Б.БАРС

Хятадын Шенси мужид ард олныг туйлдуулсан их өлсгөлөнгийн үеэр Ли Зичений удирдсан тариачдын бослого амжилтад хүрэн 1644 оны дөрөвдүгээр сарын 25-нд босогчид Бээжин хотыг эзлэн авахад Мин гүрний 16 дахь буюу сүүлчийн эзэн хаан Жу Юзянь ордныхоо хойхно орших Чиншань ууланд өөрийгөө дүүжлэн амиа хорложээ. Үүний дараа ядууст хоол хүнс түгээн ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Ли Зичен өөрийгөө Шүн гэх Хятадын шинэ гүрний анхны эзэн хаанаар өргөмжилсөн аж. Гэвч Мин гүрний жанжин У Сянгуй Нурхач баатрын удирдлага дор нэгдэж хүчирхэгжсэн манжуудад Хятадад нэвтрэх боломж олгожээ. У Сянгуй манжуудтай хоршин Шанхайгуанд болсон тулалдаанд Ли Зиченийн цэргийг бутцохижээ. Ингэснээр, Манжийн Нурхач баатар Бээжинг эзлэн Хятад даяар ноёрхлоо тогтоон Манж Чин улсын эх суурийг тавьсан байдаг. Мин улс Хубилай хааны байгуулсан Монголын Юань гүрнийг түлхэн унагаасан улаан бүчтэнүүдийн бослогоос хойш 370 гаруй жил оршин тогтноод ийнхүү мөхсөн түүхтэй. Улмаар Манж Чин улс дотоодын зөрчил тэмцэлд сульдаж доройтсон Монголыг хэсэг хэсгээр нь эзлэж чадсан билээ.

МЭӨ 30 он

Эртний Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра Ромын хаан Октавиан улс орныг нь эзлэхэд амьдаар олзлогдохыг хүсэлгүй хорт могойнд хатгуулан амиа егүүтгэжээ.

1214

Залгалмайтны сүүлийн хоёр буюу долоо (1248–50), найм дахь (1270) аян дайныг зохион байгуулсан Францын хаан IX Луи мэндэлжээ. Эхний аян дайнд тэрээр Египетийн султанд олзлогдон маш их мөнгө төлөн чөлөөгдсөн бөгөөд дараагийн аян дайнд тарваган тахал тусан өөд болсон юм. Түүний удирдсан цэрэг Европт эргэж ирээд тус тивд маш их хөнөөл авчирсан тарваган тахлыг тараасан байдаг.

1599

Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагч Оливер Кромвел төржээ.

1719

Английн Лондон хотноо Даниэл Дефогийн “Робинзон Крузо” роман хэвлэгдэн гарчээ. Далайчин Александер Селкирк хүнгүй зэлүүд аралд амьдрахад хүрсэн бодит явдлаас сэдэвлэсэн тус номыг адал явдалт уран зохиолын анхдагч гэж үздэг.

1792

Францын доктор Жозеф Гильотин Парисын Гревийн талбайд цаазаар авах ялыг илүү энэрэнгүйгээр гүйцэтгэх зорилгоор бүтээсэн гэх төхөөрөмжийг угсран түүгээр Николя Жак Пелетье гэгч дээрэмчний толгойг анх олны өмнө авчээ. Хүний толгойг хурдан бөгөөд ямар нэг өвдөлт мэдрүүлэлгүйгээр авах зорилготой гильотин төхөөрөмжөөр Францын аугаа их хувьсгалын үеэр тус улсын XVI Людовик хаан, Мари Антуанетта хатан зэрэг 40 мянга гаруй хүнийг цаазалжээ. Францад 1981 онд цаазаар авах ялыг үгүй болгосноор л гильотиныг хэрэглэхээ больсон байна.

1946

Элдэв дуулиан тарьдгаараа алдартай ОХУ-ын улс төрч, Либерал ардчилсан намын дарга В.Жириновский төржээ.

1947

Дэлхийн хөлбөмбөгийн 1970-аад оны шилдэг тоглогчдын нэг, Холландын “тотал” хэмээгдсэн хөлбөмбөгийн цоо шинэ тактикийн удирдаач асан домогт Йохан Кройф төрөв.

1952

Хоккейн спортын бүх цаг үеийн шилдэг хаалгачдын нэг, олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга тамирчин Владислав Третьяк ОХУ-д мэндэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин