Германы Мангейм хотын Рингштрассе гудамжинд 1886 оны долдугаар сарын 3-нд инженер Карл Бенз урьд өмнө үзэгдээгүй гурван дугуйтай хачирхалтай тэргийг унаж 16 км/цаг хурдлан хурсан олныг алмайруулжээ. Авъяаслаг зохион бүтээгч Карл Бенз олон жил хөдөлмөрлөн байж зохион бүтээсэн дэлхийн анхны автомашинаа “Benz Patent-Motorwagen” гэж нэрлэн патент авчээ.
Дөрөв бус гурван дугуйтай л болохоос биш “Benz Patent-Motorwagen”-ы бензинээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүр, резинэн дугуй, карбюратор, жолооны удирдлага гээд автомашины зармын гол элементууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн аж.
Хоёр хүний суудалтай, 265 кг жинтэй тус автомашины нэг цилиндртэй хөдөлгүүр 954 см-ийн эзлэхүүнтэй, нэг морины хүчтэй байжээ.
Сонирхолтой нь, Карл Бензийн эхнэр Берта Бенз хоёр хүүгийнхээ хамт 1888 онд ээжийгээ эргэхээр нөхөртөө хэлэлгүй нууцаар “Benz Patent-Motorwagen”-ыг хөлөглөн 104 км зам туулан амжилттай аялжээ. Ийн аялсан нь анхны автомашинд сайн сурталчилгаа болж тун удалгүй анхны худалдан авагч гарч иржээ. Харамсалтай нь тэр худалдан авагч тун удалгүй галзуугийн эмнэлэгт хэвтсэн гэдэг.
1423 ОН
Францыг төвлөрсөн хаант улс болгосон XI Луи төржээ.
1583 ОН
Оросын Догшин Иван хаан учир битүүлэг шалтгаанаар өөрийн хүүгээ таягаараа цохин хөнөөжээ.
1815 ОН
Ватерлоогийн тулалдаанд ялагдан Францын хаан ширээнээс буусныхаа дараа Наполеон Бонапарт Рошфорд боомтод Их Британийн цэрэгт баригджээ. Тэрээр АНУ-руу зугтахаар зэхэж байсан аж.
1883 ОН
Австрийн зохиолч Франц Кафка төржээ. Тэрээр абсурд уран зохиолыг үндэслэгчдийн нэг гэдэг билээ.
1928 ОН
АНУ-д анхны телевизор худалдаанд гарчээ. Анхны телевизор 75 долларын үнэтэй байсан аж.
1941 ОН
Аугаа эх орны дайн эхэлснээс хойш ЗХУ-ын удирдагч И.Сталин анх удаа радиогоор ард түмэндээ хандан үг хэлжээ.
1938 ОН
Хонгконгийн кунг-фугийн мастер, нэрт жүжигчин Боло Янг төржээ. Тэрээр Брюс Литэй хамт кинонд эхэлсэн бөгөөд ямагт харгис хэрцгий муу талын дүр бүтээж алдаршсан юм.
1947 ОН
АНУ-ын Нью-Мехико мужийн Росвеллд сүйрсэн нисдэг таваг, хүнтэй төстэй үл мэдэгдэх амьтдын цогцос олдсон гэдэг.
1962 ОН
Холливудын од Том Круз төржээ. Тэрээр гурван удаа “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн бөгөөд “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн ч гардаж чадаагүй билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин