Б.БАРС

Түвдийн Лхас хотын Потала ордонд 1940 оны хоёрдугаар сарын 22-нд дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг бурхан шашны тэргүүнээр ёслол төгөлдөр өргөмжилсөн түүхтэй. Тэрээр өмнөх XIII Далай ламыг нас барснаас хойш хоёр жилийн дараа 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр тосгонд тариачны гэр бүлийн тав дахь хүү болон мэндэлжээ. Далай ламын хойд дүрийг тодруулах лам нар 1937 онд гэрт нь очиж Лхам Донров хүүг 13 дахь гэгээнтний хойд дүрээр тодруулсан байдаг.

Түүнийг 1939 онд дөрвөн настайд нь Потала ордонд авчран Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо нэр өгөн шашны уламжлалт ном зааж эхэлжээ. Хоёр Ренбүчи багш түүнд их болон бага таван шинжлэх ухааныг зааж сургасан бөгөөд тэрээр хожим Түвдийн тэргүүн хийдэд 20 мянган лам нарын өмнө ном хаялцан гэвш лхарамба цол авсан байдаг.

1950 оны арван­нэгдүгээр сарын 17-нд Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд нэвтрэн орсны дараа Түвдийн Үндэсний ассамблей 15 настай Далай ламд хандан шашны төдийгүй төрийн тэргүүнээр зарлан тунхаглажээ. Хятадын эсрэг бослого дарагдсаны дараа буюу 1959 оны гуравдугаар сарын 17-нд Далай лам Лхасыг орхин Энэтхэг рүү дүрвэхэд хүрсэн юм. Тэр цагаас хойш Далай лам Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа билээ.

1989 оны Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн тэрээр 2011 онд Түвдийн төрийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч гагцхүү шашны үйлсэд зүтгэх болжээ.

1630

Английн далайчид хойд Америкийн индиан овгийн удирдагч Кводеквайныд зочлон попкорныг анх удаа амталж үзжээ.

1732

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон төржээ.

1793

Францын ирээдүйн эзэн хаан Наполеон Бонапарт дэд хурандаа цолтойгоор Сардинийн эсрэг анхныхаа цэргийн ажиллагаанд оролцов.

1919

Германы Мюнхен хотноо Ерөнхий сайд Курт Эйснерийг хороосны дараа цэрэг, ажилчдын төлөөлөгчдийн зөвлөл Баварийн зөвлөлт улсыг зарлан тунхаглажээ.

1921

Төв Африкийн бүгд найрамдах улсыг 14 жил удирдсан Жан Бедел Бокасса төржээ. Дарангуйлагч тэрээр хүний махаар хооллодог байснаараа алдаршсан билээ.

1942

“Танихгүй эмэгтэйн захидал” номоороо алдаршсан Австрийн нэрт зохиолч Стефан Цвейг амиа хорложээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин