Б.БАРС
Гонзо хэмээх сэтгүүлзүйн нэгэн этгээд урсгалыг үндэслэгч АНУ-ын сэтгүүлч, зохиолч Хантер Томпсон 1937 оны долдугаар сарын 18-нд Кентакки мужийн Луисвилл хотод төржээ. Багаасаа хэлэмгий, хурц үгтэй байсан тэрээр цэргийн алба хаших үедээ нисэх хүчний ангийнхаа сонинд төдийгүй орон нутгийн хэвлэлд удирддаг офицеруудаа эрс шүүмжилж байсан гэдэг. Иймээс ч нисэх хүчний удирдлага цэргийн албан хаагчдын сахилга бат сулрахаас сэргийлэн түүнээс салахын түүс болж хугацаанаас нь өмнө халсан аж.
Хантер Томпсон 1970 онд “Scanlan’s Monthly” сэтгүүлийн эрхлэгчийн даалгавраар Кентаккигийн дерби морин уралдаан сурвалжлахаар болжээ. Тэрээр архи ихээр уун хараал урсгах үзэгчдийн ааш аягт ихээр гайхшран дэлгэрэнгүй бичиж тэмдэглэсэн аж. Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлтэд шилжүүлэх болоход Хантер Томпсон нийтлэлээ дуусгаагүй байсан бөгөөд эрхлэгчдээ арга буюу өнөөх тэмдэглэлийнхээ хэдэн хуудсыг илгээжээ. “Доройтож завхарсан Кентуккигийн дерби” гарчигтай гарсан түүний нийтлэл олон нийтийг ихээхэн цочроосон юм.
Чухам энэ нийтлэлийг уншаад “The Boston Globe” сэтгүүлийн эрхлэгч Билл Кардозо гонзо сэтгүүлзүй гэх томъёоллыг анх хэрэглэжээ. Санаанаасаа зохиосон баримтууд заримдаа үнэнээс илүү байдаг гэх нэрт зохиолч Вильям Фолкнерийн санааг дэмжин сэтгүүл зүй бодит үнэнийг хүргэдэг гэдгийг ямар ч ор үндэсгүй үлгэр гэж үздэг байсан тэрээр Гонзо сэтгүүлзүйн эцэг болсонд мэдээж гайхах зүйлгүй.
Гонзо сэтгүүлзүйд сэтгүүлч тухайн үйл явдлыг өөрийн өнцгөөс маш субъективээр дүрслэн янз бүрийн ишлэл, ёжлол, хошигнол, хэтрүүлэг, тэр ч бүү хэл соёлгүй үг хэллэг ашигладаг байна. Хантер Томпсон 2005 онд амиа егүүтгэхээсээ дөрвөн хоногийн өмнө хөгшрөлт, үхлийнхээ тухай өнөөх л Гонзо хэлбэр бүхий “Хөлбөмбөгийн улирал дуусав” гарчигтай зурвасанд, “Үүнээс хойш ямар ч тоглоом үгүй. Ямар ч тэсрэх бөмбөг үгүй. Ямар ч зугаалга, баяр хөөр үгүй. Усанд сэлэлт ч үгүй. 67. Энэ чинь тавиас даруй арвандолоогоор их. Миний хүссэнээс арвандолоогоор их гэсэн үг. Уйтгартай...” гэж бичжээ.
1325 ОН
Ацтекийн эзэнт гүрний Теночтитлан нийслэлийг Тескоко нуурын эрэгт үүсгэн байгуулжээ.
1918 ОН
Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах дэглэмийн эсрэг тэмцсэнийхээ төлөө 28 жил шоронд хоригдсон Нельсон Мандела төржээ. Тэрээр хожим Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн билээ.
1925 ОН
Германд Адолф Гитлерийн бичсэн “Mein Campf” (“Миний тэмцэл”) ном худалдаанд гарчээ.
1936 ОН
Бүгд найрамдах ардчилсан засаглалтай Испанид генерал Франсиско Франкогийн удирдсан цэргийн бослого гарчээ. Испанид дэгдсэн иргэний дайны үеэр дарангуйлагч Ф.Франкод нацист Герман цэргийн туслалцаа үзүүлж, харин бүгд найрамдахчуудын талд дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн мянга, мянган сайн дурынхан тулалдсан юм.
1938 ОН
Холливудын нэрт кино найруулагч Пол Верховен төржээ. Нидерландын иргэншилтэй тэрээр Холливудад анх уригдаад “Робот цагдаа”, “Бүхнийг эргэн санасан” гээд анхны кинонуудаараа л шилдэг найруулагчдын эгнээнд орж ирсэн байна.
1980 ОН
Энэтхэг улс “Рохини-1” хиймэл дагуул хөөргөснөөр дэлхийн найм дахь сансрын гүрэн болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин