Б.Туул
“Биеийн жингээ хэвийн хэмжээнд барихыг хүсдэг хүн бүр хоол сойж өөрийгөө зовоох хэрэггүй. Хоол хүнс нь хүний биед байх ёстой шим тэжээлийг нөхөж байдаг хамгийн чухал хэрэглээ. Харин үүний оронд энэхүү зөвлөгөөг дагаад үзээрэй” гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч С.Булганчимэг зөвлөж байна.
-Таргалалт ер нь юунаас үүдэлтэй юм бэ. Хоол их идсэнээс болдог уу, хөдөлгөөн хийхгүй байхаас үүсдэг үү. Хамгийн хялбархан аргаар яаж турах вэ?
-Таргалалт нь дотроо олон янз байдаг. Жишээлбэл хөдөлгөөний дутагдлаас үүссэн таргалалт, гармоны өөрчлөлтөөс үүссэн таргалалт мөн удмын таргалалт гэх мэт байдаг. Таргалалт нь идсэн хоолныхоо килокалорын хэмжээнд дүйцэхүйц хөдөлгөөн хийгээгүйгээс үүддэг. Юуны түрүүнд та зургаан цагаас хойш хоол идэх гэсний хэрэггүй. Мөн хэт цадталаа идэх нь ходоодонд аюултай. Иймээс та оройдоо ганц аяга тараг уугаад л унт. Таргалалттай тэмцэх хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн. Өдөр бүр идсэн хоолны килокалоритой тэнцэх хэмжээний хөдөлгөөн хйиснээр та өөрийн хэвийн жингээ барьж чадна. Ер нь хөдөлгөөн гэдэг хүний эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй эмгүй эмчилгээ юм.
- Целлюлитээ задлах тос түрхэх, массаж хийх нь хэр сайн арга вэ. Энэ нь турахад нөлөөлөх үү?
-Целлюлит нь тарган ч бай туранхай ч бай аль алинд нь үүсэх магадлалтай. Целлюлит үүсэх үндсэн хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт гармоны өөрчлөлт энэ нь эмэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог өндгөвчний үйл ажиллагааны өөрчлөлт буюу строген дааврын ихсэлт багасалтаас шалтгаалдаг. Хоёрдугаарт нь өтгөн хатах буюу бүдүүн нарийн гэдэсний өөрчлөлтөөс болж үүсдэг. Целлюлит гэдэг нь өөхөн эсийн дүрс хувирал юм. Үүнээс болж цусан хангамж багасч таргалдаг. Целлюлит үүссэнийг яаж мэдэх вэ гэвэл арьсаа чимхээд үзэхэд арьс бага зэрэг биржгэр байвал целлюлит үүссэн гэж үздэг. Мөн үүнийг 4 ангилж үздэг. Нэгдүгээрт гарьс гөлгөр боловч чимхэж үзэхэд ил харагддаг. Хоёрдугаарт чимхэж үзээгүй байсан ч ил харагдах. Гуравдугаарт биеийн 1/3-ээс 75 хувь хүртэл целлюлит үүсэн байдаг. Дөрөвдүгээр зэрэг нь ил харагдах ба чулуужиж өөх үүссэн байдаг. Үүнийг эмчлэх арга бол целлюлит задлах тос түрхэх, мөн целлюлит үүссэн хэсэгт массаж хийх юм.
Эх сурвалж: www.polit.mn