Б.БАРС
ЗХУ-ын маршал Г.Жуковын удирдсан Улаан Армийн нэгдүгээр фронтын цэрэг нацист Германы нийслэл Берлин хотод долоон хоног гудамжны ширүүн тулалдаан хийсний эцэст 1945 оны тавдугаар сарын 2-нд тус хотыг бүрэн эзэлж авчээ. Нацист Германы Засгийн газар байрлаж байсан Рейхстагийн ордны орой дээр ЗХУ-ын далбааг мандуулсны дараа Берлины хамгаалалтыг удирдаж байсан генерал Г.Вейтлингийн цэрэг мөн өдрийн 15.00 цагт үг дуугүй бууж өгөн зэвсгээ хураалгасан юм. Үүнээс өмнөхөн Германы удирдагч А.Гитлер амиа хорлосон нь тодорхой болсон билээ.
Берлины төлөөх тулалдаанд Улаан Армийн 500 мянган цэрэг Германы 200 мянган цэрэгтэй тулалдсан гэдэг. Берлиныг эзлэн авсны дараа ЗХУ-ын Улаан Арми Австри, Чехсловак дахь Германы армийн үлдэгдлийг бүслэн устгаснаар 1945 оны тавдугаар сарын 9-нд Европ тивд зургаан жил үргэлжилсэн хөнөөлт дайн өндөрлөсөн түүхтэй.
МЭӨ 47 он
Эртний Ромын суут жанжин Юлий Цезарь Зелийн тулалдаанд Понтийн хаан Фарнакийн цэргийг бут цохиод “Ирлээ, харлаа, яллаа” гэх алдарт үгээ хэлсэн гэдэг.
1729 он
Хожим Оросын хаан II Петртэй гэр бүл болж, улмаар II Екатерина нэрээр тус улсын хатан хаанд өргөжлөгдсөн Германы гүн София Фредерика мэндэлжээ.
1902 он
Францын найруулагч Жорж Мельесийн бүтээсэн “Сарыг зорьсон аялал” хэмээх дэлхийн анхны уран зөгнөлт кино дэлгэцнээ гарчээ.
1962 он
Английн хөгжмийн чаартыг анх удаа “Билтз” хамтлагийн “From Me to You” дуу долоон долоо хоногийн турш тэргүүлэв.
1975 он
Английн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхем төржээ.
1982 он
Англи, Аргентины хооронд маргаантай Фолклендийн арлын төлөө дайн эхэлж Английн шумбагч онгоц усан дороос торпедоор довтолсны дараа Аргентины цорын ганц крейсер хөлөг онгоц “Генерал Белграно” живж 362 хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин