152 жилийн тэртээ 1853 оны аравдугаар сарын 26-нд Лондон хотын Куинс стрит гудамжны нэгэн кафед хөлбөмбөгийн 11 багийн төлөөлөгчид уулзаж Английн хөлбөмбөгийн холбоог байгуулсан бөгөөд чухам энэ өдрийг дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй энэ спортын төрсөн өдөр гэж үздэг байна. Кафед цугларагсад 13 зүйл бүхий хөлбөмбөгийн анхны дүрмийг боловсруулжээ. Тэр үед газар шаасан хоёр өндөр гадсыг хаалга гэж үздэг байсан аж. Хөндлөвчийг гурван жилийн дараагаар л тогтоож эхэлжээ. Хачирхалтай нь хаалгач бөмбөгт гараар хүрэхийг хориглодог байсан гэнэ. 1963 онд энэ үйл явдлын 100 жилийн ойд зориулан Англи болон дэлхийн шигшээ багуудын тоглолтыг анх зохион байгуулсан билээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон бусад үйл явдлаас дор толилуулав.
1480 Алтан ордын хаан Ахмад Ока болон Угра мөрний нөгөө талд хориглолт хийсэн Оросын тэрс вангуудын цэрэгтэй тулалдахаар их цэргийнхээ хамт иржээ. Оросын цэргийн жанжин гуравдугаар Иван туслахууддаа Кременец хот руу ухрах тушаал өгөхөд оросууд их ордын цэрэг мөрнийг гаталсан гэж бодон тал тал тийшээ бутран зугтсан гэдэг. Гэвч цэргийн тоогоор үлэмж дутуу байсан Алтан ордын цэрэг дайснаа довтлолгүй арваннэгдүгээр сарын 11-нд гэдрэг буцсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэжээ.
1911 Хятадад Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж бүгд найрамдах улс зарлан тунхагласан байна.
1947 АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий, Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан улстөрч эмэгтэй Хиллари Клинтон төржээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хамгийн их магадлалтай хүн гэж үзэж байгаа юм.
1957 ЗХУ-д Батлан хамгаалахын сайд Г.Жуковыг албан тушаалаас нь огцруулжээ. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг дарахад голлох үүрэг гүйцэтгэсэн маршал түүнийг төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч дарангуйлал тогтоохоор завдсан хэрэгт буруутгасан билээ.
1962 ЗХУ-ын удирдагч Н.Хрущев АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннедитэй утсаар ярилцан Куба руу пуужин тээвэрлэж байсан Улаан армийн байлдааны хөлөг онгоцуудаа татахаар тохиролцжээ. Ингэснээр, хүн төрөлхтнийг тэр чигт нь устгах аюултай цөмийн дайн дэгдэх хамгийн бодит аюулаас сэрэмжилж чадсан түүхтэй.
1984 АНУ-ын кинотеатруудад адал явдалт “Терминатор” кино гарч эхэлжээ. Энэ кино залуу найруулагч Жеймс Камерон болон гол дүрд тоглосон Арнольд Шварценеггер нарыг дэлхий даяар алдаршуулан Холливудын од болгосон юм.
2002 Москвад алан хядагчид 700 гаруй хүнийг барьцаалж байсан “Норд-Ост” театрын төвийг ОХУ-ын тусгай албаныхан довтлон эзэлжээ. Довтолгооны үеэр 37 алан хядагчийг устгасан ч барьцаанд байсан 67 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин