Л.ХЭРЛЭН
МАН-д шинэ фракц мэндэлжээ. “Парламентын зөвлөл” нэртэй “мини” бүлэг ердөө гуравхан хүний бүрэлдэхүүнтэй. Ш.Сайхансамбуу, Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар нарын намаа аврахаар зунжингаа хийсэн ажил энэ гэнэ. Ардын намын гишүүдийн олонх нь сонгуульд өвдөг шороодож, нам нь УИХ-д бүлэггүй “Бүдэрсэн дээрээ бүдрэв” гэгч болоод байгаа. Шокийн байдлаас гарч чадаагүй тус нам унтаж, гишүүд нь зугтаж эхэлсэн. У.Хүрэлсүх нарын ямаан омог хөдөлж хүн зодож, уураа гаргасан бол жагсаалыг жагсаалаар гэгчээр намаас гарсан гишүүдийн тоог нөхөх зорилготой гишүүнчлэл нэртэй сөрөг арга хэмжээ нь хожимдсоноос үр дүнд хүрсэнгүй. Нөгөө талаар, орон нутгийн сонгууль хаяанд айлсаж, төрийн албыг нийтийн алба болгох сураг МАН-ын экс гишүүдийн гэдэнг ийнхүү хөдөлгөжээ.
“Парламентын зөвлөл” гэх улстөрийн гурвал гол зорилгоо УИХ-ын Тамгын газар, спикерт зөвлөгөө өгөх гэж тодорхойлжээ. Хамтлагийг одоогоор экс гишүүн Э.Мөнх-Очир тэргүүлэх бол нам нэгтэй, алтан нутгийн нөхөртөө “Түгжил”-дүүлж тойргоо булаалгаснаас нэр дэвшиж чадаагүй Ш.Сайхансамбуу, Дарханы тойрогт хүч үзсэн ч өвдөг шороодсон Ж.Сүхбаатар нар хүчин зүтгэхээ андгайлжээ.
Энэхүү “Гурвал” хамтлагаас өмнө МАН-ын бүлэглэл, фракцууд байсан. Тухайлбал, “Хотын фракц” гэж байна. Тэд нам дотроо хүчтэй, нөлөөтэйд тооцогддог. Нийслэлийн удирдах албан тушаалуудад өөрийн хүнийг томилуулж, тэрхүү сүлжээгээрээ хотын газрыг зарж, мөнгө, эрх мэдэлд хүрцгээсэн. Албан тушаал, авлигын энэхүү торон сүлжээний “Эцэг аалз” буюу загалмайлсан эцэг нь хотын захирагчаас намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд хүртэл эрх мэдлийн түүчээг пуужингийн хурдаар өртөөчилсөн М.Энхболд. Сүүлийн үед намын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболд фракцтай болж байгаа сураг бий. Баггүй хүн урагшаа явдаггүйг намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мэдрээгүй тэрээр 2012 оны сонгуулийн дараа л гэнэт ухаан орсон юм шиг өөрийн фракцыг эмхэлж эхэлжээ. Өөрөө ил тод гарч улс төрийн тоглолт хийж чадахгүй байгаа ч түүний өмнөөс уулзаж, гишүүнчлэл бүрдүүлж яваа, нэг ёсондоо “баруун гар” нь Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар гэж байгаа. Гэсэн ч Сү.Батболдын багт Р.Буд, Ц.Цэнгэл нарын ажиллахаа больсон толгой, улс төрд явахаа байсан бурхинууд орчихоор л байдал эргэлзээтэй болчихож байгаа юм.
“Титэм үг” тэрлэхээс өөр тэнхэлгүй болж хүч нь сульдсан Н.Багабанди, түүний суганд явсан Ш.Отгонбилэг, Л.Энэбиш нарыг дагаж далдганагчид сүүлийн үед С.Баярыг бараадсан ч өдгөө байгаа, эсэх нь мэдэгдэхгүй болсон. Харин хуруу хумс урттай, хөдөө, гадаа хөлтэй бас нэг фракц бол У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо” нэртэй бэлтгэл офицеруудын бяцхан арми юм. МАСЗХ нэртэй байхаас нь л У.Хүрэлсүх эмхлэн байгуулж, сүүлд Г.Занданшатар, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын нөхөд нь үргэлжлүүлэн удирдаж ирсэн НАМЗХ-ны залуусаар тус холбоо цус сэлбэсэн гэлцдэг. “Стандарт бус” Засгийн газрын үед яам, агентлаг, газар, хэлтэст гээд бүхий л шатанд хүнээ байршуулсан учраас хүчтэй, нөлөөтэй байв. Захиалгат жагсаал, цуглаанаар чамгүй хөрөнгө оруулж, “Юу байна түүгээрээ дайл” гэгчээр хандивын арга хэмжээнд ч тэргүүн эгнээнд хөдөлж байдаг хагас цэргийн зохион байгуулалттай “Зүүний хүч”-нийхэн “Нам нэрээ солиод ялагдвал, хариуцлагыг би хүлээнэ” гэсэн У даргынхаа бардам ам, нэргүй огцролтод баахан дарагдчихаад байгаа нь нууц биш.
Нэгэн цагт Ө.Энхтүвшингийн байгуулж асан “Жигүүр”-ийнхэн аль эрт мааниа уншуулчихсан. Шинэчлэл ярьж, Ц.Нямдоржид дорбинкдуулах хүртлээ овоо гайгүй дэвж байсан тэдний заримыг албан тушаалаар урвуулж, заримыг нь намаасаа хөөчихсөн. У.Барсболдын “Улаан сарнай”, Ч.Жаргалсайханы “Шинэ эргэлт” ч түүнтэй адил сүүлээ мушгиулсан.
Хамгийн сүүлд байгуулдсан отгон фракц буюу “Гурвал” хамтлагийг юу нэгтгэв гэвэл, улс төрийн зорилгосоод байх юм алга. Түүний оронд боксын спортод хорхойтой, тэрхүү хобби нь нэгтгэсэн гэх юм уу, характераараа нийлсэн гэвэл онох биз. Ингэж хэлэх учир нь тэдний хэн хэн нь огцом зантай. Зодоон, цохионы асуудалд хамгийн түрүүнд холбогддог. Э.Мөнх-Очир 2008 оны хавар намын нөхөртөө троцовдуулсан сурагтай толгойгоо боочихсон явсан. Дараахан нь У.Хүрэлсүхтэй намынхаа байранд зодолдож, төмөр өргөж байнгын бэлтгэл хийдэг хурандаагийн өмнө хүчин мөхөсдөж, хөл, гараа хүлүүлчихсэн цахилгаанд цохицулах дээрээ тулж байхад нь хүмүүс салгасан гэлцдэг. Ш.Сайхансамбуу 2008 оны УИХ-ын чуулганы нээлтээр Л.Гүндалайтай муудалцаж “Гараад үзчихье” гэж байсныг уншигчид санаж байгаа байх. Сүүлд У.Хүрэлсүхтэй барилцаж авсныг Б.Бат-Эрдэнэ аварга салгасан дуулддаг.
Ж.Сүхбаатар ч шазруун зантай. “Хууль зүйн салбараас өмхий үнэртэж байна, агаар оруулах хэрэгтэй” гэснээс үүдэн Ц.Нямдоржийн хорхойтой араанд зуугдаж, шарандаа барилцаад автал цаадах нь зангиагаар нь боож унагаснаар ээлжит шуугианыг тарьсан. Характер нь ч, хобби нь ч ижил, Ардын намын гурван гишүүн ийнхүү “Шадар гурав” болохоор хамтлаг байгуулаад байна. Хоббигоороо нийлсэн гурав хэр хол явахыг харах л үлдлээ.