Ч.ГАНТУЛГА

Үегүй юм шиг нугарч, олныг гайхшруулсан нэгэн бүсгүйн үзүүлбэрийг үзсэн юм. Бяцхан биедээ баймгүй авьяасаар үзэгч түмний талархлыг хүлээсэн уран нугараач О.Цэцэглэнг “Өөр мэдээ” сониныхоо зочноор урьж ярилцлаа.

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулач?

-Танай сонины уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг О.Цэцэглэн гэдэг. Би уран нугараач. Найман настайгаасаа нугарч эхэлсэн. Одоогоор 15 жил нугарч байна.

-Амаараа саваа зуугаад тогтдог үзүүлбэрийг чинь үзсэн. Гайхалтай санагдсан шүү?

-Баярлалаа. Тэр үзүүлбэр бол миний олон жилийн уйгагүй бэлтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болно. Нугараачаас тэвчээр, ур чадварын өндөр үзүүлэлт, хүч шаарддаг.

-Ганцхан саваа мод зуугаад бүх биеэ газраас хөндийрүүлнэ гэхээр санаанд багтахгүй юм. Эрсдэлтэй биш үү?

-Тэр эрсдэлийг л давж сайн уран бүтээлч болдог. Эрсдэлгүй спорт, мэргэжил гэж байхгүй шүү дээ. Ялангуяа уран нугаралтаар хичээллэж байгаа бол өдөр бүхэн эрсдэлтэй нүүр тулна.  Уран нугаралт өөрөө тэнцвэрийн урлаг. Тэнцвэрээ жаахан алдахад бэртэх аюултай. Гэхдээ өөрийн сонирхол, хүсэл болохоор бэрхшээл бүхнийг даваад ард нь гарна гасан сэтгэлийн тэнхээ байдаг.

-Хэдэн настайдаа нугарах авьяастай гэдгээ мэдсэн бэ?

-Таван настайдаа зурагтаар хоёр эмэгтэй нугарч байхыг харсан юм. Дуурайсан чинь чадаж байсан. Тэгээд ээжтэйгээ хамт цирк орж шалгуулсан ч нас нь болоогүй байна гээд аваагүй. Гэртээ үргэлж нугардаг байсан. Харин найман настайгаасаа мэргэжлийн багшийн удирдлагадоор хичээллэж эхэлсэн.

-Дэлхийн өөр оронд уран нугараачид байдаг уу. Тэднээс таны хувьд юугаараа онцгой вэ?

-Дэлхийн олон оронд уран нугараачид бий. Бүгд л өөр өөрийн онцлогтой. Гэхдээ яагаад ч юм монгол нугараач гэхээр хүмүүс илүү сайхнаар хүлээж авдаг. Манай нугараачдын ур чадвар үнэхээр сайн. Байгалиасаа төрсөн онцлогтой. Монгол нугараачид бүх зүйл нь цогц байдаг. Гоо үзэсгэлэн, уян налархай байдал, техник, ур чадвар, хүч чадал гээд л.

-Тэр үед эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө биз?

-Монголын минь буян заяа үргэлж биднийг түшдэг гэдэгт итгэдэг. Энэ сайхан эх оронд ийм ховорхон авьяасыг авч төрсөндөө баярлаад ханадаггүй. Манай улс уран нугаралтаар дэлхийн топ орнуудын тоонд багтдаг. Энэ бол том амжилт шүү.

-Өдрийн хэдэн цагийг бэлтгэлтэй өнгөрөөдөг вэ. Шантрах тохиолдол гарч байв уу?

-Сарын өмнө би шантраад. /инээв/  Ганцаараа бэлтгэл хийвэл өдөрт цагаас 1,30 минутыг заавал бэлтгэлдээ зориулдаг. Олуулаа бол цаг нь уртасдаг. Долоо хоногт их амарлаа гэхэд хоёр хоног л амардаг. Шантрах үе бишгүй байсан. Хүмүүс уран нугараачдыг хараад амархан юм гэж боддог байж магадгүй. Гэхдээ үгүй шүү. Нугаралт тэсвэрийн урлаг. Бид нэг үзүүлбэр гаргахын төлөө олон хоног бэлтгэл хийдэг. Өөрийнхөө биеийг дийлэхийн төлөө хүчтэй байх хэрэгтэй. Хүчний олон дасгалуудыг байнга хийнэ, гар дээрээ сунайна.

-Эрүүл мэнддээ хэр анхаардаг вэ?

-Саяхан миний нуруу өвдсөн. Тэгэхэд тайзнаас нулимстай буусан. Яг тэр үед нугарахаа больдог юм билүү гэж бодогдсон.

-Тайзнаасаа буухгүй биз дээ?

-Би өөртөө хэлсэн. “Цэцэглээн чи юуны төлөө 15 жил нугарсан юм бэ. Ингээд л буугаад өгөх байсан юм уу” гэж. Хорьж болохгүй хүсэл минь намайг чи энэ урлагт байх ёстой гэж шивнэх шиг болсон. Эмчилгээ хийлгээд нуруу минь хэвэндээ орчихсон.

-Уран нугаралт залуу насны мэргэжил гэвэл та санал нэгдэх үү?

-30, 40 хүрсэн ч нугардаг хүмүүс бий. Биеийнхээ онцлогоос шалтгаалдаг.

-Таны хувьд хэд хүртлээ нугарна гэж бодож байна?

-Бие минь хэзээ боль гэж хэлнэ тэр цагт л тайзнаасаа бууна гэж боддог. Гэхдээ нугарахаа больсон ч багшлах сонирхолтой шүү.

-Хэзээ гэр бүлтэй болох вэ. Нугараач хүнд хүүхэд гаргаж болохгүй гэх зэрэг ямар нэгэн болзол тавьдаг уу?

-Би саяхнаас найз залуутай болсон. Намайг ажил мэргэжлийг минь ойлгодог их сайхан хүн бий. Түүнээс чи хүүхэд гаргаж болохгүй шүү гэж бидэнд зарлигддаггүй. Хоёр хүүхэд төрүүлчихээд нугараад явж байгаа хүмүүс олон бий. Өөртөө хэр арчаатай байхаас л шалгаалах байх.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Галбираа яаж ийм сайхан байлгадаг байнаа?

-Үргэлж тайзны будалт хийдэг учраас гэртээ, сургуулилттай байхдаа аль болох арьсаа амраахыг хичээдэг. Харин таргалж, турах нь амархан учраас хоолны дэглэм бага зэрэг барьдаг. Гэхдээ өлсч, ядартлаа хоолоо сойдоггүй. Яагаад гэвэл бид хүчтэй байх ёстой.

-Хэрэв өөр аль нэг орноос өндөр цалин амлаад манай улсыг төлөөлж нугараач гэвэл та зөвшөөрөх үү?

-Юу ч амласан эх орноосоо явахгүй гэж бодож байна. Би их эх оронч үзэлтэй. Энд миний гэр бүл, найз нөхөд гээд хайртай бүхэн минь байна. Тэднийг мөнгөөр үнэлж болно гэж үү.

-Уран нугаралтын урлагаас юуг хамгийн их сурсан гэж боддог вэ?

-Амьдралын минь утга учрын нэг хэсэг нь энэ урлаг. Би тэсвэр тэвчээр гэдгийг энэ урлагаас л мэдэрсэн, сурсан.

-Хамгийн сүүлийн амжилтаасаа сонирхуулаач?

-Саяхан Ромд болсон уран нугараачдын наадмаас хосын төрөлд мөнгөн медальтай ирсэн.