Б.БАРС
Их Британийн нэрт улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, Нобелийн шагналт зохиолч Винстон Черчилль 1874 оны арваннэгдүгээр сарын 30-нд төржээ. 2002 оны санал асуулгаар түүнийг Английн бүх цаг үеийн хамгийн суут хүн гэж үзсэн байдаг. Тэрээр 35 насандаа Их Британийн Дотоод хэргийн сайдаар томилогдон улс төрд хөл тавьжээ. Дэлхийн II дайн эхэлсэн хүнд үе буюу 1940 онд Ерөнхий сайдаар сонгогдохдоо ард түмэндээ хандан “Би та бүхэнд цус, нулимс, хөлс, хүнд хүчир хөдөлмөрөөс өөр юу ч амлаж чадахгүй нь” гэсэн алдарт үгээ хэлжээ. Тэрээр дэлхийн II дайнд нацист Германыг бут цохиж, дайны дараах дэлхийн шинэ хэв журмыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
1619 он:
Европоос АНУ-ын Виржинид хүрэлцэн ирсэн цагаачид хүйтэн өвлийг даван туулж, үр тариа тарихад нь харамгүй тусалсан нутгийн индиан овгийнхныг урин дайллага хийж талархлаа илэрхийлжээ. Өдгөө Талархлын баярыг АНУ-д албан ёсоор тэмдэглэдэг юм.
1667 он:
Английн нэрт зохиолч Жонатан Свифт Дублин хотноо мэндэлжээ. Түүний бичсэн “Гулливерийн аялал” роман дэлхий даяар өнөөг хүртэл хэвлэгдсээр байгаа юм.
1731 он:
Бээжинд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 мянга гаруй хүн амь үрэгджээ.
1835 он:
АНУ-ын бүх цаг үеийн шилдэг зохиолчдын нэг Марк Твен төржээ. Тэрээр “Том Сойерын адал явдал”, “Жонон гуйлгачин хоёр”, “Хекелберри Финны адал явдал” зэрэг зохиолоороо алдаршжээ.
1872 он:
Лондон хотноо Англи, Шотландын хөлбөмбөгчид ногоон талбайд өрсөлдсөн нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны үндэсний шигшээ багуудын тоглолт байв.
1939 он:
Халх голын тулалдаанд Японыг бут цохисныхоо дараа ЗХУ жижигхэн Финландын эсрэг дайн зарлан хоёр долоо хоногийн дотор тус улсын нийслэл Хелсинкиг эзлэхээр төлөвлөсөн ч өвлийн турш их хохирол амсчээ. Ингээд 1940 оны гуравдугаар сарын 12-нд энхийн гэрээ байгуулахад хүрч, Финландыг өөрийн тоглоомын улс болгож дөнгөөгүй билээ.
1963 он:
Английн Ливерпулийн алдарт “Битлз” хамтлагийн гаргасан “With the Beatles” цомог анх удаа нэг саяас дээш хувиар борлуулагджээ.
1965 он:
Холливудын орчин үеийн хамгийн их эрэлттэй, мөн хамгийн их орлоготой инээдмийн жүжигчин Бен Стиллер төржээ. Тэрээр өнөөдөр 50 нас хүрч байна.
1990 он:
25 жилийн тэртээ энэ өдөр шатрын дэлхийн 16 дахь аварга, Норвегийн их мастер Магнус Карлссен төржээ. Тэрээр 2013 онд Энэтхэгийн их мастер Вишванатан Анандтай халз тоглон хожиж дэлхийн аварга болсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин