Н.МӨНХЖИН

Бельгийн нийслэл Брюссель хотод нисэх буудал, метронд цуврал халдлага болж 34 хүн амиа алдаж, 170 орчим хүн шархдаад байна. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Вячеслав ТрубниковИзвестия”-д Бельги дахь аллагын талаар санаа бодлоо хуваалцав.

 

-Брюссель дахь халдлагыг өрнөдийн тусгай албадын бүтэлгүйтэл гэж үзэж болох уу?

-Эдгээр халдлагыг аль эртнээс төлөвлөж байсан нь харагдаж байна. Аль хэдийнэ боловсруулсан төлөвлөгөөг хэрэг­жүүл­лээ. Терроризм нь тусгай албад, хууль сахиулах байгууллагуудаас нэг алхмын урд яваад байгаа нь гол аюул болж байнаШашны, угсаатны ав­саар­хан бүлэг хүмүүс амь­дар­даг газарт орогнож, нууг­дахад амархан байна. Бельги, Франц, Германы тусгай албад урьдчилан сэргийлэх, тагнах ажилд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй. Террористуудын санаа сэдэлд нэвтрэх хэ­рэг­тэй. Нuman intelligence буюу хүмүүстэй ажиллах шаардага гарч ирж байна.

-Европт жихадист нууц бүлгэм бий болчихов уу даа?

-Тушаал хүлээгээд байж байдаг жихадист, хэт харгис үзэлтэй нууц бүлгэм, нойрсож буй үүрнүүд оршсоор байгаа. Тэд чимээгүй, нууц байж байгаад тушаал ирэхээр ил гарч аллага үйлддэг. Бельги дахь халдлага үүнийг дахин нотоллоо. Бельгийн тусгай албадын ажлыг үнэлж дүгнэмээргүй байна. Тэд алан хядагчдын нэг толгойлогчийг баривчилж чадсан. Гэвч үүнд хэтэрхий их цаг зарцууллаа.

-Террорист сүлжээ бай­гуулагдахад ямар хугацаа шаардагддаг юм бэ?

-Жихадист үүрнүүд 2000 оноос эхлэн идэвхтэй байгуулагдаж эхэлсэн. Тэд аль хэдийнэ байгуулагдчихсан байсныг 2001 оны есдүгээр сарын 11-ний АНУ дахь халдлага батлан харуулсан. Европ дахь Ойрхи Дорнодын цагаачид АНУ дахь цагаачдаас их болж, өрнөдийнхөн бүс нутагт цэргээ оруулж, мөнАрабын хавар”-ын улмаас террорист нууц бүлэг, үүрүүд идэвхтэй байгуулагдах болсон.

-Брюссель дахь халдлага дэлхий дахинд ямар сургамж өгч байна вэ?

-Брюссель дахь үйл явдал терроризм улам глобал шинжтэй болсныг харууллаа. Тэдэнтэй глобал түвшинд тэмцэх хэрэгтэй. Оросын Ерөнхийлөгч В.Путин терроризмтэй тэмцэхэд бүхнийг хамар­сан эвсэл байгуулах ёстой гэж уриалсныг сана. Нэг улс ямар их хүчтэй бай­лаа гээд олон улсын терро­ризм­тэй ганцаараа тэмцэж чадахгүй. Хүчээ, тэр тусмаа тусгай албадын хүчийг нэгт­гэх хэрэгтэй боллоо.

-Парис дахь халдлагын дараа францууд Сирийн эрэг рүү байлдааны онгоцуу­даа илгээж лалын алан хядагчдын байрлалыг бөм­­бөгд­сөн. Бельги болон түүний НАТО дахь холбоот­­нууд ямар хариу барих бол?

-Тусгай албад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Террористуудын эгнээнд нэвтрэлгүйгээр тэдний санаа сэдэл, төлөвлөгөөг мэдэх боломжгүй. Мэдээлэл солилцоог идэвхжүүлэх хэрэгтэй. Улс орнуудын хууль сахиулах байгууллагууд дангаараа, салангид ажиллаад, мэдээллээ солилцохгүй байвал үр дүн гарахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин