Б.БАРС
Францын Сен-Реми хотноо 1503 оны арванхоёрдугаар сарын 14-нд ирээдүйн үйл явдлыг зөгнөн хэлэх онцгой чадвартай гэгддэг иудейн эртний Иссахар удмын худалдаачны гэр бүлд нэрт зурхайч, одон оронч, яруу найрагч, философич, эмч Мишель де Нострдам мэндэлжээ. Хүн төрөлхтний түүхийг олон зуун жилийн урьдаас зөгнөн хэлсэн тэрээр Нострадамус нэрээр дэлхий даяар алдаршсан билээ. Эмч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан Нострадамус 1555 онд “Магистр Нострадамусын ер бусын зөгнөл” нэртэй номоо бичсэн. Номын эхний хэсэгт 30 гаруй жил уйгагүй цуглуулсан гоо сайхны болон хоолны жорнуудаа эмхэтгэсэн бол “Центуриуд” гэх хоёр дахь хэсэгтээ дэлхийн ирээдүйн түүхийг шүлэглэсэн хэлбэрээр зөгнөн хэлжээ. Чухам “Центуриуд” өнөөг хүртэл хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн юм. Олон арван судлаач түүний учир битүүлэг өгүүлэмжтэй зөгнөлүүдийг тайлан нэр сууг нь өргөсөн гэдэг ч Мишель Нострадамусын номоор ирээдүйн түүхийг яг таг урьдчилан хэлж тайлбарласан тохиолдол өнөөг хүртэл гараагүй билээ.
1911 он
Норвегийн аялагч Руаль Амундсены экспедиц дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлд анх удаа хөл тавьжээ. Р.Амундсен өөртэй нь уралдсан Английн Роберт Скоттын экспедицийг бүтэн сараар түрүүлэн Антарктид дахь өмнөд туйлд хүрэн Норвегийн далбааг мандуулж чадсан юм.
1918 он
Украины үндсэрхэг үзэлтэн Симон Петлюрагийн цэрэг Киевийг эзлэн Украины төрийн эрх мэдлийг гартаа авчээ.
1946 он
НҮБ-ын Ерөнхий ассамблей тус байгууллагын төв байрыг АНУ-ын Нью-Йорк хотод байгуулахаар шийдвэрлэжээ.
1960 он
НҮБ-ын Ерөнхий ассамблей Колонийн улс орнуудад тусгаар тогтнол олгох тухай тунхаглалыг баталснаар колонийн эрин үеийн төгсгөл эхэлжээ.
1970 он
Польшид хүнсний бүтээгдэхүүн, нүүрс, хувцасны үнийг огцом нэмсний дараа Гданьск, Гдыня, Шецин зэрэг боомт хотуудад хөдөлмөрчдийн ажил хаялт, жагсаал цуглаан өрнөв. Польшийн эрх баригчид үүнийг хувьсгалын эсрэг тэмцэл гэж үзэн хүч хэрэглэж хэрцгийгээр дарах үеэр 100 гаруй хүн амь үрэгдэж, 1100 гаруй хүн шархадсан байна.
1977 он
ЗХУ-ын үзэгчдийг байлдан дагуулсан найруулагч Э.Кеосаяны гурвалсан киноны сүүлийн хэсэг болох “Баригдашгүй өшөө авагчид буюу Оросын эзэн хааны титэм” гарч эхлэн кинотеатруудад урьд өмнө үзэгдээгүй дараалал үүссэн гэдэг.
1994 он
ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин Чеченийн салан тусгаарлагчдын удирдагч Ж.Дудаевт зэр зэвсгээ хураалгахыг тулган шаарджээ. Ж.Дудаев татгалзсан хариу илгээснээр Чеченийн дайн эхэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин