Б.БАРС
90 жилийн тэртээ, 1926 оны нэгдүгээр сарын 18-нд Москвагийн “Художественный” кинотеатрт 27 настай авьяаслаг найруулагч Сергей Эйзенштейний “Потемкин” киноны нээлт болжээ. “Ажил хаялт” нэртэй анхны киногоо бүтээгээд удаагүй байхад нь ЗХУ-ын удирдлага түүнд “Потемкин” хуягт хөлөг онгоцонд гарсан бослогын 20 жилийн ойд зориулан кино хийх үүрэг өгсөн байна. Дөрөвхөн сарын дотор бүтээсэн хар цагаан, дуугүй “Потемкин”-ыг 1958 онд Брюссель хотноо 117 орны шилдэг киношүүмжлэгчид дэлхийн кино урлагийн шилдэг бүтээл гэж нэрлэсэн билээ. Тэр цагаас хойш “Потемкин” бүх цаг үеийн шилдэг кинонуудын шинэчилсэн жагсаалт бүрт багтсаар ирсэн юм.
Дэлгэцийн тус бүтээл гарсан даруйдаа ЗХУ, улмаар дэлхийн кино ертөнцөд цахиур хагалсан бөгөөд Австрийн суут театрын найруулагч Макс Рейнхардт үзэнгүүтээ, “Театр кинонд зай тавьж өгөх хэрэгтэй гэдгийг би анх удаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
1671 он
Карибын тэнгисийн зартай далайн дээрэмчин Ф.Морган Панамыг эзлэн авчээ. Түүний удирдсан далайн дээрэмчид ухаалаг тактик хэрэглэн Панамын амбан захирагч Гусманы илт давуу хүчийг бут цохисон аж.
1778 он
Английн алдарт далайчин Жеймс Кук гурав дахь удаагаа дэлхийг тойрон аялахдаа Номхон далайн төвд орших Хавайн арлуудыг нээсэн байна. Далайчид арлуудын уугуул иргэдтэй найрсаг харилцаа тогтоосон ч сүүлдээ эвдрэлцсэн аж. Жеймс Кук нэгэн арлын омгийнхонд баригдаад галд шаруулан идүүлж харамсалтайгаар амь насаа алджээ.
1904 он
ЗХУ-ын иргэний дайны домогт баатар Чапаевын дүрийг 1934 онд бүтээж кино урлагт мөнхөрсөн жүжигчин Б.Бабочкин төржээ. Эхлээд түүнийг Петькагийн дүрд баталсан ч жүжигчин Н.Баталов Чапаевт тоглох боломжгүй болсон тул энэ дүр түүнийх болсон гэдэг.
1943 он
Нацист Германы цэрэг Африкийн фронтдоо анх удаа “Барс” танкийг байлдаанд оруулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин