ОХУ-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд Цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. Учир нь, 774 жилийн тэртээ 1242 оны энэ өдөр Новгородын 22 настай залуу ван Невийн хэмээх Александр Пейпус (оросоор Чуд) нуурын эрэг дээр Германы Левоны одонгийн цэрэгтэй тулалдан гарамгай ялалт байгуулжээ. Түүхэнд Мөсөн дээрх тулалдаан гэж тэмдэглэгдэн үлдсэн тэрхүү байлдаанд Новгород, Владимир-Суздалийн 15 мянган цэрэг Левоны одон, Данийн 10 мянган цэргийг хиар цохисон байдаг. Новгородын түүхэн эх сурвалжид Невийн Александрт “Бурхан тэнгэрээс илгээсэн цэргийн хороо” тусласан гэж бичсэн нь бий. Тэр тэнгэрийн хороо гээч нь юу байв? Оросын түүхч С.Соловьёвын бичсэнээр, Невийн Александр дээрх тулалдаанаас нэлээд өмнө Сүбэдэй жанжны хамт Европын аян дайныг удирдсан Чингис хааны ач Батаас “Газар нутгаа үргэлжлүүлэн захирахыг хүсвэл надтай ирж уулзан албан эрхээ автугай” гэсэн нэлээд захирангуй захидал авчээ. Невийн Александр тэр даруй Баттай очиж уулзан өргөмөл хүү нь болсон төдийгүй түүний хүү Сартагтай ах дүүгийн цусан андгай тавьсан гэдэг. Тэр үед Хархорумд их хаан Өгөөдэй таалал төгссөн тул Бат шинэ хааныг өргөмжлөх хурилдайд оролцохоор нутаг буцахаас өөр аргагүйд хүрсэн байв. Тиймээс ч Оросын хойд ванлигуудыг хүчирхэг Ливоны одонгийн түрэмгийллээс хамгаалан өөрийн хяналтдаа авахын тулд Невийн Александртай тохиролцсон биз ээ. Дундад зууны Польшийн түүхч Р.Гейденштейн (1556-1620) энэ Мөсөн дээрх тулалдааны тухай бичихдээ, Невийн Александр Бат хааны даалгавраар Ливоны одонгийн эсрэг хөдөлж, монгол цэргийн хорооны тусламжтайгаар ялалт байгуулан Псков хотыг эргүүлэн авсан гэжээ. Мөсөн дээрх тулалдаанд Оросын цэрэг монгол тактикаар тулалдсан нь ч нэгийг хэлнэ. Ливоны хуягласан морьт цэргийн довтолгоог явган нум сумчид угтаж нэлээд хохирол амсуулаад өөрсдөө бараг тэр чигтээ хиар цохиулжээ. Ливоны одонгийн цэрэг цааш давшилсаар Оросын гол хүчтэй тулгарахад хоёр жигүүрээс нь гэнэт морьт цэрэг гарч ирэн нумлан довтолсон аж. Хоёр жигүүрийн тэр морьт цэрэг өнөөх “Бурхан тэнгэрээс илгээсэн цэргийн хороо” буюу Батын өргөмөл хүүдээ тусламж болгон илгээсэн монгол хороо байсан гэлтэй. Юутай ч, Невийн Александр монголчуудын тусламжтайгаар католик шашинтай өрнөдийн түрэмгийллээс Орос нутгаа, үнэн алдарт шашнаа хамгаалж чадсан билээ.
1025 он
Гнезно хотод Зоригт Болеславыг Польшийн анхны хаанаар өргөмжилжээ.
1454 он
Венеци Османы гүрэнтэй энхийн гэрээ байгуулж, Газрын дундад тэнгис дахь ноёрхлоо алдав.
1669 он
Энэтхэгийг захирагч Их Моголын хаан Аурангзеб индуист шашны бүх сүмийг устгах зарлиг гаргажээ.
1853 он
Энэтхэгийн Бомбейг Таннатай холбосон Ази дахь анхны төмөр зам ашиглалтад орсон байна.
1902 он
Данийн цагдаагийн газар гэмт хэрэгтнийг хурууны хээгээр нь илрүүлэх ажлыг анх эхлүүлжээ.
1943 он
АНУ-ын Перл Харбор дахь цэргийг довтлох ажиллагааг удирдсан Японы адмирал И.Ямомото амь үрэгджээ. АНУ-ын нисэх хүчин тагнуулын мэдээллийн дагуу түүний нисч явсан онгоцыг довтлон сөнөөсөн аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин