Б.ТУУЛ

“Хобби” буланд энэ удаа хөгжмийн зохиолч, найруулагч, продюссер Н.Халиуныг урилаа.

-“Халиуны ертөнц” нэртэй таны анхны бие даасан тоглолт боллоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Тоглолт сайхан болсон, сэтгэл өндөр байна. Монголын хөгжмийн урлаг, рок попын ертөнцөд олон сайхан уран бүтээлийг хамтран туурвиж яваа уран бүтээлчид, хамтлаг, дуучидтайгаа хамтран анхныхаа тоглолтыг сайхан зохион байгууллаа. Хамтран ажилласан бүх уран бүтээлч, албан байгууллагад баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Таныг уран бүтээлээр чинь таних хүн олон. Мөн халзан толгойтой, хар шилтэй гээд гаднах төрхөөр чинь бас танина. Халзан толгойтой байх нь таны стиль, имиж үү?

-Хөгжилтэй асуулт байна. Халзан байх нь надад таалагддаг юм. Дээрээс нь толгой хөнгөн, амар байдаг. Тэгээд ч урлагийнхан ямар нэгэн зүйлээрээ бусдаас ялгарч байх ёстой шүү дээ. Ахуй амьдрал, амьдралын хэв маяг нь хүртэл өөр байх шиг санагддаг. Халзан толгойтой гадаад, дотоодын нэртэй уран бүтээлчид  олон байдаг шүү дээ. Би тэдний л нэг.

-Урлагийнхан “Өдөржин завгүй ажиллалаа” гэдэг хэрнээ цаанаа л нэг жавхаалаг харагддаг. Магадгүй, энэ нь амьдралын хэв маягтай холбоотой байх.  Таны амьдралдаа баримталдаг хэвшил, дүрэм  юу вэ?

-Зөв байна гэдэг  өөрөө их том ойлголт. Би аливаа хүний  үг, үйлдэл бүр нь зөв байх ёстой гэж боддог. Тэр утгаараа өглөөний цай уухаас эхлээд,  өдрийн ажил, үдийн хоол, орой унтаж амрах цагаа хүртэл зөв зохицуулахыг хичээдэг. Урлагийнхан бид  зав муутай ч амрах,  ажиллах цагаа зөв тооцоолох хэрэгтэй.

-Одоо таныг хоббиг сонирхъё?

-Би хөдөө аялах дуртай. Мөн загасчлах хоббитой. Спортын нэвтрүүлэг их үздэг. Ялангуяа хөл бөмбөгт “нугасгүй”. Алдарт “Барселона”-гийн үнэнч фен. Багадаа спортын төрлөөр хичээллэдэг байсан. Тэр дундаа хөл бөмбөгөөр их хичээллэдэг байлаа.

- Эртний зоос, энгэрийн тэмдэг гээд элдэв зүйлс цуглуулдаг уу?

-Би CD цуглуулдаг. Надад гадаад, дотоодын олон сайхан уран бүтээлчдийн  цомог бий. Тэр дундаа Монголынхоо урлагийн ертөнцөд уран бүтээлээ туурвиж буй хамтлаг, дуучдын CD-г илүүтэй цуглуулдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин