Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нут­гаас дундад зууны үеийн Монголын түүхэнд хол­богдох хадны оршуулгын ховор нандин дурсгалууд, тэр дотроо нярай хүүхдийн муми, монгол хатны булш  олдсон талаар манай со­нин уншигчиддаа  хам­гийн түрүүнд мэдээлж байсан билээ.

Баян-Өндөр  сумын Идрэнгийн нурууны сал­бар Дунд нурууны Шүү­тийн агуй болон Бургаст, Гозгор толгой хэмээх газ­раас олдсон уг дурсгалууд эртний нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц зан үйлд багтана. Давсанд оршуул­сан хадны дурсгал Монгол болоод Төв Азиас огт  урд өмнө огт илэрч байгаагүйг  тус олдворыг судалсан  МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сур­гуу­лийн Археологи-антро­пологийн тэнхмийн эрх­лэгч, доктор  У.Эрдэнэ­бат хэлж байсан юм.

Зураг дээрх нэхий өлгийд боож занданшуулсан нярай хүүхдийн шарил 800 жилийн настай юм. Түүний эх XII зууны монгол хатан насанд хүрээгүй байсан бөгөөд эрдэмтэд эх, хүү хоёрыг төрөхийн хүндрэлээр нас барсан гэсэн таамаг дэвшүүлжээ.

Гозгор толгойгоос олдсон  Юань гүрний үеийн монгол хатныг нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан булш одоо ч судлаачдын анхаарлыг татсан хэвээр. Судалгаа, шинжилгээний ажил үр­гэлжилж байна. Уг бул­шийг  хүмүүс шунахайн зорилгоор  ухаж төнхөн, зарим эд зүйлийг  эвдэж устгасан. Гэхдээ үлдсэн эд өлгийн дурсгалын дотор Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, манайд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдсон хо­вор нандин олдвор цөөнгүй. Түүний  нэг болох хонины нэхийд өлгий­дөж, дотор нь анхилуун  үнэрт ургамал хийж хатаасан монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чи­гээрээ хадгалагдан үлдсэн нь манай өвөг дээдэс зан­даншуулах үйлийг чад варлаг хийдэг байсны  илрэл юм. Энэ олдвор  дэл­хийд цөөхөн тохиолдох, эртний хүн судлалын хо­вор хэрэглэгдэхүүн. Нөгөө талаас монгол хүний гарал удмын түүхийг гене­тикийн түвшинд судлах боломжийг олгож байгаад  мэргэжилтнүүд олзуурхаж байна. Судалгаа үргэл­жилж  байгаа ч урьд­чилсан байдлаар монгол хатан насанд хүрээгүй байсныг тогтоож, улмаар төрөхийн хүндрэлээр нас барсан гэсэн оношийг эрдэмтэд дэвшүүлээд  байна. Анхаарал татсан өөр нэг мэдээлэл бол  тус булшнаас гарсан  улаан чий будагтай модон аяга бөгөөд түүний ёроол дахь  хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээс юм. Тэрхүү бичээ­сээр дамжуулан  Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан  Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн байж бол­зошгүй” гэсэн таам­гийг эрдэмтэд дэв­шүү­лээд байгаа. Судал­гааг цааш нарийвч­лах үүд­нээс мэр­гэж­лийн сэр­гээн засвар­лагчаар цэвэр­лүүлэх,  бэхжүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Үүний дараа хэл бичгийн ухааны эрдэмтэн суд­лаачид дөр­вөлжин үсгийн бичээсийг тайлж унших ажлыг эхлүүлэх гэнэ.