Б.БАРС

Халимагийн нийтлэлч Эрдэн Чучеевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

1771 оны нэгдүгээр сарын 5-нд Ижил мөрний ойрд-халимагуудын дийлэнх хэсэг Увш хааны удирдлага дор Каспийн тэнгисийн эрэг хавиас хөдлөн өвөг дээдсийнхээ нутгийг зорьжээ.

Зүүнгарын Алтайн нутгийг зорих их нүүдэлд сайтар бэлтгэн гурван жил (1767-1770) чандлан нууцалж байсан гэдэг. Халимагууд хааныхаа зарлигийг даган хол аян замд хүндрэл үүсгэхгүйн тулд гурван жилийн турш хүүхэд төрүүлэхийг тэвчжээ. Оросын хааны цэрэг, хөрш зэргэлдээ үндэстнүүдийн дайралтыг няцаан аян замыг богино хугацаанд туулах шаардлагатай байсан тул арга ч үгүй.

Их нүүдэл олон сар үргэлжилж, нүүдэллэгсдийн дийлэнх нь тулаалдаан, өвчин, өлсгөлөн болон бусад олон шалтгааны улмаас үрэгдсэн юм. Зүүнгарын нутагт ирээд Увш хааны ойрд-халимагууд Манж Чин улсын армид эсэргүүцэл үзүүлээгүй ба тус гүрний хараат болж туулахад бэрх даваануудаар тусгаарлагдан нэг нэгнээсээ хол зайд тархан суурьшихад хүрчээ.

Ижил мөрөнд үлдсэн халимагууд тусгаар тогтнолоо алдаж, II Екатеринагийн зарлигаар Халимагийн хаант улсыг татан буулгасан юм.

halimag nuudel2

Н.Н.Пальмов энэ талаар, “Орос улсад халимагийн ард түмэн өмнөд хязгаарынх нь бат бэх түшиг байхаа больсон юм” гэж бичсэн байдаг. Г.Н.Прозрителев тэмдэглэхдээ, “Увш хаан нүүдэллэн явсан нь өмнөд Оросын амьдралд томоохон үйл явдал болсон” гэж байжээ.

В.А.Потто 1771 оны халимагуудын нүүдлийн хор уршигийн тухай, “Ижил мөрөн, Калаус голын дундахь тал тэр чигтээ эзгүйрч, 1771 онд Сокур-Аджи Карамурзины черкесүүд довтлохдоо Донын цэргийн нутагт элдэв саадгүй хүрч Романовын гацааг тоноод буцах замдаа л хошууч Криднерийн гусар цэрэгтэй багахан буудалцсан байдаг. 1773 оны сүүлээр Кубаньд Туркийн арван мянган цэрэг цөмрөн орж хожим Портагийн тагнуулчдын орогнодог газар болсон Таманийг эзлэн авсан. Тэрхүү цэргийг удирдсан Девлет-Гирейг Порта хаанаа болгон өргөмжилсөн билээ” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn