Б.СОЛОНГО

Хэнийг ч юм хүлээн зам руу ширтэн хэвтэх халтар банхар. Хажууд нь толгойгоо нахилзуулан нааш цааш холхих алаг шаазгай. Энэ хоёр найз. Шаазгай байсхийгээд л хаашаа ч юм нисчихнэ. Тэгснээ буцаад л ирнэ. Халтар банхрын хажууд зогсоод эгээ л самбарын өмнө хичээл заагаад сурагчдаа загнаж байгаа багш шиг хоёр тийш холхин, хааяа нэг шагширна. Нисчихээд эргээд ирэхэд нь банхар байхгүй бол үүрэн дээр нь гарч суугаад харуулдана. Харин банхар үүрнээсээ нэг их холдохгүй. Ойрхон шиг гүйчихээд л буцаад ирнэ. Тэгээд хоолоо иднэ. Шаазгайтайгаа хувааж иднэ. Хоолоо идчихээд толгойгоо газарт наан нөгөө л эцэс төгсгөлгүй гуних нүдээрээ замаар өнгөрөх машинуудыг нэгбүрчлэн гүйлгэж харна. Шаазгай хэдэн боов боорцог тоншсон болсноо банхарын урд очоод нөгөө л юмаа ярих шиг тонголзоно. Бодвол “Чи намайг хар л даа. Юунд уйтгарлаад байдаг юм” гэж үглэж байгаа бололтой. Ийм хоёр амьтны амьдрал Яармагийн гүүрэн дээр байна.

Хоёр жилийн өмнөөс Яармагийн гүүрэн дээр халтар банхар үзэгдэх болжээ. Шөнө нь хаашаа ч юм гүйж явчихаад өдөр нь хүрээд ирчихсэн гүүрний хоёр талаар нааш цааш гүйдэг байж. Тэгсэн төд удалгүй шөнөдөө ч гүүрнээс салахаа больсон байна. Яг л нэг газраа суучихаад замаар өнгөрөх машинуудыг уйтгартайяа харах нүд. Жил гаруйн өмнө яг энэ гүүрэн дээр нэгэн нохой машинд дайруулсан юм. Үхэх, сэхэхийн заагт байсан түүнийг сайн санаат хүмүүс замаас гаргаж тавиад идэх юм өгөөд явсан байдаг. Гүүрэн дээр босч чадахгүй хэвтэх тэр нохойнд хажуугаар нь өнгөрөх хүмүүс хоол өгсөөр тэнхрүүлж авсан гэдэг. Түүнээс хойш Яармагийн гүүр нохойтой болжээ гэсэн цуу яриа газар авлаа. Энэхүү ярианы эзэн нь өнөөх халтар банхар билээ. Гүүрэн дээгүүр гүйж байхдаа санаандгүй зам руу ороод машинд дайруулчихсан хэрэг л дээ. Ингээд хөөрхий нохой хүссэн хүсээгүй гүүрний сахиул болсон гэдэг. Сайн санаат хүмүүсийн өгсөн хоолыг идэж, тэнхэрсээр жил гаруй хугацааг өнгөрөөсөн нь энэ. Тэр өнөөдөр ч гүүрэн дээрээ байна лээ. Нөгөө л газраа суучихаад зам руу ширтэж байна.

“Ингэхэд чи юу хүлээдэг юм бэ. Ямар хэцүү тавилантай болоод хүйтэн цементэн дээр өдөр, шөнөгүй сууна вэ”. Банхараас сэтгэл дотроо ингэж л асуулаа. Мэдээж түүний хариултыг сонсч чадахгүй л дээ. Хариу өгсөн ч ойлгохгүй байх. Яармагийн гүүрээр гарахад хэрэндээ түгжрэл үүснэ ээ. Халтар банхарыг авч тэжээхийг хүссэн арав гаруй хүн гарч ирж. Гэвч банхар гэр болсон гүүрнээсээ холдох тун дургүй гэсэн. Дургүйг нь яаж мэдсэн гэхээр Яармагт амьдардаг өвөө, эмээ хоёр гэртээ аваачаад хооллож л дээ. Явчих вий гэсэндээ уячихсанд шөнөжин гасалж хоноод, маргааш нь гүүр рүүгээ гүйчихсэн гэдэг. Тийм болохоор нохойг авах сайн санаатай хүн байна уу гэсэн уриалгыг гаргаад байсан “Амьтны эрхийг хамгаалах сан”-гийнхан түүнийг зөнгөөр нь орхих нь дээр юм гэсэн шийдвэрт хүрчээ. Харин банхарыг авч тэжээх хүсэлтэй залуусаас нэг нь түүнд тоосгоор үүр хийж өгөн, үүрэн байхыг хүссэн бичгийг хичээнгүйлэн бичээд тогтоожээ. Замаар өнгөрөх машины жолоочид нөгөөх бичгийг унших гээд ардаа явсан нэгнийгээ бухимдуулдаг болчихоод байгаа нь тэр. Эзэндээ үнэнч үлдэж, үхснийх нь дараа ч эргээд ирнэ хэмээн харуулдах ухаант нохойн түүх хэд хэд бий. Яармагийн банхарын тухай хүмүүс маш олон таамаглал дэвшүүлсэн байдаг. Эзэн нь гүүрэн дээрээс нисч үхсэн, эргэж ирэхгүйгээр хаа нэг тийшээ явчихсан, Солонгост ажиллахаар орхиод явсан, төөрүүлэх гээд энэ гүүрэн дээр авчирч хаясан гээд л. Эсвэл энэ гүүрэн дээр осолд орж, хүмүүсийн тусламжаар боссон учраас, энд л байвал хоол олддог гэсэн амьтныхаа зөн совингоор гүүрээ сахидаг ч юм билүү гэж. Минийхээр бол сүүлийн таамаглал нь үнэн байгаасай гэж хэчнээн их хүснэ вэ. Яагаад гэвэл найдваргүй хүлээлт ямар хэцүү гэдгийг мэдэх учраас тэр л дээ. Би хүүхэд байхдаа буурай эмээгийндээ байнга очдог байлаа. Эмээгийн минь ээж болсон тэр буурай хорвоог харах нүдгүй байсан юм. Миний л ухаан орсон цагаас хойш шүү дээ. Намайг хөтлөөд Гандангийн тагтаануудын дэргэд зөндөө удаан суудаг байсан юм. Нэг удаа надад цээжлээрэй гээд мэгзэм бичиж өгсөн. Хараагүй хэрнээ яаж бичсэнийг нь тухайн үед эргэцүүлээгүй юм. Харин  бичиж өгсөн мэгзэмийг нь цээжлээгүйгээ л сайн санаж байна. Түүнээс хойш хэдэн сарын дараа буурай надаас нөгөөхөө асуусан. Харин би асуухаар нь цүнхнээсээ гаргаад уншчихна даа, харахгүй юм чинь гэсэн тэнэгхэн зүйл бодчихсон байв. Гэтэл гайтай тэр өдөр цүнхний минь халаасанд байнга явдаг байсан өнөөх алга дарам цаас алга болчихсон байсан. Ингээд эмээ надад гомдчихлоо. Би ч айсандаа бас ичсэндээ дахиж эмээдээ очсонгүй. Нэг их удалгүй буурай минь тэнгэрийн оронд явчихсан юм. Буурайгаа надаас болоод явчихлаа гэж хэчнээн өдөр уйлж, Гандангийн тагтаа руу гүйж, муу ээжийгээ зовоосон гээч.

Хүний хуурамч сэтгэлд итгэчихээд өдөр алгасалгүй хүлээж хэвтэх эмгэнэлт тавилан халтар банхарт битгий л оногдсон байгаасай. Тэр зүгээр л өдөр бүр өөрт нь анхаарал тавих хүмүүсийн халамжинд нь болоод гүүрэндээ хоргодсон байгаасай. Банхар одоо найзтай болсон. Өнөөх алаг шаазгай.

Сүүлд дахин нэг очиж харлаа. Шаазгай байна. Харин нохой алга. Үүрнийх нь хажууд цэнхэр тортой боов боорцог асгарсан харагдана. Бодвол саяхан нэг жолооч өгсөн бололтой. Шаазгай ууттайгаас хэд гурав тоншсоноо гүүрний хашлаган дээр гараад суучихав. Банхарыг хүлээж хэсэг зогслоо. Ирсэнгүй. “Эзэнтэй болоод явчихсан юм болов уу. Тэгвэл ямар сайхан бэ”. Ингэж бодож дуусаагүй байтал гүүрний нөгөөх үзүүрт танил дүр зураг харагдав. Нохой ирж явна. Шаазгай руугаа.