Б.ТҮШИГ

Ази, Номхон далайн геополитикийн талаар голчлон бичдэг олон улсын “Дипломат” сэтгүүлд ийм нийтлэл гарчээ.

Онгоцоор удаан ниснэ гэдэг амаргүй. Бид бүгд л нислэг дуусахад байдгаараа бөгтийсөн, үс сахал ургасан, улаан нүдэлсэн хүмүүс нарны гэрэлд гэнэт гараад зогтусдаг шүү дээ. Онгоцоор нисэхдээ би “CNN” сувгийн яалах зөвлөгөөг даган ямагт биед эвтэйхэн хөх жийнс өмсдөг. Гэхдээ би энгийн ангиллаар нисдэг хүн. Харин хувийн онгоцтой байсан бол газардахаасаа өмнө илүү албаны хувцас сольж өмсөнө. Ялангуяа Монголд улаан хивс дэвсэн угтахад Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оронд байсан бол заавал тэгэх байлаа.

4-21-9hХайхрамжгүй хайнга байдал, өчүүхэн жижиг боловч нарийн утга учиртай зүйлс… Сошиал медиа буюу олон нийтийн мэдээллийн сүлжээний өнөөгийн эрин үед тэдгээр зүйлсийг аварга том болтол нь хөөргөдөг болсноор хүмүүсийн анхааралд ч илүүтэй өртөх болжээ. Улс орныхоо гадаад бодлогод сүүлийн үед гаргасан амжилтаараа “асар их авъяастай хүн” гэж үнэлэгдэх болсон С.Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Чингисхааны олон улсын нисэх буудалд эртний эзэнт гүрний дайчдынх шиг хувцастай сүрлэг Монголын хүндэт харуулын өмнө жийнсэн өмдтэй буух зохимжгүй гэдгийг мэдэж мэдрэх соёл, туршлагаар яав ч дутах хүн биш.

С.Лавровын үйлдлийг харуулсан гэрэл зургууд, үүнд дургүйцлээ илэрхийлэх явдал ч тэр дорхноо өргөн тархжээ. Улс төрийн тоймч, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл үүнийг ерөнхийлөн дүгнэхдээ, “Гэртээ угаалтуураа засч янзлахдаа өмсдөг гэмээр хувцастай бууж ирнэ гэдэг Монгол Улсыг үл ойшоож, үл хүндэтгэж, товчдоо бол доромжилсон явдал болов. С.Лавровын жийнс Монголын олон улс дахь нэр хүндийн нэгэн илэрхийлэл боллоо” гэсэн байна. С.Лавров алдаагаа засах гэж Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа зохих ёсоор хувцаслажь зан үйлийн соёлтойгоо харуулан түүнд барьсан хамрын тамхинаас үнэрлэсэн ч олон нийтийн өмнө унасан нэр хүндээ төдийлөн өргөж чадаагүй. Хэдийгээр түүний айлчлал Монгол-Оросын харилцааг гүнзгийрүүлэхэд маш чухал алхам болсон ч Монголын олон нийт үүнийг бус, үл тоомжирлосон үйлдлийг нь л дурсах биз ээ.

Ер нь монголчууд Евразид ноёрхож байсан Чингис хааны их гүрнийг эргэн санагалзаж түүхээрээ амьдардаг улс. Найман зуун жилийн дараа Чингис хааны үр сад Хятад, Орос гэх хоёр их хөршөөсөө урьд өмнө байгаагүйгээр хамааралтай болжээ.  Иймээс ч монголчууд багахан юманд ч хэтэрхий эмзэг ханддаг болсон байж болох юм. Тэд өчүүхэн дохио зангаа, санаандгүй гэмээр ямар нэгэн үйлдлээс үл хүндлэлийн илэрхийллийг олж харддаг бололтой. С.Лавров үүнийг сайн мэдэх хэрэгтэй байв.

С.Лавров түүнчлэн, Ц.Элбэгдорж Москвад 2015 оны тавдугаар сард хүрэлцэн ирж Оросын дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтын баярт оролцоход Монголын нэвтрүүлэгчид цэргийн сүрт жагсаалын үеэр түүнийг В.Путинээс дэндүү хол суулгасныг онцолж байсныг мэдэх ёстой байв.

Тэр мөн, Хятадын дарга Си Жинпин 2014 оны наймдугаар сард Монголд айлчлахдаа ард түмэнд нь найрсгаар ханддагаа харуулах үүднээс Д.Нацагдоржийн алдарт найраглалаас “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж эшлэн хэлснийг мэдэх ёстой байлаа. Монголын алдарт найраглалаас уншихад юу нь буруу байв? Монголын сошиал медиагаар Си Жинпин Монголыг өөрийнхөө төрсөн нутаг гэж хэлснийг далд утга санаа илэрхийлсэн хэрэг хэмээн шуугисан билээ.

Эцэст нь С.Лавров, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны есдүгээр сард олны зураг авахуулах үеэр Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа санамсаргүй халхалсан явдлыг санах ёстой байв. Тэр явдлыг Барак Обама одоо бараг мартсан биз. Харин Монголд түүний тэрхүү үйлдлийг маш том доромжлол гэж өнөөг хүртэл үздэг ажээ.

Монгол шиг омог бардам, үндсэрхэг орнуудад өчүүхэн гэмээр зүйлс ч чухал ач холбогдолтой юм байна. Монголчуудтай харилцахад жижиг сажиг зүйл, ёслол, зан үйл зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Тэгж ажилласан ч хэн нэгнийх нь үйлдлийг далд доромжлол гэж хүлээн авч ч болох. С.Лавровын Монголд авсан нэг сургамж бол хөршүүдээ хүндлэхийн чухлыг мэдэрсэн явдал гэлтэй. Хөршүүдээ ноёрхон гудайлгаж хүчээр албадан харьцсаар ирсэн Орос болон бусад том гүрнүүдэд иймэрхүү сургамжаас суралцахад хугацаа хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn