Х.МОНГОЛХАТАН

 

Монгол залуус олон улсын төвшинд бодож, сэтгэж, хөдөлмөрлөж чадаж байгаагийн нэгэн тод жишээ бол “Nerd” багийнхан юм. Өнгөрсөн  сард Тайвань улсад зохиогдсон “Global TIC-2012” олон улсын тэмцээний ялагч ШУТИС-ийн КТМС-ийн санхүүгийн менежментийн IV курсийн оюутан Б.Доржпагмтай ярилцлаа.

 

-“Global TIC-2012" олон улсын тэмцээнд ам­жилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Ямар төслөөр оролцсон бэ?

-Наймдугаар сарын 22-27-ны хооронд Тай­ваньд зохиогдсон олон улсын “Global TIC-2012” бизнес төслийн уралдаанд био технологийн төрөлд манай баг түрүүллээ. “Nerd” багт КТМС-ийн санхүү менежментийн ангийн оюутан Б.Доржпагма минйи бие, Д.Яруу, ХААИС-ийн ца­хилгааны инженерийн ангийн оюутан О.Эрдэнэбат, “Монос” дээд сургуулийн төгсөгч С.Наран нарын бүрэл­дэхүүн­тэй оролцсон. Бид Монгол Улсын төрийн соёрхолт, Анагаахын шинж­лэх ухааны гранд доктор, профессор М.Амбага багшийн зохио­сон “Салимон” бэлдмэ­лийг зах зээлд хэрхэн танилцуулах маркетинг, менежментийн төслөөр оролцоод тэргүүн байр эзэллээ.

-Хэчнээн баг энэ тэмцээнд өрсөлд­сөн юм бол?

-2005 оноос эхлэн жил бүр зохиогдож байгаа олон улсын чанартай тэмцээн юм. Найм дахь удаагийн тэмцээнд Филиппин, Индонез, Тайвань, Орос, Колумб, Монгол зэрэг 13 орны 16 баг оролцсон. “Global TIC” нь олон улсын байгулллагад улс орнууд нэгдээд шинээр зах зээлд гарч ирж буй бизнесийн санааг дэм­жих, хөрөнгө оруулагч олоход нь туслах зорил­готой юм билээ. Тиймээс 18-35 насны бизнес эрх­лэхийг хүссэн, бизнес санаагаа хүмүүст хүргэ­хийг хүссэн хүмүүс оролц­дог. Ихэнхдээ оюутан за­луус байдаг.

-Багийн бүрэлдэхүү­нийг ямар шалгуураар сонгосон бэ. Тэмцээнд оролцоно гэдгээ хэзээ мэдэж, бэлдсэн бэ?

-Монгол Улс “Global TIC” байгууллагын ги­шүүн. “TIC Мongolia” байгууллага өнгөрсөн жи­лээс “Эко пренер” буюу “ногоон дэлхий” олон улсын уралдааныг зохион байгуулдаг. Энэ уралдаа­наас шалгарсан багууд “Global TIC”-д оролцдог. Манай багийнхан “Эко пренер”-ийг зохион бай­гуулсан учраас энэ тэм­цээнд оролцохоор болсон. Ерөнхийдөө зуны хоёр сар бэлдсэн дээ. М.Амбага багштай уулзаж Салимо­ны тухай мэдээллээ авч, маркетинг менеж­ментийн төслөө бичиж, боловс­руулаад оролцсон.

-Танай төсөл бусад багуудаас ямар ялгаатай байв. Шүүгчид болон бу­сад оролцогчид юу гэж үнэлсэн бэ?

-Салимон бол олон жилийн судалгааны үр дүнд гаргаж ирсэн бү­тээгдэхүүн. М.Амбага баг­шийн судалгаанаас ха­рахад биеийн дархлааг сайжруулдаг, хорт хавд­рын өсөлтийг бууруулдаг зэрэг олон үр дүнтэй. Хамгийн гол нь түүхий эд нь Монголд ургадаг Шинэсэрхүү бударгана гэдэг ургамал. Манай маркетингийн чиглэл нь Салимоныг таван төрөл­тэй болгоод, төрөл бүрт нь маркетингийн бодлого бо­ловс­руулсан. Гол шал­гуур нь тухайн төслийг хэрэг­жүүлснээр нийгэмд болон хүмүүст өгөх үр дүнг тоо­цож байсан. Бидний хувьд ч илтгэлээ тавихдаа төс­лийн үр дүнг голчилсон. Олон улсын шүүгчид бидний төслийг өндрөөр үнэлсэн.

-Бусад багуудын төс­лөөс Монголдоо хэрэг­жүүл­мээр санаа, төсөл байсан уу?

-Таван номинацид ба­гууд төслөө танилцуулсан. Мэдээллийн технологи, нийгэмд хандсан чиг­лэлээр үйл ажиллагаа явуулах, ногоон менеж­мент, био технологи гэсэн төрлүүдээр бүтээлээ ирүүл­сэн. Индонезээс оролцсон баг машины утааг багасгах яндангийн технологийг гаргасан бай­сан. Байгаль орчинд ээл­тэй энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр утаа ба­гасч, агаарын бохирдол буурах юм билээ. Тэр ян­данг Индонезед суурилуу­лаад эхэлж байгаа гэсэн. Оросуудын танилцуулсан би хаягдлаар бордоо хийх төсөл нь зардал хэмнэх, хаягдлыг дахин боловс­руулж байгаа гэдгээрээ байгаль орчинд ээлтэй төсөл байсан.

-Энэ тэмцээнд оролц­соноор олон орны залуус­тай хөл нийлүүлж алхаж байгаа эсэхээ мэдэж чад­сан уу?

-Бид олон улсын түв­шинд өөрсдийгөө үнэ­лүүлж чадсан. Гэхдээ хамгийн гол нь олон орны сайхан найз нөхөдтэй болж, тэдэнтэй байнга холбоотой байж, хамтарч ажиллах эхлэл тавигдлаа. Энэ тэмцээнд оролц­соноороо цаашид хамтарч ажиллах түншүүдээ олж авдаг юм билээ. Нэг­нийхээ бизнесийг дэм­жиж ажиллах нь энэ тэм­цээний зорилго ач хол­богдол оршдог. Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүү­сийг хөрөнгө оруулагчид­тай уулзуулж өгдөг. Мөн бизнесээ эхлэх санхүү­гийн эхлэл болгож тэм­цээний ялагчид 3000 дол­ларын шагнал олгодог. Бид энэ тэмцээнд тү­рүүлсэн учраас олон ул­сын хэмжээнд өөрсдийн төслөө гаргаж чадлаа гэсэн үг.

Энэ дашрамд бидэнд тэмцээнд оролцох замын зардлаар тусалсан АПУ компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

-Чиний хувьд урьд нь олон улсын тэмцээн урал­даанд оролцож байв уу?

-Би наймдугаар ангид байхдаа Болгарт болсон олон улсын мэтгэлцээний тэмцээнд орж байсан. Анх удаа олон улсын тэмцээнд орсон болохоор амжилт үзүүлж чадаагүй ч багагүй туршлага хуримтлуулсан. Харин 2010 онд нэгдүгээр курст суралцаж байхдаа Хятадын Гуанжу хотод болсон НҮБ-ын загвар хуралдаанд амжилттай оролцож, “Онцгой тө­лөөлөгч” цомын эзэн болсон.

-Ялагчид урам зориг дүүрэн байгаа байх. Цаа­шид ямар бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байна?

-Бид гаргасан менеж­ментийн санаагаа М.Ам­бага доктортой ярил­цаад Салимон эмийг таван тө­рөлтэй болгож Мон­голдоо шинэчлэлтийг эхлүүлэх бодол байна. Мөн ирэх жилийн энэ тэмцээнд орол­цох хүүх­дүүдийг бэл­дэх тал дээр туслах ажлыг сургууль­тайгаа, Монго­лын ком­паниудтайгаа хамтарч ажиллана.

Миний хувьд ирэх хавар сургуулиа төгсөнө. Санхүүгийн менежмент чиглэлээрээ хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлд 1-2 жил ажиллаад гадагшаа магистрт су­ралцах төлөвлөгөөтэй байна.

-Залууст эх орондоо хийж бүтээх, сурч боловс­рох боломж хэр байна?

-Эх орондоо суралцах боломж бүрэн дүүрэн бий. Манай сургууль гэхэд олон улсын хэмжээнд тавигд­даг шаардлагуудыг хангасан. Дэлхийн шилдэг 1000 сургуульд багтдаг. Хамгийн гол нь тухайн хүний хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална.

-Бэрхшээл байна уу?

-Зарим хүний хувьд санхүүгийн бэрхшээл байж болох юм. Хүн гэхдээ сонирхсон мэргэжлээ эзэм­ших гэж хичээж, зүт­гэвэл амжилтад хүрнэ. Хамгийн чухал нь сурал­цаж байхдаа өөртөө ханах ёсгүй. Өөрийгөө хөг­жүүлж, ирлэж, илүүг сурч мэ­дэх гэж зогсолтгүй мэ­рийх хэрэгтэй. Хү­рээгээ тэлж, улам олон зүйлд суралцаж тэмүүлж чадсан хүн амжилтад хүрнэ.

-Залуус насыг хөөр хөгжөөн, тоглоом нар­гиангүйгээр төсөөлөшгүй. Чөлөөт цагаа хэрхэн өн­гөрүүлэхийг боддог вэ?

-Би амьд хөгжим со­нирхдог. Чөлөөт цагаараа гитар, төгөлдөр хуур тоглох дуртай. Спортын төрлөөс бол айкидогоор хичээллэж эхэлсэн. Мөн сургууль дээр хэсэг найзуудын байгуулсан “Fiss” сонирх­лыг клуб байгуулсан. Энэ клубтээ ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Сайн дураараа нэгдсэн залуу­сын клуб маань шинэлэг бүтээлч зүйлсийг нийгэмд хийхийг хичээдэг.

Ер нь залуус бид байх­гүй зүйлдээ хэт төвлөрдөг. Үүний оронд хаана ямар боломж байгааг олж харахын төлөө хөдөлмөрлөх ёстой. Бидний хувьд хам­гийн гол нь залуу байна гэдэг том боломж юм. Үүнийг зөвөөр ашиглаж зөв зүйлд зарцуулах хэ­рэгтэй.