Б.ТУУЛ
Өндөр өсгийтэй гутланд дургүй бүсгүй гэж бараг үгүй биз ээ. Учир нь гутлын өсгий өндөрсөх тусам бүсгүйн бие, галбирыг төгс сайхан харагдуулж, алхаа гишгээг засаж өгдөг. Гэвч бүсгүй та өдөр бүр өсгийтэй гутал өмсөхөөс татгалзах хэрэгтэй. “Яагаад болохгүй гэж?” гэсэн асуултанд тань Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан зөвлөж байна.
Өндөр өсгийтэй гутал нь хөлийн өлмий болон хуруунд их ачаалал өгдөг. Ингэснээр бие ядрах, цаашлаад хөлийн доод хэсгийн ясны бүтцэд өөрчлөлт оруулдаг. Иймээс таван сантметрээс дээш өсгийтэй гутлыг өдөр бүр өмсөх нь тохиромжгүй. Хөлийн ясны бүтцэд өөрчлөлт орно гэдэг нь эрхий хурууны дээд үены яс хэт их ачааллаас болж нааш төвийж гарах эсвэл яс ургахыг хэлж байгаа юм. Ихэвчлэн 25-аас дээш насанд элбэг тохиолддог. Болж өгвөл эрт дээр нь эмчид хандах нь зүйтэй. Энэ төрлийн эмчилгээг зөвхөн мэс ажилбарын аргаар ангаадаг. Мэс ажилбар хийхэд нас хамаарахгүй ч 25-35 насанд илүү эмчлүүлбэл тохиромжтой байдаг. Өндөр өсгийтийн бас нэг сөрөг нөлөө нь хазгай, хэлтгий гишгэх магадлалыг ихэсгэдэг. Хазгай гишгэснээр хөлийн шагай булгарах, зөөлөн эд гэмтэх, яс цуурах гэх мэт аюултай. Цаашид хөлийн яс янгинаж өвдөх, далий, хазгай эдгэхээс сэргийлж энэ үед заавал мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn