг хуурай өлс­гөлөн зарласны мар­гааш нь буюу тавдугаар са­рын 4-5-нд АНУ-ын Бат­лан хамгаалахын ор­логч Жеймс Миллер Мон­голд ирээд Ж.Энхбаяр сайд, генерал Тогоо зэрэг Иракт америкуудтай хамт­ран ажиллаж байсан цэр­гийн дарга 6-7 хүнтэй уулз­сан боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзал­гүй явсан. Үүнээс арав га­руй хоногийн өмнө сай­туу­дад генерал Тогоо ба Батлан хамгаалах яамны 6-7 хүнийг АТГ шалгаж байна гэсэн мэдээ ца­цагд­сан.

Тавдугаар сарын 8-нд ТВ9 телевизээр Европын хүний эрхийн байгуул­лагын тө­лөө­лөгч Н.Энх­баярын амьд явах эрх нь зөрчиг­дөж байна гэж мэ­дэгдсэн байна.

Н.Энхбаярыг хуурай өлс­гөлөн зарлаад бие нь эрс муудсан долоо дахь хо­ног буюу тавдугаар са­рын 10-12-нд ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Хята­дын цэргийн зөвлөлийн дэд дарга Xu Caihou Мон­голд айлчилж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна. Энхбаярын амь насыг аврах хүсэлт тавихаар очсон МАХН-МҮАН-ын Эвслийнхэнд тэр олдохгүй байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөн­хий сайд Сү.Батболд нар ч олдсонгүй, уулза­хаас зайлсхийжээ.

5 сарын 14-нд Кали­фор­нийн сенатч Фейнш­тейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонс­гол тавив. Н. Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Мон­­гол нь ардчиллын замд орж амжилттай хөг­жиж эхэлсэн бөгөөд АНУ-тай “Мянганы Сорилтын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан гэж тэмдэглэжээ. Feinstein.senate.gov

2012 оны тавдугаар са­рын 14-ний орой 17 ца­гийн үед НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга  Бан Гу Мин Элбэгдоржтой ут­саар ярьж улмаар Энхбая­рын амь насыг ямар ч байсан нэг удаа аварсан юм.

Тавдугаар сарын 29-нд Эмнести Интернейшн­лээс Монгол дахь салба­раараа дамжуулан ирүүл­сэн албан бичигт “Мон­голд автократ засаглал тогтлоо” гэж тэмдэглэн цаашдаа тус байгууллага нь Монгол дахь хүний эрхийн зөрчлүүдийг ан­хаа­ралтай ажиглах болно. С.Зоригийн аллагын ту­хай хэргийг анхааралдаа байлгана гэжээ.

Зургадугаар сарын 1-нд Европын Холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлогын Ко­мис­сын дэд еренхийлегч Катрин Эштон Н.Энх­бая­рын талаар мэдэгдэл гар­гасан байна.

Н.Энхбаярын тухай АНУ-ын Сенатаас гадна Австралийн Конгресс дээр ярилцжээ

 

Н.ЭНХБАЯРЫН БАРИВЧИЛГАА БА МОНГОЛЫН АРДЧИЛАЛ

Гадны шинжээчид Н.Энх­баярыг баривчил­сан­тай холбоотой Монгол дахь ардчиллын талаар үнэ­лэлт дүгнэлтээ хэлж байна.

Тавдугаар сарын 29-нд Монголд ардчиллын түвшинг тогтоох НҮБ-ын төслийн зөвлөх байсан, эдүгээ Эссексийн Их сур­гуу­лийн Ардчиллын сур­гуу­лийн захирал, профес­сор Тодд Ландман /Тodd Landman/: -Н.Энхбаярын баривчилгаа нь Монгол дахь ардчиллын дүр төрх өөрчлөгдөж байгааг ха­руулж байна гэж онцлоод Олон улсын хамтын ний­гэм­лэг Монголын ардчи­лал ухрах аюултайд сэтгэл зовниж байна “Зэрлэг түрэмгий гүйцэтгэх засаг­лал бэхжих нь ардчиллын үнэт зүйлсийг устгадаг” гэж тэмдэглэжээ. /Con­soli­dation of predatory exe­cu­tive power undermines the values of democracy/

Түүнчлэн тэрээр Н.Энх­­баярын барив­чил­гаа нь:

1. 2012 оны сонгуу­лийн өмнө олон нийтийг айлган сүрдүүлэх, анхаарлыг нь өөр тийш хандуулах гэсэн оролдлого

2. Н.Энхбаярын асууд­лаар ардчилал, авилгын эс­рэг тэмцлийн нийтээр хү­лээн зөвшөөрсөн хэм хэм­жээ ба хүний эрхийн зарч­муудыг хатуу баримт­лаа­гүй тохиолдолд тэр нь НҮБ-ын өмнө Монголын хүлээсэн үүрэг хариуцлага болох Мянганы Зорилтуу­дын 9-д заасан заалтуудыг зөрчих болно гэжээ. /eastasiaforum.org/

Гадны шинжээчид Мон­голын хууль хя­налтын байгууллагуудын өнөө­гийн байдлыг шүүмж­лэхдээ:

1. /arbitrary arrest/ дур зоргоор баривчлах ба “se­lec­tive prosecution” буюу тодорхой зорилгоор сонгон авч мөрдөн шалгах ажил­лагаа явуулж байна.

2. Мөн Монголд авто­крат буюу нэг хүний да­ран­гуйллын засаглалын хэв шинж ажиглагдаж бай­­на. Энэ нь шүүх, про­ку­рор, АТГ-ын дарга на­рыг нэг хүн санал болгож томилуулдагтай холбоотой гэж тайлбарлажээ. /june 5, 2012, mongolia economy.blogspot.com/

2012 оны зургадугаар сарын 4-нд Дуглас Шоены /Douglas E.Shoen – Demo­c­ratic hallenge in Mongolia/ Монгол дахь ардчиллын сорилт нийтлэлд “Өрнө­дийн орнууд Монголын ардчилсан хөгжлийг дэмж­сээр ирсэн. Харин одоо Н.Энхбаярыг ирэх парламентын сонгуульд оролцохыг Монголын Зас­гийн газраар зөвшөө­рүү­лэхэд чиглэсэн олон улсын түвшний уялдуулан зохицуулсан хариу арга хэмжээг авах хэрэгтэй” гэжээ. /June 4, 2012 Forbes/

Гадаадын зарим шин­жээч, жишээлбэл Мон­голд ажиллаж байгаа Жу­лиан Диеркес /Julian Dierkes/ Энхбаярын шүүх хурал нь авилгын талаарх нийгмийн өргөн хэлэл­цүүл­гийг өдөөх байх гэж харж байна гэдгээ илэр­хийлсэн байна.

Эдгээр судалгаа, ажиг­лал­таас харахад Н.Энх­баярын баривчил­гаа, шүүх хурал нь Цахиа­гийн Эл­бэг­дорж тэргүүтэй МАНАН-гийн тодорхой бүлэглэлийн сонгуулийн тактикийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа нь маш тод харагдаж байна. Ин­гэх­­дээ тэд ард түмнийг айл­гах аргыг тэд хэрэглэж байна.

 

АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ СОНГУУЛИЙН ТАКТИК

Энэ удаагийн 2012 оны сонгуулийн такти­кын гол нэг онцлог нь энэ юм. Үүнийг зөв ойлгохын тулд өмнө нь Монголд болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн санацгаая.

-2012 оны хавар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сайтуудаар АТГ- ын дэд дарга Б.Хурц “Танай на­маас хэдэн хүнийг баривч­лахад сонгуульд ялахыг чинь харъя” гэж хэлсэн ту­хай хэд хэдэн удаа гарсан.

-Н.Энхбаярыг барив­чил­сны дараа ШШГЕГ, АТГ нэг биш удаа улс тө­рийн шинжтэй мэдэгдэл хийж,  тэр ч байтугай хууль хяналтын түүхэнд анх удаа видео бичлэгээр үзэгч, сонгогчдод нөлөөлөх зорилгоор сурталчилсан. Энэ нь хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүдтэй уялдуулсан жинхэнэ ПИАР-ын шинж­­тэй үйл ажиллагаа юм.

-Ерөнхийлөгчийн Там­гын газрын сайтуудад Н.Энхбаярын авилгын гэх хэргийг нотлохыг оролд­сон, АТГ-аас буруутгаг­даж байгаа хэргүүд биш өөр зохиомол олон зүйлийг гадаадын уншигчдад зо­риулж англи хэл дээр би­чиж байгааг уншсанаа тэр­хүү шинжээч сайтад бич­сэн байна. Тийм ч уч­раас гадаадын нэгэн шин­жээч – politics took a new and ugly turn “Монголын улс төр шинэ, бохир чиг­лэлд явж байна” гэж дүг­нэжээ.

-Н.Энхбаярыг зориу­даар  буруутгах зорилгоор “О.Цолмонгийн захидал”, “Н.Удвалын Обамад бич­сэн захидал”, “Н.Энхбая­рын хуурамч өлсгөлөн”,  “Н.Энхбаярын гүтгэлгийн ярилцлага” зэрэг нийтлэ­лүү­дийг П.Дүгэр гэх зэрэг улстөрийн сонгуулиудаар пиар хийдэг хүмүүс өөрс­дөө зохион бичиж гүтгэл­гийн сурталчилгаа явуулж байв.

-АТГ нь 12 аймгийн Засаг дарга нарыг шалгаж, за­римыг нь баривчилж хорь­сон билээ. Авилгын эс­рэг тэмцэх нь зүйн хэрэг боловч энэхүү тэмцлийг сонгуулийн сурталчилгаа болгон ашиглаж байгаа нь харин ч Монгол дахь авил­гын эсрэг тэмцлийн мөн чанарыг гуйвуулж, тэмц­лийг сааруулах аюултай юм. АТГ нь Н.Энхбаярыг баривчилснаас хойш до­лоо хоног бүр хэн нэгнийг баривчилсан эсвэл шал­гаж байгаа, эсвэл шалгах хү­сэлт иргэдээс ирсэн ту­хай мэдээлэл цацаж бай­сан нь хийх ёстой ажлаа хийж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ АН-тай өр­сөл­дөгч намуудыг айлган сүрдүүлэх зорилготой нь маш тод ажиглагдаж байв. Жишээлбэл тавдугаар са­рын 8-нд Д.Батхуягийг ба­рив­чилсан хийгээд Увсын Засаг даргад ял өгөхөөр болсон, Э.Мөнх-Очирыг шал­гаж байна, С.Баяр­цогт, Д.Пүрэвдорж нарыг шалгах хүсэлт ирлээ, С.Бат­болд, С.Баяр нар АМГ-ын Л.Даваа­цогт­той хол­богдоно гэх мэт мэ­дээл­лүүдийг хэвлэл, мэ­дээл­лээр ар араас нь цув­руу­лан гаргажээ. Эд­гээ­рийг голлож цацсан  хэв­лэлүүдээс харахад өөр хоо­рондоо уялдуулан  зо­хи­­цуулсан үйл ажил­ла­гаа явуулж байгааг нь ха­руу­лав. Хөвсгөл аймагт нэр дэвшиж сонгогдох ма­гад­лалтай Д.Батхуягийг ба­рив­чилсан хийгээд Саус го­бийн байрыг лацадсан нь улс төрийн зорилготой гэж ажиглагдаж байна. Учир нь Саус гоби нь аль хэзээний хувьцаа хэлбэ­рээр Хятадын компанийн мэдэлд оччихсон байгаа тухай материал урьд нь гарсан байдаг. АТГ нь Монгол дахь жинхэнэ том авилга-уул уурхайн салбар дахь авилгын асуудлаас са­наатайгаар зайлсхийж бай­гаа бөгөөд чухам үүгээ­рээ улстөрийн захиалгаар ажиллаж байгаа нь нот­лог­дож байна. Д.Батхуягийг уул уурхайн авилгын жи­шээ болгон хэлмэгдүүлэх гэж бодож төлөвлөсөн байж болзошгүй. Гэтэл Д.Батхуя­гийг дарга байх үеэс харин ч АМГ арай цэгцтэй болж эхэлсэн байна.

-Уул уурхайн салбар дахь авилгыг АТГ илчилж чадах уу? Нэг ордын ли­цен­зийг дунджаар 10 сая ам.доллараар худалддаг хууль бус үйлдийг таслан зогсоож чадах уу? гэсэн асуулт Монголын ний­гэмд өнөөдөр хариугаа хү­лээж байна. Уул уурхай дахь авил­гын том хэргүү­дийг Монголын хууль хя­налтын байгууллагууд ил­рүү­лэх бо­ломж нь хомс юм. Учир нь лицензийн най­мааны материалууд зөв­хөн англи хэл дээр га­даа­дын сайтуу­дад гардаг. Мөн олон ул­сын биржүү­дийн мэдээ­лэл, тэгэх тус­маа гадаадын том банкууд дахь Монго­лын хадга­ламж эзэм­шигч­дийн мате­риа­луудыг гагцхүү өрнө­дийн орнуу­дын санхүү, эдийн зас­гийн байгуул­ла­гууд ба за­саг захиргаанд хү­сэлт тавьж байж ил­рүүлж чад­на. “Форбс” сэт­гүүлд саях­наас Монголын тэр­гүүн баячуудын жаг­саал­­тыг сайтуудад тавьж эхэл­сэн ба эхний 100 хү­ний жаг­саалтанд Н.Энх­баяр бай­даггүй тухай тус сэт­гүү­лийн сайтад бичсэн бай­гаа. Тийм ч учраас гад­ны ажиглагчид Монголын уул уурхайд хэдэн тэрбу­мын булингартай доллар эргэлдэж байхад Н.Энх­бая­рыг буруутгаад байгаа зочид буудлын асуудал эр­гэлзээ төрүүлж байна гэж үзэж байна.

-2012 оны УИХ-ын сонгуулийн пиарын онц­лог гэвэл хууль хяналтын байгууллагуудыг ашиглаж худал хуурмаг мэдээлэлд сурталчилгаагаа тулгуур­лаж байна. Жишээлбэл тавдугаар сард Ц.Элбэг­дор­жийн Хятадын цэр­гийн зөвлөлийн орлогчтой уулз­сан тухай мэдээлэл Мон­го­лын хэвлэлд бараг га­раа­гүй мөртлөө мөн оны та­ван сард Чикаго хотод бол­сон НАТО-гийн ху­ралд Элбэгдорж оролцсон гэсэн худал мэдээллийг сай­туудад тавьжээ. Үү­нийг гадны нийтлэлчид хүр­тэл ажиглачихсан Ка­на­дын нэгэн улс төрийн тоймч  “Монгол Улс үлэг гүр­вэлийн араг яс, НАТО ба улстөр гээд өөр хоорон­доо тэмцэлдэж байна” гар­чиг­тай нийтлэл бич­жээ. СЕХ нь улстөрийн зорилготой ПИАР хийсэн хууль хяналтын байгуул­ла­гуудтай хамтран ажил­лаж Н.Энхбаярын эвс­лээс зургаан нэр дэвшиг­чийн сонгуульд оролцох эр­хийг нь хассан төдий­гүй тэдний нэг болох нэр дэвшигч С.Авирмэдийг сэжигтнээр татаж бай­цааж эхэлсэн байна. С.Авир­мэд нь Монгол нут­гийн газар шороо, эр­дэс баялгийн төлөө цогтой тэмцэгчийн нэг юм.

-НҮБ-ын ажиглагч­дын тэмдэглээд байгаа selec­tive prosecution буюу то­дорхой зорилгоор шилж сонгон мөрдөн шалгах ажил­лагаа нь СЕХ-ны хувьд нэр дэвшигчдийг улс төрийн зорилгоор ха­саж байгаа нь тод харагд­сан ба энэ үйлдлээрээ Сонгуулийн хууль, шудар­га ёсны хэм хэмжээг бү­дүүл­гээр зөрчиж байна. АТГ, прокурор, шүүх жи­шээл­бэл Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүр­чи­хээд байгаа уул уурхай дахь авлигын талаар огт ярихгүй байгаа мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа нь бараг дуусчихсан өмч хувьч­лалын асуудлаар сэ­хээт­нүүдийг яллан буруут­гаж байна. Харин СЕХ нь болохоор тойргууд дээрээ мөнгө тараасан, “Анод” банканд өр зээлтэй тухай хэвлэлээр бичигдээд бай­гаа Д.Зоригт, Г.Батхүү, Мон-Ураны Б.Наранхүү, Д.Дамба-Очир, Б.Гарам­гай­­баа­тар зэрэг нэр дэв­шигч­дийг ажигч үгүй бүрт­гэж нэр дэвшигчийн үнэм­­лэ­хийг нь өгчээ.

-Эрх баригчид Н.Энх­баярыг хэвлэх үйлдвэрийн барилга зэрэг өмч хувьч­ла­лын асуудлаар яллах гэж байгаа боловч үнэн хэ­рэгтээ түүний улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлийн та­лаарх үзэл баримтлалуу­дыг нь хуулиар халхавч­лан яллах гэж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн энэ арга бол их зальтай, үнэн зорилгоо далдлан нуусан хуулиар халхав­чил­сан башир арга хэлбэр юм. Дэлхийн бусад улс оронд болж байсан хэлмэг­дүү­лэлтийг өөрсдийнхтэй­гөө харьцуулан үзэхэд 1930-аад онд хуучин ЗХУ-д “германы тагнуул”, эс­вэл Монголд “японы таг­нуул” гэх мэтээр шууд гүтгэдэг байв. Харин Н.Энх­­баярыг хэлмэг­дүүлж буй энэ хэлбэрийг зөв­хөн Мао Це Дуны үед Хятадад явуулсан хэлмэг­дүү­лэлттэй харьцуулан зүйр­лэж болохоор байна. Мао нь “шударга”, “нийт ард түмний эрх ашиг” “улсын хөрөнгө шамшиг­дуу­лахын эсрэг авлигын хэрэг” гэх зэрэг зөв үгээр хал­хавчлан үнэн хэрэгтээ улстөрийн өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор хо­мор­го­лон олон сая хүнийг хэл­мэгдүүлсэн байдаг. Мао нь “ авилгын эсрэг” тэмцэж байна гэж тунхаг­л­ан шударга хүний дүрд тоглодог байсан ч  хувьдаа 50 гаруй орд харшийг ул­сын­хаа хөрөнгөөр бариул­сан байжээ. Маогийн үеийн хэлмэгдүүлэлт хү­нийг хүнийх нь хувьд дээд зэргээр доромжилж юуны өмнө нийгмийн оюуны өндөр боловсролтой хэсэг-сэхээтнүүдийн эсрэг чиг­лэж байснаараа онцлог юм. Маогийн Хятадын түүхэнд учруулсан гам­шигт үр дагаврыг дэлхий даяар мэдэх учраас ийм төрлийн хэлмэгдүүлэлтээс Монголыг сэргийлэх нь нийт монголчуудын эх оронч үүрэг юм. Маогийн хэлмэгдүүлэлтийн сонго­дог арга хэрэгслүүдэд хам­­гийн түрүүнд хэвлэл мэ­дээллийг овжин ашиг­лах арга байсан. Бас  ухам­сар нь төлөвшөөгүй, ядуурлаас үүдэлтэй залуу үеийнх­ний /улаан хам­гаа­лаг­чид/ харгис хэрцгий /авилгачдыг ал, цаазал, дүүжил гэж өдөр бүр мон­го­лын сайтуудад сэтгэгд­лээ бичиж байгаа билээ/ зан араншин, ядуу хүний баян чинээлэг хүнийг үзэн ядах өрөөсгөл сэтгэл зүйг улстөрийн зорилгоор ашиг­ла­сан нь нэгэнт то­дор­хой билээ. Монголд өрнөж буй үйл явдал түү­нийг ямар нэгэн байдлаар санагдуулах гээд байна. Эцэст нь хэлэхэд Монго­лын улстөрд 2008 оноос хойш нийгмийг айлган сүрдүүлэх сонгуулийн так­тик хэрэгжих боллоо. Тийм учраас 2008 оны дол­дугаар сарын 1-ний үй­мээнд улс төр, сэтгэл­зүй, сонгуулийн техноло­гийн талаас бодитой дүг­нэлт хийх нь хэрэгтэй бө­гөөд сургамжтай юм. Үү­нийг зөвхөн цагдаагийн ху­рандаа нарыг яллах шүүх хурлаар хязгаарлаж бо­лохгүй. Монголд өнөө­дөр нийгмийн баялгийн төлөөх зарлаагүй дайн эхэл­жээ гэж хэлж болно. Эл зорилгодоо бурантаг­луу­лан хөтлөгдсөн олгиар­хиуд 2012 оны УИХ-ын сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялахыг урьтал болгож байна. Түүний нэг илрэл нь эрх баригчид өөрсдийн мэдэлд байгаа хууль хяналт, хүчний бай­гуул­лага, хэвлэл мэдээл­лийн хэрэгслийг ашиглаж өрсөлдөгчөө хэзээ ч босч ирэхээргүйгээр нам дарж авахыг санаархаж байгаа явдал мөн. Монголд улс төрийн шуурга нэгэнт дэгджээ. Энэ шуурга цаа­шид хаа­шаа яаж эргэхийг, Мон­голын ард түмэнд ямар хор уршиг авчрахыг таа­вар­лан хэлэхэд тун бэрх юм. УИХ-ын 2012 оны сон­гуульд иргэд сон­гогчид хэрхэн яаж хан­дахаас их зүйл шалт­гаална.