Б.БАРС

1935 оны нэгдүгээр сарын 8-нд АНУ-ын Миссисипи мужийн Тьюпело гэдэг жижиг сууринд ядуу ажилчны гэр бүлд ирээдүйн рок-н-роллын хаан Элвис Аарон Пресли төржээ. Эцэг эх нь түүнийг арваннэгэн нас хүрэхэд түүнд унадаг дугуй бэлэглэхийг хүссэн ч мөнгө нь дутсан тул гитар авч өгсөн аж. Багаасаа гитартай нөхөрлөж, сүмийн найрал чуулгад дуулж эхэлсэн тэрээр дунд сургуулиа дүүргэлгүй хар ажилд зүтгэж, улмаар ачааны машины жолоо эргүүлж, цахилгаанчны туслахаар хүртэл ажиллажээ.

Элвис Пресли 1953 онд 18 насандаа ээжийнхээ төрсөн өдөрт зориулан “Memphis Recording Service” дуу бичлэгийн студид найман долларын үнэтэй уян пянзан дээр өөрийн дуулсан хоёр дуугаа бичүүлснээс түүний нэр алдарт хүрэх замнал эхэлсэн гэж үздэг билээ. Дуу бичлэгийн студийн эзэн Сэм Филлипс түүний өвөрмөц хоолойд тэр даруй татагдсан ба дуунуудыг нь пянзанд бичиж эхэлжээ. Ердөө жилийн дараа залуу дуучны өвөрмөц хэмнэлтэй цоглог “That’s All Right (Mama)” дуу Мемфис даяар алдаршжээ. Удалгүй Элвис Пресли Америк төдийгүй дэлхий даяар од болон гялалзаж, рок-н-роллын хаан хэмээн өргөмжлөгджээ. Тэрээр Холливудыг ч байлдан дагуулж хэд хэдэн хит кинонд тоглож амжсан юм.

Харин 1960-аад оноос орчин үеийн хөгжимд “Битлз” тэргүүтэй Английн түрэмгийлэл эхлэхэд түүний нэр алдар аажмаар бүдгэрэн хумигдах болсон байна. Рок-н-роллын хаан 1977 онд 42 насандаа эмийн тунг хэтрүүлснээс болж өөд болсон билээ.

1238

Бат хааны цэрэг Оросын вангуудын нэгдсэн хүчинтэй Коломна хотын ойролцоо анх удаа тулалдан бутцохижээ. Тулалдааны дараа Монголын цэрэг тухайн үеийн Оросын томоохон хотын нэг болох Коломнад цөмрөн ороод тэр чигт нь галдан шатаажээ.

1324

Хубилай хааны ордонд айлчилсан Венецийн худалдаачин Марко Поло 70 насандаа өөд болжээ. Монголын эзэнт гүрнээр хийсэн аяллынхаа тухай тэрээр ”Орчлонгийн элдэв сонин” ном бичсэн нь дундад зууны Европт жинхэнэ бестселлер болсон юм. Америк тивийг нээсэн Испанийн далайчин Христофор Колумбын ширээний ном нь чухам “Орчлонгийн элдэв сонин” байсан гэдэг.

1815

Нью-Орлеан хотын дэргэд Англи-Америкийн дайны сүүлчийн тулалдаан болж, генерал Э.Жексоны удирдсан АНУ-ын цэрэг ялалт байгуулжээ. Хачирхалтай нь, тулалдсан талууд дайн 1814 оны арванхоёрдугаар сарын 12-нд дууссаныг мэдээгүй байсан аж.

1942

Английн Оксфорд хотноо орчин үеийн хамгийн алдартай астрофизикч Стивен Хокинг төржээ. Орчлонгийн үүслийн онолд дэвшил болсон олон нээлт хийсэн тэрээр залуу насандаа эдгэршгүй өвчин туссан ч эрдмийн ажлаа орхилгүй өнөөг хүрсэн юм. Алдарт эрдэмтэн тусгай компьютерийн тусламжтайгаар Кембрижийн их сургуульд лекц уншсаар байгаа билээ.

1958

Алдарт шатарчин Бобби Фишер 14 насандаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ. 15 насандаа дэлхийн хамгийн залуу их мастер болсон тэрээр 1972 онд Рейкьявик хотноо Б.Спасскийг буулган авч дэлхийн арваннэгдэх аваргаар тодрон шатарт тогтсон ЗХУ-ын ноёрхлыг зогсоож чадсан юм.

Эх сурвалж: www.polit.mn