Ч.ЗОТОЛ
Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчиж байна гэсэн Цэцийн шийдвэр намуудын хооронд маргаан дагуулж, иргэдэд эргэлзээ төрүүлж байна. Энэ сэдвээр МАХН, МҮАН, ИЗНН хамтран “МАНАН-гийн захиалга ба Сонгуулийн хууль” сэдэвт өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хуралд оролцогчид, гурван намаас гаргасан шийдвэрт “Цэц сонгууль болохоос хоёрхон сарын өмнө МАНАН-гийн захиалгаар шийдвэр гаргасан нь төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн, улс төрийн ноцтой алдаа, гэмт үйлдэл боллоо. Нам дагасан улс төр, бизнесийн бүлэглэл төрд хугацаагүй ноёрхлоо хуульчилж тогтоох гэсэн балмад үйлдэл. Төрийн эргэлтийн шинжтэй хуйвалдааны хуулиар тоглоомын УИХ тогтоох гэсэн санаархлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Хуралдаанд гурван намын гишүүд, төлөөлөл, хэвлэл, мэдээллийнхэн оролцсон. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Завхруулсан хууль ба луйврын сонгууль”, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “МАНАН-гийн захиалга төрийн эргэлтийн шинж агуулж байна”, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Сонгуулийн тогтолцоо ба төрийн чадамж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэе.
Н.Энхбаяр /МАХН-ын дарга/: БИД АРД ТҮМЭНДЭЭ СААД БОЛОХ ГЭСЭНГҮЙ САНАЛАА ХЭЛЬЕ
-Цэц 2012 онд Сонгуулийн хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн. Тэгвэл одоо сонгууль болохоос хоёрхон сарын өмнө яагаад Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэлт гаргаж байна вэ. Энэ цэвэр захиалга. Хэний захиалга вэ, МАНАН-гийнх. Үүнийг онолоор нь ч хэлсэн, практикаар нь ч хэлсэн Монголын ардчилалд, Монголын эв нэгдэлд асар том аюул занал учруулсан, монголчуудыг дотор нь хагаралдуулсанхуучин зарчим руугаа шилжих гэж оролдсон аюултай алхам. Тиймээс саналаа хэлье гэж бид энд цугларсан. Түүнээс ард түмэнд саад болох гэж хэдэн хүн цугласан юм биш. Эсвэл өөрсдийн төлөөллийн хэдэн хүнээ сонгох гээд байхад нь бид саад болсон юм байхгүй. МАН, АН-ын саналыг өнөөдөр рейтингээр аваад үзвэл хэд байгаа вэ. Дээр нь МАХН ороод Сант-Маргадын судалгаагаар МАН-ынх 21, АН-ынх 17, МАХН-ынх 11 хувьтай, нийлээд 49 хувийн рейтингтэй байна гэсэн үг. Тэгвэл 51 хувь нь яах вэ. ИЗНН таван хувь байгаа байх. МҮАН-ын тодорхой хувь бий. Бага багаар хувиудыг үгүйсгэсээр байгаад үнэн хэрэгтээ тэд 51 хувь хүртэл цөөнх болжээ. Мэдээж МАХН-аас хүн сонгогдож таарна. Бид хэдэн хүн гаргачихна гээд зүгээр сууж болохгүй. МАНАН-гийн дарангуйллыг бий болгох гэж байгаа, хиймэл УИХ-ыг бий болгох гэж байгаа наанаа хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдөө гарч ирж, нийгмийн саналын талыг хогийн сав руу хаях гэж байгаа оролдлогыг бид эсэргүүцэх болно.
М.Энхсайхан /МҮАН-ын дарга/: НИЙГМИЙГ ЭМХ ЗАМБАРААГүЙ БАЙДАЛ РУУ ТҮЛХЭЖ БАЙНА
-Ж.Сүхбаатарын хэлсэн Монгол Улс энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд мөнхөд пропорциональ тогтолцооноос татгалзаж байгаа мэт ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу. “Шударга ёс” эвсэл сонгуулийн хуулийг өөрчилж байхад ямар байр суурьтай байсныг та бүгдэд хэлчихвэл, ойлгомжтой байна байх. Бид 76 гишүүний 50 хувь нь мажоритар, 50 хувь нь продорциональ байх нь зөв гэж хэлж байсан. хэрэв 28:48 гээд явбал 48 нь 28-ыгаа чи хаанаас гараад ирсэн юм бэ гэж голдог. Тэнцүү байвал ийм маргаан гарахгүй. Пропорциональ тогтолцооны эсрэг том намууд яагаад ийм байдалд орчихов гэвэл, хуучинсаг хүмүүсээсээ салъя гэсэн залуучуудын хөдөлгөөн байгаа байх. Энэ АН дотор ч, МАН-д ч бий. Энэ утгаараа тэнд болж байгаа үзэгдлийг үе солигдох үзэгдэл буруу хэлбэрээр гарч ирж байна уу гэж харж байна. Санаа зовоож байгаа асуудал юу вэ гэвэл, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, төрийг илүү чадамжтай болгодог сонгуулийн тогтолцооноос улам бүр алслагдаж явах нь буруу. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн байр сууриасаа татгалзаж байгаа нь буруу. Сонгуульд орох гэж байгаа намууд нь, саналаа өгөх гэж байгаа сонгогч иргэд нь ямар хуулиар сонгууль хийх гэж байна вэ гэдгээ мэдэхгүй харанхуй орох нь. Энд дэлхий нийтийн жишиг алдагдаж байна. Энэ байдлаар сонгууль хийх юм бол иргэдийг төөрөлдүүлсэн болно. Сонгогдсон УИХ, Засгийн газар эрх зүйн чадамжгүй. Энэ нь цаашид эмх замбараагүй байдал руу түлхэхэд хүрнэ.
Ц.Ганхуяг/ИЗНН-ын дарга/ : ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
-Цэцийн шийдвэртэй холбогдуулж хэлэхэд, төрийн эргэлтийн шинжтэй үйл ажиллагаа болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн 2.2.1.2-т зааснаар бол Сонгуулийн тухай хуульд сонгууль явагдахаас зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахыг хориглоно гэж бий. Хүний эрхийн энэ асуудлыг хоёр том нам хайхрахгүй юм байна. Эмэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулах юм байна. Бусад нам, хүчнийг улс төрийн зах зээлээс шахахыг хүсч байгаа юм байна. Зөвхөн өөрсдийгөө мундаг гэж үздэг юм байна. Цэц Үндсэн хуулийг манаж, хүний эрхийг хамгаалж,улс орноо зөв зам руу, хууль зүйт нийгмийг хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Цэцийн дээр тэнгэр бий гэж өөрсдөө ярьдаг боловч үйлдэл нь өөр байгааг сая гаргасан дүгнэлт нь харууллаа.
Эх сурвалж:www.polit.mn