Э.ӨНӨР
“Маяачуудын он тоолол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусч, дэлхий сөнөнө. Дэлхийг нарны аймгийн гариг мөргөнө. Энэ үеэр гурван өдөр нар гарахгүй. Ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэрнэ” гэх яриа олны дунд тархаж байгаад одон орон судлаачид эмзэглэж буйгаа илэрхийллээ. Тэд шинжлэх ухааны үндэслэлгүй цуурхлаар хүмүүсийг үймүүлж байгааг шүүмжилсэн юм. Одон орон Геофизикийн судалгааны төвийн эрдэмтэд “Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Дэлхий сөнөхгүй гэдгийг шинжлэх ухааны баримттай хэлье” гэв. Тус төвийн захирал, шинжлэх ухааны доктор Ү.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Дэлхий сөнөхгүй гэдгийг эрдэмтэд хэрхэн баталж байгаа вэ?
-”Маяачуудын тоолол арванхоёрдугаар сарын 21-ний өдөр дуусч дэлхий сүйрнэ. Нарны аймагт ховор үзэгдэл тохионо. Үүнээс болж гурван өдөр харанхуй үргэлжилнэ” гэсэн мэдээлэл олны дунд гараад удаж байна. Тиймээс манай төвийн эрдэмтэд хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Дэлхий сөнөх тухай яриа таамаг ч биш цуу үг. Өмнө нь 2005 оны тавдугаар сард “Дэлхий сөнөнө” гэж ярьж байсан. Тийм зүйл болсонгүй. Маяачуудын тоололын тухай ярьж байна. Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугисан. Шинжлэх ухаан хөгжиж дэлхийд ойртож байгаа том биетүүд, аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон. Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон шүү. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугисан. Дэлхий бол ганц хатуу бөмбөрцөг биш. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км-ийн цаагуур соронзон мандал бий. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйлруугаа аваачдаг. Тэнд бөөмс энергиэ алдаж туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй. Туйлын туяа гэдэг зүйл манай дунд өргөрөг хүртэл ажиглагддаг.
-Нарны аймгийн гариг дэлхийд ойртоно. Энэ үеэр олон өдөр харанхуй болно гэсэн яриа байгаа?
-Нарны аймгийн гариг дэлхийд 2036 онд бага зэрэг ойртож, эргэн өөрийн замдаа орно гэсэн эрдэмтдийн судалгаа байгаа. Гэхдээ энэ үеэр юу ч болохгүй. Дэлхий байдгаараа л байна. Нарыг хаана гэдэг худал зүйл. Том гаригууд дэлхийн нөгөө талд байгаа. Тэгэхээр яагаад ч нарыг сүүдэрлэнэ гэж байхгүй. Ямар ч баримтгүй, шинжлэх ухааны үндэсгүй зүйл ярьж хүмүүсийг сандаргаж байна. Дэлхий сөнөнө гэж юу яриад байгаа юм. Саяхан телевизээр нэг эмэгтэй “Кранууд дэлхийн соронзон орны хүчээр тогтож байдаг. Дэлхийн соронзон орон тэг болохоор энэ кранууд унана” гэж ярьж байсан. Энэ мэт одон орон, амьдарч байгаа дэлхийнхээ талаар мэдлэггүй хүмүүс ор үндэсгүй зүйлийг тарааж байна. Тиймээс ирэх сарын 30-нд Сансар судлалын ордон нээж, иргэдэд одон орны талаар мэдээлэл түгээхээр төлөвлөж байна.