Б.ТҮШИГ
1962 оны аравдугаар сарын 19-нд АНУ-ын Алабама мужийн Этмор хотод мэргэжлийн боксын хүнд жингийн цорын ганц дөрвөн удаагийн дэлхийн аварга Эвандер Холифилд төржээ. Түүнээс өөр боксчин хоёр өөр жинд дэлхийн үнэмлэхүй аварга болж байгаагүй юм. Эвандер Холифилд “Төмөр” хочит домогт Майк Тайсоныг зогсоож чадсанаараа алдаршсан нэгэн. 1996 онд хоёр боксчны тулааны өмнө 100 хүний тав нь л Эвандер Холифилдыг хожно гэж мөрий тавьсан ч тэрээр Майк Тайсоныг буулган авч чадсан юм. 1997 онд болсон даагаа нэхэх тулаанд Майк Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг шүдээрээ хазан дуулиан тарьж дахин хожигдсон нь өнөөг хүртэл бокс сонирхогчдын дурсан ярьдаг гол сэдвийн нэг. Эвандер Холифилд 53 нас хүрч байгаа ч өнөөг хүртэл зодог тайлалгүй рингэнд гарсаар байгаа юм.
1453 Францын эзэн хаан VII Карлын цэргүүд Бордо хотыг чөлөөлснөөр Франц, Английн хоорондын зуун жилийн дайн төгсгөл болжээ.
1781 Америкууд Йорктаун хотоос Английн армийг үлдэн хөөснөөр АНУ-ын тусгаар тогтнолын төлөө дайн өндөрлөжээ.
1872 Австралид дэлхийн хамгийн том, 214 кг жинтэй шижир алт олджээ.
1933 Нацистын Герман Үндэстнүүдийн лигээс албан ёсоор гарч төлөөлөгчид нь тус байгууллагын зэвсэг хураах бага хурлыг орхив.
1950 Солонгосын хойгийн дайны үеэр АНУ тэргүүтэй НҮБ-ын зэвсэгт хүчин Пхеньян хотыг эзлэн авчээ. Үүнээс ердөө гуравхан сарын өмнө Хойд Солонгос Өмнөд Солонгосыг үнэмлэхүй ялах төлөвтэй байсан гэдэг.
1962 Украины салан тусгаарлагч Лев Ребет, Степан Бандера нарыг хороосон ЗХУ-ын КГБ-ын офицер Б.Сташинскийд ХБНГУ-ын шүүх цөөн жилийн хорих ял оноожээ. Сайн дураараа баригдсан тэрээр хожим ХБНГУ-аас улс төрийн орогнол авсан юм. Гэмт хэргийн бүх бурууг түүн дээр бус, ЗХУ-ын КГБ-д оноосон байдаг.
1987 Дэлхийн бүх хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ 508 пунктээр унаж санхүүгийн хямрал нүүрлэснийг “Хар даваа гариг” хэмээн нэрийджээ. “Хар даваа гариг”-ийг дэлхий даяар нөлөөлсөн хамгийн хүнд үр дагавартай санхүүгийн хямрал гэж үздэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин