Б.БАРС
Гурван зууны тэртээ, 1709 оны хоёрдугаар сарын 1-нд Английн ахмад Вудс Рожерсийн хөлөг онгоцны баг Номхон далайн хүнгүй зэлүүд Мас-А-Тиерра арал дээр таван жилийн турш ганцаараа амьдарсан 27 настай шотланд далайчин Александр Селкиркийг илрүүлэн аварчээ. Александр Селкирк 1704 онд “Сэнк пор” хөлөг онгоцны чиглүүлэгч жолооч болон Өмнөд Америкийг зорьсон гэдэг. Гэвч хүнтэй нийцгүй зожиг зантай тэрээр далайчидтай удаа дараа зөрчилдөж, эцэст нь хөлөг онгоцны ахмадаас хоол хүнс, буу, сум, үр тариа, багаж хэрэгсэл өгөн эзэнгүй аралд буулгахыг шаардсан аж.
Ахмад Вудс Рожерс аяллаа дуусгаад “Дэлхийг тойрон аялсан нь” ном бичиж хэвлүүлсэн бөгөөд номондоо Александр Селкиркийн гайхамшигтай түүхийн тухай ч мөн өгүүлжээ. Харин Александр Селкирк Английн эзэн хааны флотод алба хаах болж, “Веймут” хөлөг онгоц дээр 1721 онд 39 насандаа далайн өвчний улмаас өөд болжээ.
Английн зохиолч Даниэл Дефо чухам Александр Селкиркийн туулсан амьдралаас сэдэвлэн алдарт “Робинзон Крузо” романаа бичсэн билээ.
1865 он
АНУ-ын Ерөнхийлөгч А.Линколн тус улсын Конгрессийн баталсан Үндсэн хуулийн 13 дахь засварт гарын үсэг зурснаар боолчлолыг албан ёсоор халсан байна.
1893 он
АНУ-ын зохион бүтээгч Томас Эдисон Нью-Жерси хотноо “Хар ид шид” нэртэй дэлхийн анхны кино студи байгуулав.
1931 он
Хуучин ЗХУ-ын Свердловск мужийн Бутка тосгонд тариачны гэр бүлд ОХУ-ын анхны Ерөнхийлөч Б.Ельцин төржээ.
1946 он
НҮБ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар Норвегийн дипломат Трюгве Лиг сонгожээ.
1958 он
Сири, Египетийн удирдлага Арабын нэгдсэн улс байгуулснаа зарлан тунхаглажээ. Арабуудыг нэг улсад нэгтгэх тус оролдлого төрийн байгуулалтын талаархи дотоод зөрчлөөс үүдэн бүтэлгүйтэж, тус улс 1961 он хүртэл гуравхан жил оршин тогтносон юм.
1964 он
Английн “Битлз” хамтлаг “I want to hold your hand” дуугаараа анх удаа АНУ-ын чаартыг тэргүүлжээ.
1965 он
Тулаантай киноны од Брюс Лигийн хүү Брэндон Ли төржээ. Брюс Ли цэл залуугаараа, 32 насандаа учир битүүлгээр нас барсан бол эцгийнхээ адил тулаантай киноны мастер болсон Брэндон Ли 28 насандаа “Хэрээ” киноны зураг авалтын үеэр харамсалтайгаар өөд болжээ. Зураг авалтад хэрэглэсэн буунд сургуулийн сумнуудын дунд ганц байлдааны сум байсан нь түүний аминд хүрсэн юм.
1969 он
ЗХУ-ын удирдагч Л.Брежневийн олон улсын коммунист хөдөлгөөний эрх ашиг социалист улс орнуудынхаас дээр тавигдах тухай номлолыг Югославын тэргүүн Б.Тито, Румыний Н.Чаушеску нар хүлээж авахгүйгээ илээр мэдэгдэв.
2003 он
АНУ-ын сансрын олон удаагийн “Коламбиа” хөлөг онгоц газарт буухаасаа 16 минутын өмнө ослын улмаас сүйрч, долоон сансрын нисгэгч амь үрэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин