Өнөөдөр Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Бэлтгэл хошууч Г.Эрдэнэбаатарынд очлоо. Тэрээр 30 гаруй жил зэвсэгт хүчинд зүтгэсэн нэгэн. Энэ насаа эх орныхоо төлөө зориулсан түүний амьдралын түүх баян юм. Тэрээр туулсан амьдралыг нь гэрчлэх бүхий л зүйлээ хадгалан үлджээ. Тэднийд ороход багахан хэмжээний музейд байх мэт сэтгэгдэл төрнө. В.И.Ленин, И.В.Сталин нарын уулзаж буй гэрэл зургийг хоймортоо залжээ. Түүнийг тойруулан өөрийн хэрэглэж байсан хувцас, гаанс, одон медаль, офицер цүнх, гар чийдэн, үлээвэр хөгжим, 1960-аад оны тэмээтэй шүдэнзийг хүртэл байрлуулсан байв. Г.Эрдэнэбаатар гуай ер нь аливаа зүйлийг бага гэлтгүй цуглуулдаг хүн. Түүнд өөрийнх нь хэрэглэж байсан 1960, 1980, 1996 цэргийн дүрэмт хувцас бий. Энэ нь Монголын Зэвсэгт хүчний гурван үеийн хувцасны түүх юм. 1963-1991 он хүртэл манай арми цэргийн цолыг таван хошуугаар илэрхийлдэг байсан бол 1991 оноос эхлэн өлзий хээг хэрэглэж эхэлсэн байна.
Г.Эрдэнэбаатар гуай Сэлэнгэ аймгийн хүн. Тэрээр 1969 онд Цэргийн ерөнхий сургууль төгсөөд Улиастай дахь 108 дугаар анги буюу мото буудлагын батальоноос ажлын гараагаа эхэлжээ. 2001 онд тэтгэвэртээ гарч, тэр цагаас эхлэн цуглуулгаа эхэлсэн байна. Чөлөөт цагаараа эдгээр цуглуулгаа арчиж зүлгээд л суудаг гэнэ. Түүний 1960 онд хэрэглэж байсан цэргийн зориулалттай гар чийдэн нь одоо ч асаж байна. Мөн Ю.Цэдэнбал гуайн хөрөг тэднийд бий. Тухайн үед Ю.Цэдэнбал хоёр зурагчинтай байсан бөгөөд нэг нь Г.Эрдэнэбаатарын цэрэг байжээ. Тиймээс даргадаа дурсгасан гэнэ. Мөн түүний цуглуулгад 160 гаруй пянз байна. Үлээвэр хөгжмийн хаан хэмээгддэг хурандаа Цэрэнпил гуай 1961 онд Хятадад очиж арван ширхэг пянз бичүүлсэн байдаг. Тэр нь Г.Эрдэнэбаатарынд бий. Энэ нь одоогоор түүний хамгийн үнэтэй цуглуулгынх нь нэг гэлээ. Тэрээр Монголын зэвсэгт хүчинд 30 гаруй жил зүтгэхдээ найман албан тушаал, таван анги салбараар дамжсан байна. Түүний цуглуулгад эдгээр он жилүүд нь тэр чигтээ багтсан мэт санагдана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин