Ч.ГАНТУЛГА
Сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Тиймээсөнгөрөн одож буй жилийнхээ ажил үйлсийг тунгааж, ирэх жилийнхээ сайн сайхныг билгэдэж монголчуудбитүүлэх ёслол хийдэг уламжлалтай. Энэ өдөр хэрхэн ёсыг зөв үйлдэх болон юуг тэвчин, цээрлэх тухай “Бадмаараг” хийдийн лам Д.Пүрэвжаргал ийн зөвлөж байна.
НАР ЖАРГАХААС ӨМНӨ БИТҮҮЛЭЭРЭЙ
Монголчууд битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг аж. Хэрэв хүнээс мөнгө, эд бараа зээлсэн бол даруйхан эргүүлэн өгч, хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзаж эвлэрдэг уламжлалтай. Үүнээс гадна айл бүхэн бурхан шүтээнээ тахин, гэрийнхээ тоос шороог цэвэрлэж, идээ будаагаа засдаг. Энэ өдрийн гол ёсын нэг нь Лхам бурхныг баярлуулах юм. Үүний тулд үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг уламжлал бий. Мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айлууд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундаганд хийж тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилаа шүтэж, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. Лхам бурхныг баярлуулахад нэг сайн үйл нь мянга болон дэлгэрч, буян хураадаг аж.
НЯЛХ ХҮҮХДИЙГ НЭРЭЭР НЬ БҮҮ ДУУД
Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой эсвэл өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Харин толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг уламжлалтай. Мөн бууз жигнэж, банш чанан айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг ажээ. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо ч тэнүүчлэнэ гэж үздэг. Мөн шөнө айлд хоновол сүнс нь төөрнө гэжээ. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос тухайн жилд гай гамшиг тохиолдоно. Харин цадтал нь хооллох ёстой. Үүнээс гадна гэр харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудах ёсгүй.
Хэрэв ингэвээс чөтгөр хорлоно гэж үздэг юм байна. Өлөн зэлмүүн хонох, хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга хашгирахыг цээрлэ гэж Д.Пүрэвжаргал лам зөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин