Т.БАТСАЙХАН
“Алдар” спорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнийн хонхны цуглуулга тун сонирхолтой. Элдэв содон чимэглэлтэй, олон өнгө холилдсон, болор шил нь гялтганасан гээд уг нь бол эмэгтэй хүнд байхаар хобби. Гэхдээ хурандаа маань элдэв чамин хонхнуудаа ямар ч эмэгтэйгээс дутахааргүй өнгөлөг сайхан авч явна. Тэрээр цэргийн хүн учраас анх хутга цуглуулдаг байжээ. Гэсэн ч хүйтэн мэс гээд гэрийнхэн нь таатай хүлээж авсангүй. Тиймээс жингэнэн дуугарахаараа сайн сайхныг уриалан дуудаж, муу бүхнийг үргээн арилгадаг хэмээн бэлгэшээж хонх цуглуулж эхэлсэн байна. Одоо түүний цуглуулгад ОХУ, Австрали, Франц, Герман, Япон зэрэг 40 орны 120 гаруй хонх эзнээ баясгаж байна. Тэрээр “Хүн ер нь өөрийн сонирхсон ямар нэгэн зүйлээ цуглуулах хэрэгтэй. Цуглуулгатай хүн зорилготой болдог. Тэрхүү зорилго нь амьдралд амт нэмдэг юм шүү” гэж байв. Д.Цог-Эрдэнэ олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо тухайн орноос хонх авч, цуглуулгаа баяжуулдаг. Өөрөө явж чадахгүй бол “Алдар” хорооны тамирчдадаа “Хонх аваад ирээрэй” хэмээн захиас дайна.
Сүүлийн үед түүний цуглуулгыг мэддэг болсон зарим нь сайн дураараа авч ирж бэлэглэдэг болжээ. Тэрээр цуглуулгыг маань баяжуулж өгдөг тамирчдадаа баярлаж явдгаа хэлж байв. Цуглуулгын ихэнхийг болор, шил, шаазан хонх эзлэх бөгөөд өлгөсөн байгааг харахад шинэ жилийн чамин чимэглэл адил гялтганан харагдах нь үзэсгэлэнтэй ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин