Д.ГЭРЭЛ

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хэд хэдэн нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн талаарх гомдол Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагад ирсэн байна.

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Ц.Оюунсайханы нэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн татсан гэдгийг Сонгулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэв. Сонгуулийн тухай хуулиар шашны холбогдолтой үйл ажиллагаа явуулахыг хориглосон байхад нэр дэвшигч дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Мөн нэр дэвшигч нь давж заалдахгүй, торгуулийн мөнгөө төлсөн гэсэн тайлбарыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн тул нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна.

УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбоотой гомдол ирж, аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Гэвч нэр дэвшигчийн зүгээс давж заалдах хугацаа дуусаагүй байна гэдэг тайлбар ирүүлсэн тул энэ асуудлыг хойшлуулжээ.

Мөн УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдол гарчээ. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ сарын 24-нд болж, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэх шийдвэр гаргасан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа гар дээрээ аваагүй, давж заалдах хугацаа дуусаагүй байна гэж үзсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг нэр дэвшигч Х.Болорчулууны адил хойшлуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин