Утга зохиол судлаач, шүүмжлэгч
До.ЦЭНДЖАВ
“Ертөнцөөс өмнө үг байсан” гэж алдарт Гётегийн Фауст хэлдэгийг доктор Ч.Жазагийн номыг уншаад гэнэт санаанд гялсхийтэл оров. Хүн байгаа учраас үг байна уу үг байгаа учраас хүн байна уу гэдгээс идеалист, материалист гэсэн хоёр эсрэг тэсрэг урсгалд хуваагдсан ч байж болох. Би философич биш болохоор тэрийг мэдэхгүй. Сэрдэг, сэтгэдэг, төрдөг, оюун тархийг байнгын хөдөлгөөнд оруулдаг учраас үг “ертөнцийн эх” ч юм болов уу. Үг үгийн дотроос ширээсэн, тунгаасан, хатаасан, шингэрүүлсэн, өтгөрүүлсэн үгийн шид гайхамшигтай. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдгээсээ илүүтэй харин эргэлзээгүй үнэн бол ҮГ ертөнцийг аварч, ертөнцийг сүйрүүлнэ. Үг шиг асар их эрчим хүч, цэнэг, эрчис хүч буюу энерги хадгалсан галт бөмбөлөг ертөнцөд байхгүй. Буддын ухаанд зөвхөн “Ум” гэдэг ганц үгийн хүч чадал сансрын хөлгийг эх дэлхийгээс тасран огторгуйд хөөргөх үеийн тийрэлтээс гарсан эрчим хүчтэй тэнцэнэ” гэсэн үг ч байдаг. Үүнийг батлах хэцүү ч, ямар ч байсан ийм логикийг үлдээж чадсан төвдийн номын мэргэдийн гүн ухаанд бишрэхээс өөр аргагүй.
Эрх мэдэл дэлхийг захирч байгаа биш, ҮГ л дэлхийг захирч байгаа нь үнэн. Үг хальтарвал гэмтэй. Үүнээс үүдээд “Үг алдвал барьж болдоггүй” гэж ард түмэн сүрхий сэрэмжлүүлэн хэлсэн нь нэн сургамжтай төдийгүй байнга санаж явах “аман хууль” гэж болно. Манай дээд, доодууд энэ сургамжит үгийг хэдийнээ үл хайхран, үгийн сэлэм жадыг үргэлжид өмнөө барин, ҮГИЙН ДАЙН ТУЛААНЫГ өдөр бүр, цаг тутам хийж, эв эе, жудаг ёс, ёс зүй гэгч агуу үнэ цэнтэй зүйлсийг хуйхалсаар байна. Амнаас алдуурсан үг арван там болоод босч ирдэг.
Хэдэн мянган жилийн өмнөх өрнө, дорнын суут гүн ухаантан Аристототель, Сократ, Платон, Лаозийгоос аваад Бурхан багшийн зэрэг 1200 гаруй сэтгэгчдийн онч үгийг багтааж, өөрийн санааг ургуулан гүнзгийрүүлж холбон тайлбарласан, энгийн болоод тод томруун гаргалгаатай “Гэгээн судар” номын үнэ цэнийг гаргаж хэлэх хэцүү. Дэлхий тулах цэгтэй бол тэр тулгуур цэгийн нэг хэсэг нь суутнуудын үлдээсэн оюун ухааны өв сан хөмрөг юм. Тэдний үг, ухааныг багтаасан “Гэгээн судар” дөрвөн ботийг сэдэв ухагдахуунаар ангилан бүлэглэнэ гэдэг бол хэн хүний зориглон хийх ажил биш. Мэдлэг, мэдрэмж, хөдөлмөр, авьяас дөрвийг чагтагалж төрсөн эрдэмт номч хүний туурвих зүйл. Хэрвээ үгээс ухаан ургуулж,ухаанаас амьдрал ургуулж, явах замдаа мөрдлөг болгож хэрэглэдэг бол, үгийн шидийг бие сэтгэлээрээ мэдэрдэг бол тэр бүхэнд зориулсан ёстой “Гэгээн судар” нэрэндээ таарсан бүтээл гэвэл зохистой. Хуудас бүр нь ертөнцийн гэрэлт хүмүүсийн ухааны мутрын адис хайрласан энэ дөрвөн ботийг уншваас нэг дороос оюуны рашаанаас хүртэнэ гэсэн үг. Хүн төрөлхтний сод ухаантнуудын мэргэн ухаан, шидэт үг шингэсэн “Гэгээн судрын” (2013 он) дөрвөн боть номд монголынхоо зохиолч, туурвигч хүмүүсийн үг бүтээлийг оруулсан нь “Айлаас эрхээр авдраа уудал” гэгчээр шинэлиг болсон төдийгүй монгол ухаанаа бамбар мэт өндөрт өргөж өгсөн хэрэг юм. Онч мэргэн үгийг юм л бол харь гүрний ухаантнууд хэлдэг юм биш, хүн төрөлхтний оюуны ай савд монгол ухаан шингэсэн үгс яагаад орж болдоггүй хэрэг вэ, юм л бол гадаадын хүний өмнө өвдөг сөгдөж, тэдний үг л үлдэж байх ёстой, бид харин түүний хэрэглэгч гэсэн хуучинсаг хандлагад сануулга өгч, түүнээс чөлөөлж өгсөнөөрөө үнэ цэнтэй байна. Энэхүү “Гэгээн судар” дөрвөн ботийг гар дээрээ тавиад нүдээ анин элдийг эргэцүүлбээс миний гарт бүхэл бүтэн ертөнц тэр чигээрээ эргэлдэн багтаж байх шиг санагдсан нь сэтгэлийн хөнгөн гоомой хөөрөл бишээ. Мань байтугай мань дэлхий зөвшөөрчихсөн юманд яалт ч үгүй. Энэ боть тэр чигээрээ сургамж, гүн ухаан, бодол бясалгалд нэвтрэх шидэт түлхүүрийг атгуулна. Тэрхүү түлхүүрийг атгаж чадваас та л хожино. Дунд сургуулийн сурах бичгийн өгөөж, чанарыг сайжруулахад энэ Гэгээн судар-аас эшилбэл хойч үеийнхэндээ тустайсан.
“Номонд баясан цэнгэнэ” гэдэг хосгүй жаргал, бүр сайн сайхан номыг бүтээгчддээ даган баясна гэдэг бүүр ч илүү жаргал. Ном өөрөө цэнэг хуримтлуулсан ай сав ертөнц. Ном бүр өөр өөрийн ертөнцтэй. Уяруулдаг, уйлуулдаг, үзэн ядуулдаг, баярлуулж бахархуулдаг гээд тоочвол гүйцэгдэхгүй. Харин энэхүү эрдэмт хүмүүн Ч.Жазагийн бүтээсэн “Гэгээн судар” боть судар гэдэг утгадаа дүйцмээр бодуулдаг, бясалгуулдаг, эргэцүүлдэг, шүүн тунгаалгадаг, ухаажуулдаг ном юм байна. Цэцгийн шүүдрийг цуглуулах хэцүү шиг, энэ ертөнцөөр тэнүүчлэн оюун мэдлэг ухааны шүүдрийг цуглуулна гэдэг үнэхээр хүнд хэцүү бөгөөд нэн бахархалт хөдөлмөр. Эрдэнэт бие өөрийн эрхгүй хорж хэлтэрмээр нарийн чимхлүүр ажил. Тэгээд ч оюуны зэгсэн ай савтай хүн л зууралдах ёстой. Чогсомын Жазаг гэгч эрдэмтэн хэн бэ? гэдгийг ном бүтээлээр нь мэдэхээс хүний хувьд үнэндээ мэдэхгүй шахам явжээ. Төрийн соёрхолт зохиолч Б.Догмид түүнийг бүр идэр жаахнаас нь мэддэг, санхүү эдийн засгийн сургуульд цуг байж. Зүгээр шальдир сувс үг гаргадаггүй тэрбээр “Хүүхэд байтлаа том хүн шиг томоотой, сурагч хэрнээ багш захирал адил буурь суурьтай, бараг номонд нүд нялхарсан тийм хүүхэд байсан” гэжээ. “Номын хуучин нь, нөхрийн хуучин нь, нутаг усны хуучин л сэтгэл соронзодсон, алтаар шижиртсэн үнэ цэн, сэтгэлд наалдах ариусалт чанартай эрдэнэ ” гэж би боддог. Дүрэлзсэн авъяасын болоод монгол сэтгэлгээний билэг танхай эр Төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам “Жазаг гуай юмыг олон талаас нь бодож сэтгэдэг, тэмүүлэлтэй, өндөр мэдрэмжтэй, мэдрэмж нь хүмүүст их хурц, тод, хурдтайгаар хүрдэг бүтээн туурвигч хэмээн хүндэтгэж явдаг” гэжээ. Тэр чухам хэн бэ? гэдэг нь энэ хоёр эрхмийн үгээс гэрэлтэж байна. “Чөмөг дундрам” энэ хэцүү үүрэг хэн нэгэнд зовлон, жаргал болж ирэх хувьтай байсан нь яв явсаар энэ цагийн сэхээнтэнлиг эрдэмтэн Жазаг гуайд оногджээ.
Бас энэхүү номын редактор, Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяагийн хичээл зүтгэл хөдөлмөрийг ч бас дурдахгүй өнгөрч болохгүй. Ер нь ажиглаад байхад сүүлийн үесэд “афоризм” буюу үгийн ончроог олсон, үгийн нүдийг олоод хатгасан, ухааны нягтралтай, гүн ухааны бясалгалтай энэ шинэ төрөл рүү аажуу ч гэсэн бид орцгоож байгаа нь олзуурхууштай. Энэ нь өнөөгийн бумбын эринд оюуны хур асгаран бууж байна гэсэн үг. Үг цөөн тусмаа жинтэй. Дэлхийн уран зохиол тэр тусмаа шүлэг найраг “афоризмжиж“ байна. Уран зохиолоос дүр, хэлбэр, агуулга, зохиомж, үлдэхээс гадна уран оносон үг, уран санаа, уран саналга үлдээх гэсэн шохоорхол өнө мөнхөд байдаг, байсаар ч байна. Энэ чиглэл манайд хөгжих янзтай байна. Онч мэргэн, цэцэн үгийн ном бүтээлүүд үзэгдэх боллоо. Төрийн зүтгэлтэнүүдээс аваад жирийн хүмүүс ч хувь нэмрээ оруулж байна. Онч мэргэн үгийг бүтээхэд гурван янзын байдал төрх ажиглагддаг. Нэгд, хэн нэгэн суут хүн үгээ үлдээсэн байдаг, түүнийг уранаар илтгэхэд, албаны илтгэл айлгалд, дээд түвшний яриа, ярилцлагад өргөн ашигладаг. Хоёрт, ухаант хүний амнаас сонссоноо үг бүрчилэн тэмдэглэж аваад афоризмын тусгай ном бүтээдэг. Гуравт, Зориуд өөрийнхөө хүч чадлаар бүтээл туурвил гэж үзэн хүч чадлаа үзэж, бие даасан бүтээл гаргадаг болжээ. Тэгэхлээр монгол хүний ухаан, харийн хэн нэгэн суутны ухаанаас чигчий хуруун дайтай дутахааргүй нь харагдаж байгаа биз.
Дэлхийн оюун ухааны шимийг нэг дор судар болгон баринтаглан үлдээж, өөрөө гэгээрсэн ухаанаар үнэлж, цэгнэж тайлсан нь өнөөхөндөө байхгүй байлаа. Жазаг гуай бас монгол зохиолч, найрагчдын бүтээлээс шүүн тунгааж оруулснаараа монгол хүний ой ухааны үнэт зүйлсийг өргөн мандуулж чаджээ. Жазаг эрдэмтэн 2011 онд “Гэгээн судар” номын эхнийхийг гаргасан юм. Энэ ном тэр дорхноо дуусаж... үүндээ урамшин, бодол сэтгэлгээгээ улмаа өргөтгөн, ертөнцийн гүн рүү ярган орж, тэр бүрийг утга агуулгаар нь бүлэглэж, үг бүртэй холбогдуулан санамж сэрэмж авахаар халил, холбоос, тайлбар, цохолбор хийж өгсөнөөрөө үнэ цэнтэй байна. Хаагдсан сэтгэл нээгдмээр, харанхуй цээж гэрэлтмээр ном байна. Хэн хүнгүй уншаасай, сэхээрээсэй, суралцаасай гэсэн оюуны асуултыг “Гэгээн судраараа” тавьжээ. Амьдрал болоод нийгмийг шүүх ухааныг гаргаж тавьсан оюун сэтгэлгээний, оюун ухааны охь дарс гэвэл энэ ном мөн.
Жазаг гуайг дараа дараагийн ботийг бэлтгэж байгаа сураг дуулав. Түүнд нэмэрлэх хоёрхон санаа шургуулья.
Нэгд: Тэр бүр гүйцэд ухагдахгүй, тэр бүр утгыг шүүж ойлгоход мөч дутмаар гүн ухаантай, далд утгатай, ёж егөө санаатай үгсийн утгыг нээхдээ нэлээд тогтож тайлбарлавал эрдэнийн сан “Субашидийн тайлбар” мэт үнэт зүйл болох нь мэдээж. Өвөрмөц үг хэллэгийг хэрхэн ойлгох, түүнийг нэг тийш болгож нэг ойлголтод хүрч зөвшөөрөх талаар өнөөдөр хүртэл маргаантай байдаг. Энэ номондоо, яруу найрагчдын бүтээлээс оруулжээ. Эл номын хувьд, нэгэнт “Гэгээн судар” гэж нэрлэж байгаагийн яруу найрагчдын бүтээлээс оруулсан нь буруу биш. Гэхдээ онч үг, мэргэн үг, хэвшмэл хэллэг, өвөрмөц хэлц, зүйр цэцэн үг гэдэг тус тусдаа ойлголт. Шүлэг бүрт шахуу оносон санаа яваа. Ерөөс яруу найрагчид бол мэргэн цэцэн үгийг бүтээгчид учраас тэдний бүтээлээс тусад нь эшилсэн ном гаргах нь зүй мэт санагдана.
Өглөө бүр хүний сайнтай учрах адил өдөр бүр номын сайхантай учирья гэвэл Г.Жазаг гуайн бүтээсэн “Гэгээн судар” л байна даа.