Н.МӨНХЖИН
Нисгэгчгүй нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын Ehang фирм ойрын үед туршилтын нислэгээ АНУ-ын Невада мужид хийхэд бэлэн болоод байна. Одоогоор нисгэгчгүй нисэх онгоц нь нэг зорчигчийн багтаамжтай, 100 кг-аас илүүгүй ачаа тээвэрлэх чадалтай. Ийм ачаатай нисгэгчгүй нисэх онгоц 200 метрийн өндөрт гарч 100 км/цаг хурдтай нисч чадна. 2-4 цагт хүрэлцэх цэнэглэгч, зайн тусламжтайгаар шинэ нисэх онгоц ажиллах ажээ. Нэг дутагдалтай тал байгаа нь уг төхөөрөмж агаарт 23 минутаас илүү хугацаагаар байж чадахгүй.
Зорчигч тээврийн дроныг ухаалаг гар утсанд суулгасан тусгай программын тусламжтайгаар удирдах юм. Газраас, хөдөлж буй тээврийн хэрэгслийн бүхээгнээс ч удирдах боломжтой ажээ. Америкууд нисэгчгүй нисдэг төхөөрөмжийн судалгаа, хөгжилд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж байна. Энэ туршилт амжилттай болвол нисгэгчгүй агаарын такси нь Невада мужийн тээврийн системийн нэг хэсэг болох ажээ. Нисгэгчгүй төхөөрөмжийн агаарт байх хугацааг уртасгаж, мөн гар удирдлагын нөөцийн систем суулгаж өгөх шаардлага гарч байна. Ehang 184 дроныг 2016 оны нэгдүгээр сард Невадагийн технологийн үзэсгэлэн яармаг дээр анх танилцуулж байжээ. Ийм нисдэг төхөөрөмж 200-300 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин