Б.САНСАР
Хөгжмийн ертөнцөд элдэв сонин үйлдлээрээ зард гарсан дуучин Леди Гага нөхөрт гарах гэж байгааг дотны найз бүсгүй ди-жей Старлайт хэвлэлийнхэнд дэлгэжээ. Леди Гага жүжигчин Тейлор Киннитэй дотносоод удсан бөгөөд ойрын үед АНУ-ын Пенсильванид төрөл төрөгсөд болон ойр дотны найз нарынхаа хүрээнд даруухан хурим хийхээр төлөвлөсөн аж.
Дурлалт хос анх 2011 оны есдүгээр сард “You and l” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан гэнэ. Старлайт хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, “Леди Гага Тейлорыг өөрт нь таарсан цорын ганц эр гэж надад бишгүй хэлж байсан. Тэр нь ч үнэн юм билээ. Тэр хоёрыг хамтдаа байхыг харахад ёстой л нэг нэгэндээ зориулагдан бүтээгдсэн юм шиг харагддаг”гэжээ.
Леди Гага хуримынхаа бэлтгэлийг базаахаас гадна ирэх арваннэгдүгээр сарын 11-нд гарах шинэ цомог дээрээ ажиллаад туйлын завгүй яваа гэнэ.