Үнэн худлын дэнс

Т.АНАНДА

Оросын дуулиан дэгдээгч сайтуудын нэг болох “Апостроф”-т ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг төрийн эргэлт хийх замаар зайлуулж болох тухай улстөр судлаачийн мэдэгдлийг ид хэлэлцэж байна.

Оросын улстөр судлаач Станислав Белковский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг төрийн эргэлтээр зайлуулж болох, эсэхийг цэгнэж үзжээ. Тэрбээр энэ тухайгаа “Delfi”-д өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьсан байна.

Белковский орчин үеийн Орос оронд хувьсгал гарах боломжтой юу гэсэн асуултад дараах маягаар хариулсан байна. “Хувьсгал нь үргэлж л боломжгүй гэсэн категорид хамаарсаар ирсэн. 1916 оны аравдугаар сард Владимир Ильич Ленин манай үеийнхэн хувьсгалыг үзэж чадахгүй байх хэмээн мэдэгдэж байсан бол хагас жилийн дараа гэхэд Финляндын галт тэрэгний буудалд хөл тавьж, улс орон дох хувьсгалт үйл явцыг манлайлагчдын нэг болсон билээ” гэж улстөр судлаач нэхэн өгүүлжээ. Тэрбээр цааш нь “Хувьсгалыг урьдчилан таамаглах, дүгнэх боломжгүй, хувьсгал нь эсвэл гэнэт өрнөдөг, эсвэл өрнөхгүй. Энэ утгаар нь авч үзвэл Оросын төрийн эрх баригчдыг солих явдал нь хэд хэдэн тохиолдлын үйл явдлуудын үр дүн байх болно” гэжээ. Белковский “Төрийн эргэлт гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь кремлийн элитүүдийн тодорхой хэсэг нь 2014 оноос хойш хэрэгжиж буй Өрнөдтэй сөргөлдөх бодлогод сэтгэл дундуур байна. Тэгээд ч энэ сөргөлдөөнийг ганцхан арга замаар буюу Оросын ерөнхийлөгчийг солих замаар шийдвэрлэнэ гэдгийг бүгд ойлгож байгаа” хэмээн онцолсон байна.

Тэгвэл оросын сэтгүүлч Александр Невзоров ч орчин үеийн Орос оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвхөн хувьсгал хийх арга замаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг “Апостроф” мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn