Б.БАРС

Монгол даяар 1989 оны сүүлээс өрнөсөн ардчилсан хөдөлгөөний үр дүнд 1990 оны гуравдугаар сарын 21-нд БНМАУ-ын Ардын их хурлын 11 дэх сонгуулийн наймдугаар чуулганаар Үндсэн хуулиас МАХН-ын нийгмийг удирдан чиглүүлэх үүргийн тухай заалтыг хасах түүхэн шийдвэр гаргажээ. Үүнээс гадна иргэд улс төрийн нам, олон нийтийн байгууллагад сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан билээ. Ингэснээр, Монгол Улс социалист системийн Азийн орнуудаас анх удаа ардчилсан нийгэм, улс төрийн олон намын тогтолцоонд шилжих хууль зүйн үндэс суурь тавигдсан юм. Үүнээс хоёр сар хүрэхгүй хугацааны дараа, 1990 оны тавдугаар сарын 10-нд Ардын их хурлын есдүгээр чуулган хуралдаж, мөн оны долдугаар сарын 29-нд орон даяар анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахаар зарлигджээ. Сонгуульд гагцхүү Дээд шүүхэд бүртгэлтэй намууд оролцохыг хуульчилсан тул тавдугаар сарын 16-наас эхлэн МАХН, МҮДН, МЧХН, МоАН, МСДН, МНН зэрэг нам хууль ёсны дагуу бүртгүүлээд тус тусын мөрийн хөтөлбөрөө сонгогчдод таниулан сурталчилж, сонгуулийн кампанит ажлыг өрнүүлжээ. Анхны ардчилсан сонгуулиар монголчууд бид төрийн дээд байгууллага болох Ардын их хурлын 430 депутат, байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага хурлын 53 гишүүнийг мажоритар, пропорционал аргыг хослуулан сонгосон түүхтэй.

630 он

Византийн эзэн хаан Хераклиусын цэрэг персүүдтэй тулалдан Есүс Христийн ариун загалмайг эргүүлэн булааж Иерусалим хотод дахин залжээ.

1685 он

Германы суут хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах мэндэлжээ. Үе дамжсан хөгжимчдийн гэр бүлд төрсөн тэрээр амьдралынхаа туршид 1000 гаруй хөгжмийн зохиол бичсэн юм.

1919 он

Унгарт төрийн эрх мэдлийг Бела Куны удирдсан коммунистууд авч Унгарын зөвлөлт улсыг зарлан тунхаглав. Унгарын зөвлөлт улс ердөө дөрвөн сар оршин тогтножээ.

1943 он

Нацист Германы “Центр” армийн бүлэглэлийн тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Р. Фон Гердорф Берлины Цейхтгаус ордонд А.Гитлерын амь насанд халдах гэсэн ч бүтэлгүйтжээ. Түүний халаасандаа нууж орсон хоёр тэсрэх бөмбөг хугацаандаа дэлбэрээгүй гэдэг.

1952 он

Алтан эрэг улсын (одоогийн Гана) сонгуульд Нкваме Нкрума ялалт байгуулан Ерөнхий сайдаар сонгогджээ. Тэрээр Африк тивд улс орноо удирдсан анхны уугуул хар арьст иргэн болсон юм.

1960 он

Автомашины “Формула 1” уралдааны бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Айртон Сенна Бразилийн Сан-Паулу хотод төржээ. 1994 онд Сан-Мартиногийн Гран-при тэмцээнд түүний жолоодож явсан машин бетон хашлага мөргөж, алдарт тамирчин амь насаа алдсан билээ.

2000 он

ЮНЕСКО-гийн Ерөн­хий ассамблейн шийд­вэрээр жил бүрийн энэ өдөр дэлхийн яруу найр­гийн баярыг тэм­дэглэж байхаар тогтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин