Б.БАРС

Америкийн кино академийн 12 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 1940 оны хоёрдугаар сарын 29-нд Лос-Анжелесийн “Ambassador” зочид буудлын “Cocoanut Grove” хэмээх тансаг танхимд болжээ. Америкийн зохиолч эмэгтэй Маргарет Митчеллын романаар сэдэвлэсэн дэлхийн анхны өнгөт бүрэн хэмжээний кино “Салхинд туугдагсад” тус наадмын ихэнх “Оскар”-ын баримлыг хамах нь эхнээсээ тодорхой байв. “Салхинд туугдагсад” шилдэг найруулагчийн (Виктор Флеминг), шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний (Вивьен Лей) зэрэг найман номинацид алтан баримал гарджээ. Энд тэмдэглэхэд, тус кинонд тоглосон Хетти Макданиэл шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний номинацид тэргүүлснээр “Оскар” гардсан анхны хар арьстан болсон юм.

Хойд Америкийн кино театруудад “Салхинд туугдагсад” киноны 198 сая тасалбар зарагдсан нь кино урлагийн түүхэн дэх бүх цаг үеийн дээд амжилт хэвээр байна. Үүнээс гадна тус кино Хойд Америкт одоогийн ханшаар 871 сая ам.долларын орлого олсон нь мөн л өнөөг хүртэл эвдэгдээгүй үзүүлэлт билээ. Дэлхийн бүх цаг үеийн шилдэг кино “Салхинд туугдагсад” зардлаа нөхсөн үзүүлэлтээрээ ч дэлхийд тэргүүлсээр байгаа юм.

МЭӨ 45 он

Эртний Ромын эзэн хаан Юлий Цезарь эртний Египетийн хатан Клеопатрагийн ордонд одон оронч Созигений санал болгосноор өөрийн нэрээр нэрлэсэн, хүн төрөлхтний өнөөг хүртэл дагаж буй цагалбарыг хуульчлан мөрдөх шийдвэр гаргасан түүхтэй.

1504 он

Испанийн алдарт аялагч Христофор Колумб Америкт хийсэн дөрөв дэх аяллынхаа үеэр Ямайк аралд газардан ундны ус, хоол хүнсээ базаахад хүрчээ. Уугуул иргэд далайчдыг дайсагнасан байдалтай хүлээн авахад од гаригсын хөдөлгөөнийг сайн мэдэх Христофор Колумб сарыг унтраана гэж заналхийлсэн гэдэг. Шөнө болоход сар үнэхээр хиртэж “унтрахад” уугуул иргэд үг дуугүй далайчдыг хүссэн бүхнээр нь ханган явуулжээ.

1908 он

Германд дэлхийн анхны нисэх онгоцны үзүүлбэр шоу болов.

1920 он

Чехсловакийн Үндэсний хурал тус улсын Үндсэн хуулийг баталжээ.

1936 он

Японы армийн хэсэг офицер тус улсад улс төрийн хүрээнд авилгал гаарч, хөдөө орон нутагт ядуурал газар авсныг эсэргүүцэн эрх мэдэл бүхий зарим этгээдийг устгахын тулд “Эзэн хаанаа хүндэтгэ” уриан дор 1500 гаруй цэргийг удирдан босч, Токио дахь Парламентын ордон, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны барилгуудыг эзлэн хэд хэдэн нөлөө бүхий улс төрчдийн аминд хүрчээ. Эзэн хаан Шёва босогчдыг хууль бус үйлдэл хийсэн гэж үзсэний дараа тэд бууж өгсөн бөгөөд 19 удирдагч нь цаазлуулсан юм.

2000 он

ОХУ-ын Агаарын десантын хүчний 76 дугаар дивизийн зургадугаар салааны 90 албан хаагч хойд Кавказын Аргуны хавцал дахь 776 дахь өндөрлөгийг хамгаалан Чеченийн салан тусгаарлагч Хаттабын удирдсан хоёр мянга гаруй байлдагчтай хүч тэнцүүгүй тулалдаан хийж эцэст нь төвтэйгөө холбоо барин өөрсдийн байрлалдаа гал нээхийг хүсчээ. Хаттабын бүлэглэл бут цохигдож, зургаа дахь салааны 90 дайчнаас зургаахан хүн амьд үлдсэн гэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин