Өвөрмөц дуу хоолой, этгээд ижижээрээ бусдаасаа сондгойрдог дэлхийд алдаршсан цөөхөн эмэгтэй поп дуучдын нэг бол Пинк. АНУ-ын жижигхэн Абингтон хотод Вьетнамын дайны ахмад дайчны гэр бүлд төрсөн тэрээр дунд сургуульд байхдаа юм л бол ичингүйрээд хацар нь ягаардаг байжээ. Иймээс ч үеийнхэн дундаа тэр “пинк” буюу ягаан гэдэг хочтой болсон гэдэг. Өдгөө 36 настай, “Грэмми”-гийн шагналыг удаа дараа хүртсэн дуучин, хөгжмийн зохиолч, продюссер тэрээр поп ертөнцийн бусад оддоос хоббигоороо ч мөн ялгардаг.
Тэрээр органик хүнсний ногооны дөрвөн ч хүлэмжтэй ажээ. Алдарт дуучин хүлэмжиндээ өөрийн гараар өргөст хэмх, улаан лооль, чинжүү, байцаа гээд олон төрлийн хүнсний ногоо тариалдаг гэнэ. Пинк “Entertainment weekly” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Би хүнсэндээ хэрэглэдэг органик ногоогоо өөрийн гараар тордон ургуулах дуртай. Энэ ажлаас би жинхэнэ таашаал авдаг. Саяхан би Том Хадкингстоны “Хэрхэн эрх чөлөөтэй болох вэ” номыг уншсан юм. Тэр номонд “Бусдаас хамаарахгүй жинхэнэ эрх чөлөөтэй болохыг хүсч байвал өөрийн тариалантай бол” гэсэн байна лээ. Өөрийн гараар ургуулсан хүнсний ногоогоор хооллоно гэдэг үнэхээр эрх чөлөөний дээд шүү. Жинхэнэ панк-рок маягийн эрх чөлөө гэдэг энэ!” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин