Ч.ГАНТУЛГА
Монголын хип хопын нэгэн үеийн төлөөлөл “Татар” хамтлаг 10 нас хүрчээ. “...Бусдын хайрыг хүндэл хайраа нээсэн сэтгэл шүү дээ зөвхөн хайртай хүндээ...” хэмээн дуулдаг тэд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн. Тэгвэл төрсөн өдрийнхөө ойд зориулж нэгэн том ажлыг эхлүүлээд байгаа нь “Нөлөөллөөс дээгүүрт” аян юм. Удаан хүлээлгэсэн фенүүдээ баярлуулж, гурав дахь тоглолтоо “UB Palace”-ийн “Open air”-т ирэх сарын 5-нд хийх гэж байна. Залуусыг элдэв нөлөөлллөөс дээгүүрт амьдрахыг уриалсан, нөлөөллөөс дээгүүр гурван залуутай ярилцлаа.
Ч.Жаргалсайхан: МАНАЙ ХАМТЛАГ СТИЛЬ ХӨӨДӨГГҮЙ
-Хип хоп стиль гэж байдаг уу?
-Хип хопыг анх дуулсан хүмүүс нь өргөн өмд, саравчтай малгай өмсдөг байсан байх. Түүнээс биш заавал тийм хувцас өмс гэсэн хууль байхгүй шүү дээ.
-“Татар” гэхээр саравчтай малгай нүдэнд харагддаг. Танай хамтлагийн гол имиж үү?
-Бид хувцсаараа имиж хийхийг хүсээгүй. Манай хамтлаг стил хөөдөггүй. Нэг тоглолт дээр Заяа саарал саравчтай малгай өмссөн юм. Тэр үеэс зарим нэг гүйлгээ ухаантай нэг нь “Татар” малгай гээд зараад эхэлсэн. Малгайгаа далий тавьдаг моод Заяагаас үүдэлтэй шүү /инээв/.
-Та нар гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Гоо сайхан гэхээсээ эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг. Гэхдээ үргэлж олны нүдэнд ил байдаг учраас муухай харагдахгүйг хичээнэ шүү дээ.
-Брэнд гэж юу вэ. Нэр төрийн баталгаа юм уу, үнэхээр чанар юм уу?
-Зөвхөн урлагийнхан төдийгүй, хүн бүхэн брэнд гэж хошуурах болсон үе. Зарим нь зөвхөн нэр төрийн баталгаа гэж боддог байх. Харин нэг хэсэг нь үнэхээр чанар гэдэг утгаар нь хэрэглэдэг биз.
-Та өөрөө аль нь вэ?
-Би брэнд хөөдөггүй. Өөрт таалагдсан, хүссэн зүйлээ хэрэглээд явж байна.
-Хип хопыг залуу насны урлаг гэвэл та санал нэгдэх үү?
-Залуу насны урсгал байна. Мөн дэлхийд өндөр настай ч хип хопчид байдаг шүү дээ. Хүн хүний сонирхлоос л болох байх.
Д.Батзаяа: АРХИ, ТАМХИНД ИХ ЗАН ГАРГА
-Манай залуус үнэхээр нөлөөллөөс доогуур амьдарч байна уу?
-Амьдралд сайн, муу хоёр зэрэгцэж явдаг нь жам шүү дээ. Бид Монголынхоо залуусыг муу гэж хэлээгүй. Адилхан залуу хүний хувьд нэгдэе, нэгэн зорилгын дор хамтдаа хийж, бүтээе гэж уриалж байгаа юм. Манай аяны давалгаа хүчээ авч байна. Бид ийм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй.
-Залуус “Нөлөөллөөс дээгүүрт” амьдрахын тулд яах ёстой юм бэ?
-Муу нөлөөллөөс дээгүүр амьдрах хэрэгтэй. Үүний тулд аливаа зүйлд ухамсартай, бодолтой хандах хэрэгтэй. Залуусыг уруу татсан нийгмийн олон хүчин зүйл байгаа. Тэр бүхнээс татагалзаж, үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Манай аяны гол зорилго энэ. Архи, тамхинд их зан гарга, өөрийгөө хүндэл, монголчууд доошоо тонгойж мэндэлдэггүй, дээшээ гэдгэр хүмүүс шүү дээ.
-Аяны хүрээнд олон ажил хийж байгаа. Хамгийн сүүлд гишүүнчлэлийн карт гаргасан гэж сонссон?
-Хотын дүүрэг бүрт фен клуб, ажлын байр байршуулсан. Тэндээ залуустай уулзаж, санал бодлоо солилцож байна. Бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрт боломж нээлттэй болсон. “Гишүүнчлэлийн карт”-ыг дүүрэг бүрт байрлах манай фен клубт бичиг баримттайгаа очиж, үнэ төлбөргүй авах боломжтой. “Татар”-ын гишүүнчлэлийн карттай болсноор шинэ цомог, шинэ тоглолт бүрт урамшуулал эдлэнэ.
-“Татар” энэ 10 жилд бусад хамтлагаас юугаараа онцгой байсан гэж дүгнэж байна?
-Бид уран бүтээл бүхнээ хөдөлмөрлөж бүтээсэн. Бидний хувьд тухайн үедээ чартын нэгдүгээрт бичигдэх дуу гаргах асуудал байгаагүй. Бид чадсан. Үүгээрээ бахархдаг. Хөдөлмөрлөсөн өдөр хоног бүрийнхээ тоогоор эргээд сэтгэлийн таашаалыг мэдэрдэг байсан.
-Та нарын сонирхол хэзээ буурах вэ?
-Сонсогчид биднийг хэзээ сонсохоо болино тэр цагт л дуусна даа.
Д.Мөнхчулуун: МАНАЙ ЗАЯА ХЭЗЭЭ Ч ХӨГШРӨХГҮЙ
-“Татар” хамтлагийн нөхөрлөл хэдийнээс эхлэлтэй вэ?
-Бид 10 жилийн нэг ангийн найзууд. Нийслэлийн 39-р сургуульд бага нас минь өнгөрсөн. Манай хамтлагийн түүх нөхөрлөлөөс эхтэй. Сургуулийн ширээнд тохой мөрлөсөн үеэсээ хамтлаг байгуулахыг мөрөөддөг байсан. Бид мөрөөдөлдөө хүрсэн. Одоо илүү ихийг хүсч, тэмүүлж явна.
-Тэгвэл хөгжилтэй дурсамж олон байх. Нийлж их дэггүйтдэг байв уу?
-Жагаа бид хоёр тавдугаар сарын 8-нд төрсөн. Манай Заяа дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж олон бий. Манайхнаас хамгийн дэггүй нь Заяа. Ангийн охид, хөвгүүдийг хөгжөөж чаддаг. Хүнийг өөртөө татах увдистай гэх юм уу даа. Ангийнхан Заяаг юм ярихаар тойроод суучихдаг байсан.
-Тэгвэл Жагаа ах ямар хүхэд байсан бэ. Хоёр найз чинь хүүхэд байхаасаа хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ?
-Манай Жагаа сурлага сайтай хүүхэд байсан. Шалгалт өгөхөөр бид хоёрт тусладаг байлаа. Найзынхаа хүчээр олон ч шалгалтад онц авсан шүү /инэв/.
-Хамтлагийн хамгийн хамгийнаас сонирхуулаач?
-Хамгийн зөрүүд нь Жагаа. Аливаа зүйлд нухацтай ханддаг. Бодож, тунгааж байж шийддэг. Харин хамгийн хүүхдэрхүү нь манай Заяа. Хэзээ ч хөгшрөхгүй байх. Амьдралыг гэгээнээр харж чаддаг. Урлагийн өндөр мэдрэмжтэй.