Социалист болон капиталист ертөнцийг хуваасан хүйтэн дайны хамгийн алдартай бэлгэдэл гэгдэж байсан Берлиний хана нурж, улмаар 1990 оны аравдугаар сарын 3-нд хоёр Герман эргэн нэгдэж нийслэлээрээ Берлин хотыг зарлан тунхаглажээ. Хэдий тийм ч тус улсын парламент, Засгийн газар хаана байрлах талаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй аж. Германы парламент Бундестаг удаан хэлэлцсэний эцэст 25 жилийн тэртээ, 1991 оны зургадугаар сарын 20-нд ердөө 17 саналын зөрүүтэйгээр Бундестаг болон Засгийн газрыг Бонноос Берлин рүү шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин нийслэлийн статусаа алдсан Боннд нэлээд хэмжээний нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Үүний дараа Берлин Европ дахь барилга бүтээн байгуулалтын хамгийн том талбар болсон бөгөөд 1994 онд тус хот руу Германы Ерөнхийлөгчийн Тамгын газар, 1999 онд Бундестаг, Засгийн газар нүүж иржээ. XII зуунд үүссэн хоёр хотыг нэгтгэснээр бий болсон Берлин 1486 оноос Бранденбургийн вант улсын, 1701 оноос Пруссийн, 1871 оноос Герман гүрний нийслэл байсан билээ. Харин ХХ зуун гарснаар 1919-1933 онуудад Германы бүгд найрамдах улсын, 1933-1945 онуудад гуравдугаар рейхийн нийслэл байсан Берлиныг дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотнууд өөр өөрийн хяналтын бүсэд хуваажээ.
Англи, АНУ, Франц хяналтын бүсүүдээ нэгтгэснээр онцгой статустай Баруун Берлин хот бий болсон бол ЗХУ-ын хяналтын бүс дахь хотын зүүн хэсэг 1990 он хүртэл БНАГУ-ын нийслэлийн үүрэг гүйцэтгэсэн юм. НАТО-г сөргүүлэн байгуулагдсан Варшавын хэлэлцээрийн орнуудын шийдвэрээр 1961 онд баруун болон зүүн Берлиныг тусгаарлах 47 км урт бетон ханыг босгосон бөгөөд тус ханыг 1989 оны ардчилсан хувьсгалын үеэр л нураажээ.
Өдгөө 3.5 сая хүн амтай Берлин нь Лондоны дараа ордог баруун Европын хоёрдахь том хот юм.
1937 он
ЗХУ-ын домогт нисгэгч В.Чкаловын ахалсан “АНТ-25” онгоцны багийнхан анх удаа Москвагаас хойд туйлын дээгүүр нисэн АНУ-д газарджээ. Үүнээс хоёр жилийн өмнө ийм оролдлого хийсэн АНУ-ын В.Пост нислэгийн үеэр амь үрэгдсэн аж. АНУ-д эрэлхэг нисгэгчдийг салют буудан маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Ф.Рузвельт хүртэл Цагаан ордонд урин уулзсан байдаг.
1940 он
Латвид ЗХУ-ын цэрэг цөмрөн орсноос хойш гурван хоногийн дараа тус улсад коммунист профессор А.Кирхенштейны удирдсан түр Засгийн газар байгуулагджээ.
1950 он
Америкийн нэрт дуучин, “Оскар” болон таван “Грэмми” шагналтай Лайонел Ричи төржээ. Тэрээр 1985 онд попын хаан Майкл Жексонтой хамтран “We Are the World” дууг зохиосон юм. Африкийн өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслахаар нэгдсэн Америкийн одод энэ дууг хамтран дуулсан билээ.
1959 он
ЗХУ-ын удирдлага атомын бөмбөгийн технологийн зургийг шилжүүлэн өгөхийг хүссэн Хятадын удирдагч Мао Зедунд татгалзсан хариу өгчээ.
1967 он
Холливудын од, Австралийн авъяаслаг жүжигчин эмэгтэй Николь Кидман төржээ. Тэрээр 2003 онд “Цаг” кинонд бүтээсэн гол дүрээрээ “Оскар”-ын шагнал гардсан юм.
1967 он
Вьетнамд байлдаж буй АНУ-ын армид цэргийн алба хаахаас татгалзсан мэргэжлийн боксын дэлхийн аварга Мохаммед Алиг шүүх хурал болж, түүнд 10 мянган доллараар торгох, таван жил хорих ял оноосон байна.
1992 он
Тувад ОХУ-аас тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулах гарын үсэг цуглуулах аян эхэлжээ.
2001 он
Туркийн парламент Чеченийн хээрийн командлагч Ш.Басаевт цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин